Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дамба: Экспортын нүүрснийхээ ядаж 60-70 хувийг төмөр замаар тээвэрлэх шаардлагатай

Д.Мягмардорж
2018 оны 3 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбатай ярилцлаа.

-Нүүрсний ханш дэлхийн зах зээлд өндөр байгаа учир эдийн засагт шууд тусгалаа өгч эхэллээ. Төр болон хувийн хэвшлийн компаниудын зүгээс өндөр өгөөж хүртэхийн төлөө олборлолтоо нэмэгдүүлж, аль болох олон ачааны машинаар тээвэрлэлт хийхийг зорьж байна. Ер нь дэлхийн зах зээл дээрх ханшийн эерэг үзүүлэлт, нүүрсний өндөр эрэлт хэдий хугацаанд хадгалагдах төлөв ажиглагдаж байгаа вэ?

-БНХАУ-ын төрөөс байгаль экологийн асуудлыг өндөрт тавьж, нүүрсний жижиг уурхайнуудаа хаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан нүүрсний хэрэглээ үүссэн. Тэр орон зайг нөхөх алтан боломж бидэнд тохиогоод байна. Энэ боломжийг л ашиглах ёстой. Өнгөрсөн хугацаанд иймэрхүү боломжийг ашиглалгүй алдаж байсан. Дэлхийн зах зээл дээр алтны ханш дээд цэгтээ хүрсэн үед манай алтны олборлолт доод цэгтээ хүртэл унаж байлаа. Дэлхийн жишгээс гажсан ийм зөрүүтэй бодлого хэрэгжүүлж болохгүй шүү дээ.

2011 онд Австралид нүүрсний уурхай үерт автахад, нүүрсний ханш дээд цэгтээ тулж байсан. Харин манайхан ашиг оллоо гээд өнгөрсөн. БНХАУ-ын дотоодын аж үйлдвэрийн бодлого, бүтэц өөрчлөгдөж байгаа үе тохиож байна. Магадгүй энэ байдал удахгүй өөрчлөгдөж болно. Мөн манай улсын хойно нүүрсний асар их нөөцтэй, бидний том өрсөлдөгч байна. Бидний давуу байдал бол газар зүйн онцлог. Өмнөд хилийн цаана дэлхийн хамгийн том хэрэглэгч улсын гангийн үйлдвэрлэл, нүүрс баяжуулах үйлдвэрүүд байна.

Тэгэхээр хойд хэдээс илүү хямд зардлаар нүүрсээ борлуулах боломж бололцоо манайд байна гэсэн үг. Хэдэн жилийн өмнө манай хоёр улсын БНХАУ руу экспортолсон нүүрсний хэмжээ тэмээ ямаа зөрүүтэй байлаа. Манайх хол тасархай илүү байсан. Гэтэл одоо бараг оросууд илүү гараад байгаа юм биш үү. Энэ мэтээр байр сууриа алдах эрсдэл зөндөө бий.

-Нүүрсний ханш өндөр байгаа нь алтан боломж, нөгөө талаараа нүүрсний зах зээлд өрсөлдөөн өрнөж байна. Бид ямар арга хэмжээ авснаар хожих боломжтой вэ?

-Төр засгийн зүгээс тавьдаг гох дэгээгээ багасгаж, компаниуд нүүрсний ханш сайн байгааг ашиглаад олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай. Нүүрсний овор ихтэй ачаа учраас хамгийн гол нь тээврийн өртгөө бууруулах асуудал хүндрэлтэй хэвээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд олон жил ярьсан төмөр замаа хурдан тавих хэрэгтэй. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэхийн хэрээр өөрийн өртөг буурч, ашиг орлого өснө. Авто тээврийн экспорт хийх нь аль аль талынхаа ашгийг бууруулах хүчин зүйлс болж байна.

Нэгдүгээрт, компаниас гарч буй зардлыг нэмэгдүүлж байгаа. Хоёрдугаарт, байгаль орчныг сүйдэлж байна Түүнчлэн хил дээр олон км дараалал үүсэж, сөрөг нөлөөлөл их гарах болсон. Экспортод гаргаж буй нүүрснийхээ ядаж 60-70 хувийг төмөр замаар гаргадаг болчихвол, компаниудын ашиг өсөж, цаашлаад улс орны эдийн засагт тустай юм даа.

-Манай Улсын нүүрсний экспортын гол гарц бол Гашуун сухайтын боомт. Тиймээс экспортын орлого нэмэгдүүлье гэвэл Тавантолгойн төмөр замыг зайлшгүй тавих шаардлагатай талаар олон удаа байр сууриа илэрхийлж ирсэн хүмүүсийн нэг нь Та. Өмнө нь яагаад төмөр замаа тавьж чадаагүй вэ гэдэг асуултыг одоо ч асуусан хэвээр байна?

