Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлбэл зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах боломжтой"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны 11 дүгээр сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч” агентлаг Монгол Улсын урт хугацааны гадаад болон дотоод санхүүгийн эрсдэл буюу зээлжих зэрэглэлийг “B-, тогтвортой” үнэлгээнээс “B-, эерэг” болгон дээшлүүлсэн бол “Мүүдис” агентлаг энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2016 оны сүүлээс хойш өөрчлөгдөөгүй байсан “Caa1, тогтвортой” гэсэн үнэлгээг “B3, тогтвортой” болгон “маш өндөр эрсдэлтэй” ангиллаас “өндөр эрсдэлтэй” ангилалд багтаан Монгол Улсын эрсдэлийн түвшинг бууруулжээ.

Мүүдис агентлаг Монгол улсад тулгамдаад байсан төлбөрийн чадварын дарамт буурсан, эдийн засгийн реформууд хийгдсэнээр эдийн засаг, төсвийн суурь үзүүлэлтүүд сайжирсан нь үнэлгээг дээшлүүлэх үндэслэл болсныг онцолжээ. Тухайлбал Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сард олон улсын зах зээлд харьцангуй хямд өртөгтэй Гэрэгэ бондыг амжилттай арилжиж, 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Чингис бондын 500.0 сая ам.долларын эргэн төлөлтийг хийснээр томоохон гадаад өр төлбөрийн дараагийн эргэн төлөлтийг 2021 он хүртэл хойшлуулж чадсан нь Засгийн газрын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт эерэгээр нөлөөлөв. Түүнчлэн төсвийн зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлснээс гадна дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөлттэй байсан нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлж, улмаар төсвийн алдагдал болон өрийн дарамтыг бууруулж чадсан нь үнэлгээг дээшлүүлэх үндэслэл болжээ.

Тус агентлагийн үзэж байгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 4.2 хувь, 2018 онд 3.3 хувь байх төсөөлөлтэй байна. Харин Монгол улсын нийт санхүүжилтийн хэрэгцээ 2017 онд ДНБ-ий 30.0 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ий 17.7 хувьтай тэнцэх хүртэл буурч, уг үзүүлэлт цаашдаа аажмаар буурах, урсгал дансны алдагдал 2017 онд ДНБ-ий 5.3 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ий 4.6 хувь болж буурах төсөөлөлтэй байна. Урсгал дансны алдагдал болон санхүүжилтийн хэрэгцээ буурахын зэрэгцээ ОУВС болон бусад олон улсын байгууллагууд, донор орнуудаас зээл олголт нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх төлөвтэй байгаа нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж тус агентлаг үзжээ.

Мүүдис агенлагийн үзэж байгаагаар түүхий эдийн үнэ буурсан тохиолдолд ч макро эдийн засгийн тогтвортой байдлыг ханган, бүтцийн өөрчлөлтийн бодлогыг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлсэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг цаашид ч сайжруулах боломжтой хэмээн дүгнэжээ. Түүнчлэн гадаад төлбөрийн чадавхи буюу гадаад валютын албан нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал болон өрийн дарамт дорвитой, тогтвортойгоор буурсан тохиолдолд зэрэглэлийг сайжруулах боломжтой гэдгийг онцолсон байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл ийнхүү сайжирч, богино хугацааны эрсдэл буураад байгаа боловч анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйлс байгааг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Ялангуяа экспортын голлох бүтээгдэхүүн, түүхийн эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн савалгаанаас Монгол Улс өндөр хамааралтай, эдийн засгийн төрөлжилт тааруу байгаа нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг болоод байна.

Урт хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад дээрх хамаарлыг бууруулан, эдийн засгийг төрөлжүүлэх нь эрх баригчдын хувьд зайлшгүй бөгөөд хүндхэн сорилт болоод байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд эрх баригчдын баримталсан бодлого түүхий эдийн үнийн мөчлөгийг даган, үнэ өсөх үед төсвийн зарлагаа нэмэгдүүлдэг, харин үнэ буурах үед зарлагаа танах бодлого баримталдаг нь манай улсын эдийн засаг, санхүүгийн системийн эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлсээр иржээ.

Харин богино болон дунд хугацаанд зээлжих зэрэглэлийг сайжруулахад ОУВС-гийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, эдийн засагт бүцийн өөрчлөлт, шинэчлэлийг цаг алдалгүй хийх нь чухал ач холбогдолтой болоод байна. Тухайлбал, төсвийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, төсвийн орлого бүрдүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлж, мөчлөг дагасан зарлагыг танах замаар улсын төсвийг сайжруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын бие даасан байдал, үр ашгийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн эдийн засгийн гадаад шокуудыг тэсвэрлэх чадавхийг сайжруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, түүхий эдийн үнийн өсөлтийн үед төсвийн зарлагыг нэмэгдүүлэлгүйгээр төсвийн тогтворжуулалтын сангийн хуримталыг нэмэгдүүлж, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.


Улсын зээлжих зэрэглэл гэдэг нь гадаад, дотоод хөрөнгө оруулагчдаас тухайн улсад олгосон зээллэгийн хүүгийн болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвар, зээлдэгчийн ерөнхий эрсдэлийг илтгэдэг үзүүлэлт хэмээн энгийнээр тодорхойлж болох юм. Олон улсын зах зээл дээр дунджаар зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 хувиар хэлбэлздэг гэсэн судалгаа бий.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Сангийн яам болон Монголбанкны зүгээс олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт энд Пүүрс (Эс энд Пи), Фитч рэйтингс (Фитч) болон Мүүдис Инвесторс Сервис (Мүүдис) агентлагуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр тогтоолгож байна.

Зээлжих зэрэглэл нь “Хөрөнгө оруулалтын хамгийн бага эрсдэлтэй” ангилалаас “Хөрөнгө оруулалтын маш өндөр эрсдэлтэй” гэсэн хөрөнгө оруулалтын үндсэн 8 ангилал, “Дефолт, дефолтоос гарах магадлалтай” болон “Дефолтоос гарах магадлал бага” гэсэн Дефолтын үеийн 2 ангилалтай байдаг. Зээлжих зэрэглэлийг урт болон богино хугацааны, гадаад валютын болон үндэсний мөнгөн тэмдэгтийн гэж ангилан тогтоодог. Түүнчлэн гадаад валютын урт хугацаат зээлжих зэрэглэл нь тухайн улсын ерөнхий зээлжих зэрэглэлийг илтгэдэг бол зээлжих зэрэглэлийн төлөв нь цаашид зэрэглэлийг өсгөх, эсхүл бууруулах магадлалыг илэрхийлдэг. 

Зээлжих зэрэглэл өндөр байх нь тухайн улсын засгийн газар төдийгүй хувийн хэвшилд гаднаас санхүүжилт татахад эерэгээр нөлөөлдөг. Учир нь тухайн улсын зээлжих зэрэглэл нь аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллагуудын зээлжих зэрэглэлийн боломжит дээд үнэлгээ байдаг тул улсын зээлжих зэрэглэл сайжрахын хэрээр хувийн секторын зээлжих зэрэглэл сайжрах боломж нэмэгдэж, тэр хэрээр гадаад санхүүжилтийн өртөг буурдаг байна.

 

Эх сурвалж: Moody's