Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Уран сэтгэмжийн чадвараар хүмүүс Неандертальчуудаас илүү байсан нь дэлхийд үлдэх шалтгаан болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтөн устаж алга бололгүйгээр өнөөдрийг хүртэл хувьсан хөгжиж ирсэн шалтгаануудын дотор урлаг төдийлөн яригдахгүй байх.

Гэвч олон мянганы өмнө зэрэгцэн амьдарч байсан ч устаж үгүй болсон Неандертальчуудаас бид уран сэтгэмжийн чадвараараа илүүрхэж байсан тул үлдсэн гэж нэгэн судлаач таамаглажээ.

“Evolutionary Studies in Imaginative Culture” сэтгүүлд нийтлэгдсэн Калифорни-Дэвисийн их сургуулийн сэтгэл зүйч Ричард Коссын судалгааны тайланд энэ тухай өгүүлсэн байна.

Түүний баталж байгаагаар хүмүүс алс зайнаас жад шидэж, ан амьтныг авладаг байсан нь түүний тархины төсөөлөх, дүрслэн бодох чадварыг хөгжүүлжээ. Жадны нисэх зам, гарын хөдөлгөөн, техник зэргийг дотроо дүрслэн бодож, тооцдог болсноор уран сэтгэмж нь илүү хөгжсөн байна.

Улмаар энэ чадвар нь хөгжсөнөөр хүмүүс хад чулуун дээр ой дурсамжаа дүрслэн буулгах чадвартай болжээ.

Харин тэдэнтэй нэгэн үе зэрэгцэн амьдарч байсан Неандертальчуудын хад чулуунд үлдээсэн сүг зураг үлдээгүй байдаг. Косс энэ талаар “Неандертальчууд тархиндаа өмнө нь үзсэн амьтнаа сэргээн бодож чаддаг байсан ч гарын хөдөлгөөний техник нь хөгжөөгүйн улмаас дүрслэн буулгаж чаддаггүй байсан бололтой” хэмээн тайлбарлажээ.

Мөн тэд амьтан агнахдаа жад хэрэглэдэг байсан ч зайнаас шидэлгүйгээр, ойрын зайнаас довтолдог байсан гэнэ. Косс өмнөд Францын Шовет-Понт- Дарк агуйгаас олдсон 30,000 жилийн өмнө эртний хүмүүсийн зурсан хадны сүг зургаар үүнийг тайлбарлажээ. Уг зураг дээр ан хийж буй хүмүүсийн жадны чиглэл нум хэлбэрийн замаар амьтныг чиглэж байгааг дүрсэлсэн нь хүмүүс замыг тооцоолон зурж чадсаныг харуулж байгаа гэнэ.

Дүрслэн бодох арга техникийн ачаар хүмүүс илүү баталгаатай хоол хүнстэй болж, үүнтэй зэрэгцэн тархи нь улам хөгжсөн нь усталгүй үлдэх шалтгаан болсон гэсэн таамаглалыг Косс ингэж дэвшүүлжээ.

 

Эх сурвалж: Quartz