-Тавантолгойн төмөр замын ажлыг баахан шороо асгаж эхлүүлсэн, Одоо тэр үндсэн бүтцийг нь ашиглах л байх. Гэхдээ хил дээрээ Хятадын төмөр замаас тэс хөндлөн зөрсөн Гашуун сухайтын замд хүндрэлтэй асуудал байгаа. Хятадын төмөр замаас бараг 7-8 км зөрсөн. Үүнийг засч, залруулах байх. Улмаар одоогийн явж буй авто тээврийн замд саад тотгор болохгүйгээр төмөр замын ажлаа явуулах гэх мэт ярвигтай асуудлуудыг бодолцох ёстой.

-Нүүрснээс олох орлогоо өсгөх бас нэг гарц нь угааж, баяжуулах үйлдвэр байгуулах асуудал. Энэ талын боломж бололцоо хэр байгаа вэ?

-Одоогийн байдлаар “Энержи ресурс” компаниас бусад нь түүхий нүүрс экспортолж байна. Тиймээс угааж, баяжуулах асуудал яригдана. Хятадуудын хувьд биднээс арай түрүүлж сэтгэдэг гэх юм уу, эсвэл төр засгийнх нь бодлого нэг алхмын урд байгаа учраас урд хилийн ойролцоо маш олон нүүрс угаах үйлдвэр барьчихсан.

Тэдгээр үйлдвэр манай нүүрсийг угааж, баяжуулаад өртөг нэмж байгаа. Ийм нөхцөлд худалдан авагч тал маань нүүрсийг түүхийгээр нь авах ч шаардлага тавьж мэдэх юм.

-Салбартаа хамгийн том экспортлогч болох төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани гэхэд л өнгөрсөн онд 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнийг дагаад олсон орлогоо зөв зохистой зарцуулах асуудал хөндөгдөж байгаа. Тээврээ хөнгөвчлөх, эсвэл үйлдвэрлэлийн технологио шинэчлэх гэх мэт бүтээгдэхүүндээ өртөг шингээх гарц гаргалгаа хэлэх хүн бий. Одоогийн нөхцөлд ийм боломж бий юү?

-Төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулахын тулд хувьцаат компани болгох шаардлага байгаа юм. Ард түмэнд эзэмшүүлчихсэн олон арван хувьцаа байдаг. Түүнийг амь оруулах хэрэгтэй байна. Хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг компанийн санхүү, үйл ажиллагаанд хяналт тавьдаг болгох зэрэг олон тулгамдсан асуудал байгаа. Одоогийн нөхцөлөөр төрийн өмчит компани ашигтай ажиллаад үр өгөөжөө өгөх магадлал бага л даа.

Улстөрчдийн шахаа ашгийг ашиг биш болгодог. Тавантолгойн талаар судлаачдын хэлж буйгаар сорчилж олборлох асуудал тулгамдаад байгаа юм билээ. Илч өндөр, сайн чанартай нүүрсийг нь олборлоод, тааруухан хэсгийг нь орхигдуулж байгаа гэсэн. Тавантолгойн ордын бараг тал хувь нь коксжихгүй нүүрс (эрчим хүчний нүүрс). Тиймээс эрчим хүчний нүүрсээ яаж эдийн засагт ашигтайгаар ашиглах вэ гэдэг асуудлыг одооноос ярих хэрэгтэй.

-Урд хөршийн зүгээс эрчим хүчний нүүрс худалдаж авах уу?

-Бараг л авахгүй дээ. Авсан ч тээврийн зардлаа нөхөхтэй үгүйтэй маш хямд үнээр авах байх. Тэгэхээр зайлшгүй Тавантолгойн цахилгаан станцын асуудал гарч ирж байгаа юм. Тавантолгойн цахилгаан станц заавал төрийн өмчит байх шаардлагагүй. Хувийн хэвшлээр бариулаад, нүүрсний уурхайнууд болон Оюутолгой гэж маш том хэрэглэгчийг татаж болно. Коксжих нүүрсээ урагшаа гарахаас гадна энэ мэт бизнесийн олон боломж байна.

Гол нь хувийн хэвшлийн оролцоог чөлөөлж өгөх нь асуудалтай. Засгийн газраас гаргасан зөв зүйтэй шийдвэрээ хурдан хэрэгжүүлмээр байна. Цаг алдаад байвал, мөнгө  л урсаад байна гэсэн үг. Нүүрсийг сорчлон олборлуулахгүйн тулд Тавантолгойн цахилгаан станц ажлыг яаралтай ажил хэрэг болгох шаардлага байна.

