Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бясман: Оюутолгойн гэрээг байгуулахдаа бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэж шалгаж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан дөрвөн хүнийг Авлигатай Тэмцэх Газраас баривчилж, улмаар яллагдагчаар татах саналаа Прокурорт ирүүлээд байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман мэдээллээ. 

Тэрбээр "Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татаж хойшлуулашгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан. 

Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах хүсэлтийг АТГ-аас манайд ирүүлээд байна. 

Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан "Стандарт банк"-наас "Жаст" компани зээл авсан гэх хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг сэжигтнээр баривчилсан байгаа.

Тухайн хүнийг үргэлжлүүлэн яллагдагчаар татах санал ирээд байна. Одоогоор прокурор хэргийн материалтай танилцаж байна" гэлээ.