Мэргэжлийн Хяналтын Байгууллагаас 2018 онд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийхээр зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллгаа явуулж буй эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ талаараа өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
Шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирээд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө ганзагаар авч оруулж ирж, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн тухай НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.
Тэрбээр
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21,300,000 төгрөгийн торгууль ногдуулж, 750,000 төгрөгийн хууль бус орлого, 5,100,000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, 5 эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Нийт 2 байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох тухай саналыг ХУД-ын прокурорын газарт хүргүүлэн, Ноён Оргилын хишиг ХХК-д холбогдох хэрэгт үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоох, эд зүйл баримт бичиг хураах, устгах зэрэг албадлагын арга хэмжээ авч ажиллажээ.
Анжи лазер, Renew, Aesthetic clinic, Мезомед эмнэлгүүдийн холбогдогчдод эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.
Цаашид гоо сайхны чиглэлээр эмнэлгийн тусламж уйлчилгээ үзүүлдэг Аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулахад :
Аялал зуучлалын визээр орж ирсэн гадаадын эмч мэргэжилтэнгүүдийг урьж ажиллуулах эмнэлгүүд нь гадаадын эмч, мэргэжилтнүүдийг ажиллуулахдаа эмчлэх эрхийн зөвшөөрлийг зохих журмын дагуу авч авах,
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, үйлдвэрлэгчийн заасан хадгалалт, тээвэрлэлтийн дэглэмийг баримталж чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг /ботокс, ихэсийн тариа / эмчилгээнд хэрэглэх.
Иргэд үйлчлүүлэгчдэд анхааруулахад:
Үйлчлүүлэгчид эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэх.
Нийслэлд тусгай зөвшөөрөлгүй мөртөө "Эмчилгээний гоо сайхны газар” гэсэн олон байгууллагууд ажиллаж байгаа. Иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэй гэж НМХГ хэллээ.
Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт эм бэлдмэл гэж сурталчилж төөрөгдүүлж байгааг сэрэмжлүүллээ. Тухайлбал Alivemax хэмээх энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ажээ.
Үүнээс гадна Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл авахгүй байхыг анхааруулсан юм.