Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ: Шатахууны үнэтэй холбоотойгоор такси үйлчилгээний 11 компани үнээ нэмээгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүдээс шатахууны үнийн талаар асуулгыг Засгийн газарт тавьжээ. Асуулгын хариуг өнөөдөр Засгийн газраас УИХ-д танилцуулав. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулгыг танилцуулах байсан ч Давосын чуулганд оролцохоор явсан тул Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариулт өглөө. 

Тэрбээр "Засгийн газар шуурхай ажиллаж, гадаад зах зээлээс хамааралтай шатахууны үнэ өсвөл ард иргэдэд ирэх үнийн дарамтыг бууруулах, инфляц болон эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор ОУВС-тай яриа хэлэлцээ хийж эхпэхээр болж, Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор А-80, Аи-92 автобензиний онцгой албан татварын хэмжээг “тэг” болгон өөрчлөлт оруулаад байна.

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно" гэв.

"Онцгой албан татварын хуульд татварын хувь хэмжээг Засгийн газар тогтооно гээд заачихсан байдаг"

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Онцгой албан татварыг Засгийн газрын тогтоолоор тэглэж болдог юм уу. Энэ чинь хууль биш байсан юм уу. Тогтоолоор тэглэж болдог юм бол шаталсан тэтгэврийг тэглээд өгөөч. Импортлогчид литр тутамдаа 500 төгрөгийн ашигтай ажилладаг юм билээ. Яагаад бид ард түмнийхээ өмнө бууж өгөх ёстой юм.

Нефтийн үйлдвэр барих нь үнэн юм уу. Бензин бага иддэг машин унаж болдоггүй юм уу. Том жийп унахаа больж, бид өөрсдөөсөө эхэлмээр байна. Хамгийн сүүлд гэхэд 370 сая төгрөгийн машины асуудал гарлаа" гэв. 

Үүний хариуд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Нефтийн үйлдвэр барих нь үнэн. Дорноговь аймагт Монгол Улсын импортын 1.2 тэрбум ам.долларыг дотоодод үлдээх чухал ач холбогдолтой үйлдвэр учраас Засгийн газар анхаарч байна. Үнийн зөвлөлөөс шалгалт хийж импортлогчид литр тутамдаа 200-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг нь тогтоосон. Сангийн яам маш шуурхай ажиллаж хомсдлыг зогсоолоо.

Нефтийн алтан зарчим бол төмөр замтайгаа ойрхон байх ёстой. Тиймээс Алтанширээгийн төмөр замыг түшиглэнэ. Энэтхэгийн мэргэжилтнүүд ирсэн. ТЭЗҮ удахгүй бэлэн болно. Бүх судалгааг хийгээд Дорноговь аймгийн Алтанширээ гэдэг газрыг сонгосон юм. Ямар ч байсан энэ том төслийн үржүүлэгч нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрнэ" гэв.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Онцгой албан татварын хуульд татварын хувь хэмжээг Засгийн газар тогтооно гээд заачихсан байдаг. 2008 оноос хойш онцгой албан татварын хувь хэмжээг 40 удаа өөрчилж байсан юм билээ. Сүүлийнх нь энэ удаа хийгдсэн" гэв. 

"албан ёсоор бүртгэгдээгүй таксинууд 1 км-т 900, 1000 төгрөгөөр явсан тохиолдол бий"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Нэг литр бензин 100 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 1 хувиар л нэмэгдэх судалгаа бий. Гэтэл бараа, бүтээгдэхүүн, таксины үнэ зуу зуугаар нь, мянга мянгаар нь нэмээд байна. Үүн дээр ШӨХТГ яаж ажиллаж байгаа вэ" хэмээн асуув.

Үүний хариуд ШӨХТГ-аас "Өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа. Жишээ нь таксины асуудал дээр хувийн такси буюу албан ёсоор бүртгэгдээгүй таксинууд 1 км-т 900, 1000 төгрөгөөр явсан тохиолдол бий. 

Бид хяналт, шалгалт хийсэн. Албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй 11 таксины компани шатахууны үнэтэй холбоотой үйлчилгээний үнээ нэмээгүй байгаа. Цаашид нэмэхгүй байх зөвлөмжийг бид өгсөн" гэв.