Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хүнсний бараанд Хятад улс импортын татвар оноож эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын явуулж буй гадаад худалдааны хатуу бодлогын хариу болгож Хятад улс өнөөдрөөс тус улсын $3 тэрбумын дүнтэй хүнсний импортод 25 хүртэл хувийн татвар оноож эхэллээ.

Ингэснээр дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд худалдааны дайн дэгдэх магадлал улам нэмэгдэж байна. Хятадын худалдааны яамны мэдэгдэлд АНУ-аас импортлодог 120 нэр төрлийн бараанд татвар оноож байгааг мэдэгдсэн байна.

Тухайлбал хатаасан жимс, алмонд самар, пистачио, дарс зэрэг бүтээгдэхүүнд 15 хувийн татвар оноож байгаа бол хөлдөөсөн гахайн мах зэрэг найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноожээ.

Импортын шинэ татвар өнөөдөр буюу Даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Хоёр долоо хоногийн өмнө Вашингтон ган, хөнгөн цагаанд импортын татвар оноож эхэлсэн юм. Дональд Трамп бас жил бүр Хятадын $60 тэрбумын импортын бараанд 25 хувийн татвар оногдуулахаа амлаад байгаа.

Худалдааны яамны мэдэгдэлд энэ удаагийн арга хэмжээ АНУ-ын хамгийн том импортод, тухайлбал шар буурцагны бүтээгдэхүүнд нөлөөлөөгүй гэжээ. Энэ нь Бээжингийн эрх баригчид шууд худалдааны дайн эхлүүлэхээс зайлсхийж байгаагийн шинж бололтой.

Үүний хажуугаар Хятад-АНУ улсууд яриа хэлэлцээрийн замаар тохиролцож болохыг уг мэдэгдэлд сануулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian