Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани Intel процессороос татгалзахаар бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Apple компани Mac компьютерууддаа ашигладаг Intel процессороос татгалзах гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан юм.

Блүүмбергийн мэдээлснээр тэд 2020 он гэхэд Intel процессорыг өөрийн зохион бүтээсэн процессороор солих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Энэ хоёр компани 2006 онд iMac, MacBook Pro компьютеруудын төв процессорыг Intel-ийнхээр сольсноос хойш амжилттай хамтран ажиллаж байгаа.

Гэвч сүүлийн жилүүдэд Apple-ийн хөгжлийн хурдыг Intel гүйцэхээ больсон нь нууц биш. Apple мобайл төхөөрөмжүүддээ өөрийн бүтээсэн процессорыг ашиглаж байгаа нь тун амжилттай байна.

Харин Intel-ийн бүтээгдэхүүнүүд өнгөрсөн хугацаанд дорвитой ахиж чадаагүй юм. Бүх зүйл мобайлаас эхэлдэг болж байгаа өнөө үед тэд хэвшил болсон “Intel powered” компьютеруудтайгаа зууралдсаар байгаа.

Хэрвээ Apple үйлдвэрлэдэг бүх төхөөрөмжиндөө өөрийн процессорыг ашиглаж эхэлбэл энэ нь том давуу тал болно. Тухайлбал гар утаснаас эхлээд ширээний компьютер хүртэл бүх төхөөрөмж хоорондоо яв цав нийцэж (integrated) ажилладаг болно. Ингэх нь тэдэнд өрсөлдөөний том давуу талыг бий болгох юм.

Apple өмнө нь iPhone-ий процессорыг өөрийнхөөрөө сольж, Qualcomm-оос татгалзсан. Өнгөрсөн оноос эхлэн тэд график процессорыг мөн өөрөө бүтээж эхэлжээ.

Хэрвээ компьютерын процессорыг өөрсдөө хийж эхэлбэл эрчим хүч бага хэрэглэдэг (гар утас шиг зайгаа удаан хэрэглэдэг) MacBook, магадгүй iOS системтэй компьютер бий болох магадлалтай гэж мэргэжилтнүүд мэдээлж байна.

 

Эх сурвалж: The Verge