-Хувийн хэвшлийг нээлттэй оруулах гэхээр гацаачихдаг шүү дээ. “Тавантолгой” төслийг цогцоор нь шийдэх олон улсын хамтарсан консорциум оруулах гээд бараг бүгд бүтэлгүйтсэн. Энэ хаврын тухайд ч Тавантолгойд хөрөнгө оруулагч оруулах талаар хэлэлцэх хүлээлттэй байна. Ер нь олон улсын хамтарсан консорциум оруулахгүй байгаа шалтгаан нь юу вэ, бас оруулах шалтгааныг мэргэжлийн хүний хувьд юу гэж хардаг вэ?

-Хөрөнгө оруулагчаар олон улсын консорциум оруулах нь зөв. Нүүрсээ ухаж болно, ухаад борлуулах гэж асуудал байна шүү дээ. Ялангуяа Хятадын талаас оролцсон тохиолдолд нүүрсний борлуулалтыг гэрээний хугацаандаа бүрэн шийдэх боломжтой. Нөгөө талаар төмөр зам тэргүүтэй бүтээн байгуулалт хийхэд хөрөнгө мөнгөний хэрэгцээ бий. Тиймээс гаднын хөрөнгө оруулалт татах боломж нь олон улсын консорциум оруулах асуудал. Олон улсын хамтарсан хөрөнгө оруулагч оруулахад нарийн гэрээ хэлэлцээ хийнэ.

Төмөр зам бариулсан бол тухайн консорциумд хэдэн жил эзэмшүүлээд төр мэдэлдээ авч болно. Тавантолгой тав аравхан жилийн настай төсөл биш. Миний ойлгож буйгаар 100 жилийн настай. Хөрөнгө оруулагчид бидний мэдлийн хугацаа дууссан гээд ачаад явахгүй шүү дээ. Нэгэнт тавьчихсан төмөр зам байрандаа байж л байна. Өөрсдөө хийж чадахгүй, дээр нь мөнгөгүй байж асуудлаа том зургаар нь хармаар байгаа юм. Тавантолгой тэргүүтэй том ордод оруулах өртөг өндөр.

Одоохондоо Монголын компаниуд нийлээд ч шийдэж чадах бололцоогүй тийм хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэрэв бидэнд өөрсдөө бүгдийг нь хийх чадамж байгаа бол тэр нь гадаад компани оруулснаас илүү ашигтай байлгүй яах вэ.

-Тавантолгойн нүүрс БНХАУ-ын худалдан авагчид очихдоо дамын компаниудаар дамждаг гэх юм билээ. Ийм боломж байдаг уу?

-Хятадад бүхэл бүтэн нүүрс зуучилж борлуулдаг компаниудын ассоциаци, холбоо бий. Мундаг зохион байгуулалтад орсон.

-Нүүрсээ гуравдагч оронд худалдах асуудал яригддаг. БНХАУ-ын Тяньжин, ОХУ Восточный гэх мэт боомтуудыг нэрлэх юм. Аль нь хамгийн ойр бөгөөд боломжтой гарц вэ?

-Ийм боломж бий. БНХАУ-ын нутгаар буюу Тяньжиний боомтоор гуравдагч оронд хүргэх нь хамгийн дөт. Тяньжиний боомт хүрэхэд 1,000 км гэж бодъё. Тэгвэл ОХУ-аар дамжуулах тээвэр 3,000-4,000 км болно. Гэхдээ Япон, Солонгос мэтийн өндөр хөгжилтэй орнууд урд хөршүүд шиг боловсруулаагүй түүхий нүүрс авахгүй. Тээврийн зардал өндөр учраас өндөр чанарын баяжуулсан нүүрс авахыг эрмэлздэг. Тэгэхээр гуравдагч оронд нүүрсээ гаргах боломж бололцоог нээж өгөх эхний алхам нь боловсруулах үйлдвэр байгуулах асуудал юм.

-БНХАУ-ын хувьд манайхаас түүхий нүүрс авч, угаан баяжуулаад гуравдагч орон руу гаргах сонирхол өндөр байх нь гарцаагүй юм байна?

-Ийм асуудал байхыг үгүйсгэхгүй. Тус улсын дотоод асуудал шүү дээ. Гэхдээ ганц модны цаана байгаа нүүрс угааж, баяжуулах үйлдвэрүүд сайн цагийг хүлээж байгаа гэмээр сул зогсож байдаг юм билээ.

Зураг