Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутан цэрэг"-ийн бүртгэл МАРГААШ эхэлнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Цэргийн штабаас "Оюутан цэрэг"-ийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/798399707012266/

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар "Оюутан цэрэг” сургалт 2014-2016 онд амжилттай хэрэгжсэн.

2016 оноос "Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль"-д цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг’ сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болсноор тав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо.

"Оюутан цэрэг“ цэргийн мэргэжил олгох сургалт нь Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болж, оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.

Уг сургалт нь оюутан залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа ач холбогдолтой юм. 

"Оюутан цэрэг" сургалт 3 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэнэ.

Уг  цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их дээд сургуулийн сургалтын алба сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн Цэргийн штаб 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулж эрүүл мэндийн үзлэгт хамруулна. 

"Оюутан цэрэг" сургалт нийслэлээс гадна 13 аймагт зохион байгуулагдаж байгаа" гэлээ.

Бүртгүүлэх оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт “Оюутан-цэрэг' сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
  7.  Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх

Бүртгэл явагдах газар:

  • Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө
  • Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 'Иргэний танхим*-д
  • Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 'Иргэний танхим'-Д
  • Хан-Уул дүүрэг- Дүүргийн ‘Соёлын ордон’-д
  • Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө

Энэ жилийн "Оюутан цэрэг" сургалтад 1,000 гаруй оюутан хамрагдана

 
Гэрэл зургийг mpa.mn

"Оюутан цэрэг" сургалтын ерөнхий зохицуулагч бэлтгэл хурандаа Г.Мягмаржав ""Оюутан цэрэг" сургалтад хамрагдах оюутнуудын голч оноо 2.8-аас дээш байх ёстой.  6 сарын 15-8 сарын 15 хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдана. Мэргэжлийн бэлтгэлийн үеэр 11 төрлийн цэргийн нарийн мэргэжил эзэмшинэ. Энэ хугацаанд хоёр кредитийн төлбөр төлнө.

 Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтээ сургуулийнхаа сургалтын албаар дамжуулж гаргана.

Өнгөрсөн хугацаанд 4,000 гаруй оюутанд цэргийн эрдэмд суралцах боломжийг олгосон байна. Энэ жилийн "Оюутан цэрэг" сургалтад 1,000 гаруй оюутан хамрагдана" гэлээ.