Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Британичуудын өвөг дээдэс хар арьс, цэнхэр нүдтэй байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
"Cheddar Man"-ыг сэргээн босгосон шинэ дүр төрх

Өнөөдрийн британи хүмүүсийн анхны өвөг дээдэс хар бараан арьстай, цэнхэр нүдтэй байсныг саяхны генетикийн судалгаагаар илрүүлжээ.

Британиас олдсон хамгийн эртний хүний бүрэн араг яс болох “Cheddar Man”-ыг шинжилсний үр дүнд дүрийг нь сэргээн босгосон байна.

10,000 жилийн өмнө буюу сүүлийн мөстлөгийн дараа амьдарч байсан энэ эрэгтэйн үлдэгдлийг 100 гаруй жилийн өмнө Сомерсет дэх Гоугийн агуйгаас олсон юм.

Харин орчин үеийн генетикийн шинжилгээг ашиглан анх удаа “Cheddar Man”-ы нүүр царайг тодруулсан нь энэ ажээ. Өмнө нь түүний дүр төрхийг сэргээн босгож байсан ба тэр үед түүнийг цайвар арьстай гэж дүгнэж байсан юм.

 
`Cheddar Man`-ы өмнөх дүр

Британий Үндэсний Түүхийн Музей, Коллеж Лондон их сургуулийн хамтарсан судалгааны тухай “The First Brit: Secrets of the 10,000 Year Old Man” хэмээх баримтат киног Channel 4 сувгаар үзүүлжээ.

Арьсны өнгө, нүдний өнгөнөөс гадна нүүрний хэлбэр, долгионтой хар үс зэрэг нь түүнийг өнөөгийн Британичуудаас тэс өөр байсныг харуулж байна.

“Cheddar Man” гэгдэх эртний хүн нь 20 гаруй насандаа өөд болсон, Британий аралд хүн суурьшаагүй хоосон байхад ирсэн хүмүүсийн нэг гэгдэж байгаа юм. Өнөөгийн британичууд түүний 300 дахь үе гэж үзэж болох гэнэ.

Гэхдээ түүнээс өмнө аралд хүмүүс ирж байсан ч бүр мөсөн устаж үгүй болсон гэж үздэг. Тиймээс “Cheddar Man” нь өнөөгийн хүмүүсийн тасралтгүй үргэлжилсэн цувааны анхны хүн юм.

Түүний өвөг дээдэс мөстлөгийн дараа Ойрх Дорнодоос Европт нүүдэллэж ирсэн байна. Өнөөгийн цагаан арьст Британичуудын 10 хувь нь л дээрх хүмүүсийн шууд үр удамд тооцогддог гэнэ.

Үнэндээ өнөөгийн Британичууд бүгд янз бүрийн цаг үед нүүдэллэж ирсэн цагаачид юм гэдгийг энэ судалгааны үр дүн харуулж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Independent