Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Хүрэлбаатар: Донтох, мансуурах эмгэгийг ховсоос өөр эмчлэх арга байхгүй

Ч.Зотол, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

Хар тамхи татах, донтох, сэтгэцийн эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Монголд эмчлэх боломжийн талaap “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал, ховсчин С.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Өсвөр үе, залуучууд хар тамхинд донтох аюул хавтгайрлаа. Зарим нь гадагшаа өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхээр явж байна. Энэ “тахал”-аас сэргийлэх, нэгэнт ийм эмгэгтэй болсон бол эмчлэх ямар боломж байна вэ?

-Манайханд нэг буруу сэтгэхүй байдаг нь гадаадынхан илүү сайн эмчилнэ, жишээлбэл Япон, АНУ-д эмчилгээ сайн хийдэг гэж боддог. Миний хувьд гадаадад сайн эмчлээд Монголд боломжгүй байдаг гэж бодохгүй байна. Сүүлийн үед хар тамхи татаж, донтож мансуураад байгааг Монголд эмчлэх боломжтой. Ялангуяа, архины донтолт ямар хүнд илүү тохиолдож байна гэвэл, бие эрхтний доголдолтой өвчтэй хүмүүст илэрдэг.

Найз нөхөдтэйгөө ярьж, хөөрч суугаад ганц, хоёр зуу татах бол аль ч нийгэмд байдаг хэвийн үзэгдэл. Харин хэтрүүлж хэрэглэх нь өвчлөл, тахлын хэмжээнд хүрчээ. Хүүхэд, залуус хар багаасаа архинд донтох, мансуурах явдал ихсэж байна. Энэ нь архагшаад ирэхээрээ хүний био орон зай, сэтгэхүйд нөлөөлдөг. Хүний сэтгэхүйд нөлөөлж байгааг эмчлэхийн тулд манайхан тайвшруулах, нойрсуулах эм хэрэглэдэг. Энэ үйлдэл нь архинаас 2-3 cap л гаргана уу гэхээс эргээд дахидаг.

Өнөөдөр Монголын болоод дэлхийн анагаах ухаан нойргүйдлийг эмчилж чадахгүй байна шүү дээ. Би ховс, бариа заслаар олон жил эмчилгээ хийж ирсэн. Энэ салбарт ажилласан 30 гаруй жилийн туршлагаас харахад нойргүйдэл нь толгой руу явдаг мэдрэлийн судасны агшилтаас үүсдэг. Энэ нь шинжилгээгээр батлагдсан. Сэтгэцийн өвчлөл хүний бие махбодтой зэрэгцэж явдаг. Эрүүл саруул хүн хар тамхи татахгүй. Тэр хүн сэтгэлзүйн доголдолтой учраас хар тамхи хэрэглэдэг.

Цогц эмчилгээ нь нэгдүгээрт, өвчнийг оношлох хэрэгтэй. Тухайн хүний сэтгэлзүй сул, нөгөө талаас толгой тархины ямар нэгэн өвчин байж болзошгүй. Хар тамхи татаж байгаа хүмүүсийг харахад сэтгэлзүйн байдал сул, эсвэл мөнгө төгрөгтэй ч юм уу, нэг нэгэндээ уруу татагдах явдал нөлөөлж байгаа. Жишээлбэл, махан хоол иддэггүй хүмүүс өлсөж байгаад гэнэт мах идэхээрээ дайраад иддэг.

Хүссэн, хүсээгүй хоол гэдэг зүйл хүнийг татаж байна шүү дээ. Үүнтэй адил аяганд нь мансуурах төрлийн зүйл хийх зэргээр нэгийгээ уруу татах үйлдлийг хийхэд тухайн хүн аяндаа татагддаг. 1997 онд осолд орж өвчнөөс шалтгаалан морфинист болсон залуу байсан. Тэр эмийн нөлөөнөөс болж архагшсан. Тэгэхээр өнөөдөр хар тамхинд донтож буй залуус түүндээ дасан зохицоод байна. Энэ байдлыг эмчлэх эмчилгээ нь бариа засал юм.

-Бариа засал хийж буй нь ямар нөлөөтэй юм бэ? .

