Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос АНУ-тай хэлэлцээр хийх хүсэлтэйгээ илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Иванка Трамп, Ким Ён Чол нар хаалтын ёслол дээр

Өчигдөр буюу Ням гарагт Хойд Солонгосын дээд хэмжээний төлөөлөгчид Пёнчаны Өвлийн Олимпийн хаалтын ажиллагаанд оролцохоор Өмнөд Солонгост ирсэн юм.

Тэд хаалтын ажиллагаа эхлэхээс өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй нэг цаг орчим хугацаанд уулзсан байна. Уулзалтын дараа Хөх ордны захиргаа “Хойд Солонгосын тал АНУ-тай яриа хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ” гэж мэдэгдсэн юм.

Мөн хоёр Солонгосын хэлэлцээр болон Хойд Солонгос-АНУ-ын хэлэлцээр зэрэг явах боломжтойг тэд хүлээн зөвшөөрсөн гэжээ. Гэхдээ Өмнөд Солонгосын дээрх мэдэгдлийг гарахаас хэдхэн цагийн өмнө Хойд Солонгос тус улсын эсрэг АНУ-ын шинээр зарласан хориг арга хэмжээг “дайн өдөөсөн хэрэг” гэж мэдэгдээд байв.

Тэгвэл Хойд Солонгосын хэлэлцээр хийхэд бэлэн байгаа тухай мэдээг хүлээж авсан АНУ-ын тал “Пёньянтай хийх ямар ч яриа хэлэлцээрийн эцсийн зорилго нь цөмийн зэвсгээс ангижрах байх ёстой” гэж мэдэгджээ.

“Пёньяны өгсөн энэ мессэж тэдний цөмийн зэвсгээс татгалзах эхний алхам мөн эсэхийг бид нягтлах хэрэгтэй” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын найман хүнтэй төлөөлөгчдийг генерал Ким Ён Чол ахалж байгаа. Мөн тэдний дотор Хойд Америкийн асуудал хариуцсан дипломатч Ким Чой Кан Ил ирсэн байна.

Харин АНУ-ын төлөөлөгчдийн дотор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Солонгосын хэрэг хариуцсан мэргэжилтэн Алисон Хукер багтаж байгаа юм. Энэ хоёр хүн 2014 онд Америкийн хоёр иргэнийг суллуулахаар Хойд Солонгост уулзаж байжээ.

Тиймээс энэ удаа тэднийг дахин уулзаж магадгүй гэсэн хүлээлт байна. Олимпийн хаалтын ажиллагаанд оролцсон АНУ-ын төлөөлөгчид өнөөдөр нутаг буцах бол Хойд Солонгосын төлөөлөгчид маргааш буцах ажээ.

Олимпийн нээлтэд оролцсон АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон нарыг уулзуулах гэсэн Сөүлийн эрх баригчдын оролдлого амжилтгүй болсон нь өнгөрсөн долоо хоногт ил болсон юм.

 

Эх сурвалж: BBC