Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Mercedes-Benz-ийн хамгийн том хувь эзэмшигч нь Хятадын компани болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын автомашин үйлдвэрлэгч Geely компани Mercedes-Benz-ийг эзэмшигч Даймлер компанийн хамгийн том хувь эзэмшигч болох гэж байна.

Тус компанийн мэдэгдэл өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсны дараа өнөөдөр Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ нь 10 хувь өссөн байна. Geely одоогийн байдлаар Шведийн Volvo болон Британий алдарт хар таксиг үйлдвэрлэгч London Taxi компаниудыг бүрэн эзэмшиж байгаа юм.

Өнөөдөр буюу Даваа гарагт Geely компанийн ерөнхийлөгч Ли Шуфу Даймлерын захирлуудтай уулзаж, долоо хоногийн сүүлээр Германы засгийн газрын төлөөлөгчидтэй уулзахаар болжээ.

Тус компани одоогоор Даймлерын 9.7 хувийг эзэмшдэг. Олон хүмүүс Хятадын компанийг Германы автомашин үйлдвэрлэгчийн технологи, инновацийн нууцад нэвтрэх нь гэж болгоомжилж байгаа.

Гэвч нөгөө талаар Хятад улс автомашин үйлдвэрлэгчдийн хамгийн чухал зах зээлд тооцогдож байгаа тул наймаа амжилттай болох магадлалтай байна.

Өнгөрсөн долоо хоногт Германы өөр нэг үйлдвэрлэгч BMW компани Great Wall Motor компанитай хамтран Хятад улсын зах зээлд зориулсан цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэр байгуулах болсноо зарласан юм.

Хятадын засгийн газар 2025 онд тус улсад зарагдаж байгаа бүх автомашины 20 хувь нь бүрэн цахилгаан, эсвэл гибрид хөдөлгүүртэй байна гэсэн зорилт тавиад байгаа. Энэ бодлого дэлхийн олон автомашин үйлдвэрлэгчийг Хятадын зах зээлийн төлөө уралдаанд оруулаад байна.

 

Эх сурвалж: BBC