-Бариа засал бол энергийг тэгшлэх, бие организмыг тэнцвэрт оруулах үйлчилгээтэй. Энэ бол туслах чанарын эмчилгээ юм. Хамгийн гол нь ховс /гипноз/-ын эмчилгээ чухал. Хүнийг хагас унтуулгын байдалд оруулж, донтох мансуурах нь хортой гэдгийг тархинд нь суулгана.

-Монголд ийм эмчилгээ хийж байна уу?

-Сэтгэц судлалын үндэсний төвд ховсын эмчилгээ хийдэг эмч байхгүй. Тэд ховсыг хийхдээ яаж хийж байна гэвэл эм уулгадаг. Тиймээс ховс эмчилгээг хийхгүй байна гэж би үздэг.

-Сэтгэлзүйч эмч нар энэ чиглэлд ямар эмчилгээ хийдэг бол?

-Сэтгэлзүйч эмч нар ямар хүмүүс байна гэвэл МУИС, МУБИС-ийг төгссөн хүмүүс ийм чиглэлийн эмчилгээ хийж байна. Хүний сэтгэлзүй яагаад өөрчлөгддөг вэ гэвэл уураг тархины үйл ажиллагаа доголдолтой болсонтой холбоотой.

Энэ процессыг өнөөдөр мэдэх хүн алга, ярьдаг эмч ч алга. Сэтгэц, мэдрэлийн үндэсний төвийн хэдэн эмч ярьдаг ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа. Цогцоор эмчилж чадахгүй байгаа учраас донтох, мансуурах эмгэг өвчлөл гаарч байна. Авч байгаа арга хэмжээ нь тухайн хүнийг хэдэн cap хорьдог, хордлого тайлах эмчилгээ хийдэг. Цусанд байгаа архи, хар тамхины зүйлүүд хордлого тайлах эмчилгээний дүнд гадагшилна. Сэтгэлзүйд байхгүй учраас эргэж буцаад байна.

-Гэмт хэрэг, архидах, хар тамхинд донтохыг нийгмийн сэтгэлзүйтэй холбож их ярих юм. Гэхдээ дорвитой гарц гаргалгаа, гарц байгаа нь алга?

-Бид нийгмийн сэтгэлзүй гэж том сэдэв ярьдаг. Миний бодлоор тэр хүний амьдралд тийм ч чухал биш. Хувь хүний сэтгэлзүй, хувь хүн өөрийгөө авч явах зүйл л энд яригдана. Тэгэхээр мансуурах донтолттой хүүхэд, залуусыг эмчлэхийн тулд өөрт нь итгэлийг бий болгох хэрэгтэй. Түүнийг ховсоор суулгаж өгдөг. Донтолт бол энгийнээр хэлэхэд хоол идэх дуршилтай адил зүйл. Сүүлийн үед Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин хоёр жилийн өмнөөс мансуурах бодисын нөлөөнд орсон гэж яригдаад байна.

Тэр бол дасал болчихдог зүйл. Дасал болоод байгаа тэр үйл явцыг бид таслан зогсоох ёстой. Гэтэл манай эмч нар эм өгөхөөс цаашгүй байна. Сэтгэлзүйчид нь архи ууж болохгүй, хар тамхи татаж болохгүй гэж ярьж зөвлөөд байдаг. Ярьсан, зөвлөснөөр болчихдог бол сайхан л байна. Гэтэл тэдгээр зүйл нь хувь хүнийг өөрийгөө ялж өгч чадахгүй байна шүү дээ. Тэр итгэл, сэтгэлийг ховсоор л суулгана. Өөр арга байхгүй.

Хар тамхи, архины нөлөөнд орохоос хамгаалах урьдчилан сэргийлэх арга нь хувь хүн өөрийгөө яаж авч явахаас л шалтгаална. Хууль хяналтын байгууллага нь хяналт, шалгалтаа тавих ёстой байх. Гэтэл тэр Г.Номуундарь гэж охины хэлээд байгаа аяганд нь сэтгэцэд нөлөөлөх зүйл хийгээд байгааг хэн ч мэдэж чадахгүй шүү дээ. 00-ийн өрөөнд ороод гарч ирэх хооронд нь хийчихэд тухайн хүн мэдэхгүй өнгөрнө. Давтаад хийхэд татагдаад нөлөөнд орно. Энэ аюулыг хэн ч зогсоож чадахгүй. Тэгэхээр хувь хүн өөрийгөө авч явах л хамгийн чухал.

Зураг