Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн парламентийн сонгуульд анти-Европ үзэлтнүүд ялж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
"Таван Од" хөдөлгөөнийг үүсгэгч Беппэ Грилло, одоогийн дарга Луйжи Ди Маио нар

Ням гарагт эхэлсэн Италийн парламентийн сонгуульд “Таван Од” (The Five Star movement) хөдөлгөөнийхөн хамгийн их санал авах нь урьдчилсан дүнгээр тодорхой болжээ.

Тэд бол Итали улс Европын Холбооны гишүүн байхыг эсэргүүцэгч, уламжлалт улс төрийн тогтолцоог үгүйсгэгч хүчин юм. “Таван Од” хөдөлгөөнийхөн одоогоор 30.5 хувийн санал аваад байна.

Мөн тэдэнтэй нэг эвсэлд тооцогддог, цагаачлалыг эсэргүүцэгч, экс ерөнхий сайд Силвио Берлусконигийн Форза Италиа нам, Лега нам тус тус 14.5 хувийн саналтай явна.

Харин одоогийн эрх баригч, Европын Холбооны талыг баримтлагч, социал демократууд 22 хувийн саналтай хоёрдугаарт явж байгаа юм.

Сонгуулийн албан ёсны үр дүн Даваа гарагт гарна. Сонгуулийн ирц дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн бага түвшинд байгааг мэдээлжээ.

“Таван Од” хөдөлгөөн 2009 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн нэр хүнд нь эрчимтэй өсөж байгаа. Европ даяар бий болсон цагаачлалын урсгал тэднийг тодрон гарахад чухал нөлөө үзүүлсэн юм. Тус намын дарга, их сургуулиа дундаас нь орхисон гэгддэг 31 настай Луйжи Ди Маио Италийн улс төрийн шинэ од болон мэндэлж байна.

Мөн энэ сонгуулиар ерөнхий сайд асан, 81 настай Силвио Берлускони дахин Италийн улс төрд орж ирж байгаа юм. Тэрээр ерөнхий сайд байхдаа татвараас зугтсан хэрэгт буруутгагдаж, хэсэг хугацаанд улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулж байв.

Европ бүсийн гурав дахь том эдийн засагтай орон гэгддэг Итали улс өрийн хямралаасаа гарсан ч эдийн засаг нь бүрэн сэргээгүй, ажилгүйдлийн түвшин өндөртэй байна. Мөн Африк тивээс ирэх дүрвэгчдийн Европ тив рүү нэвтрэх гол гарц болж байгаа нь тус улсын эдийн засаг, нийгмийн амьдралд хүнд ачаа болж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today