Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Миний цөмийн зэвсгийн товчлуур чинийхээс ТОМ!

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Цөмийн зэвсгийн код бүхий цүнх

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны шинэ жилийн мэндчилгээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хариу цохилт өглөө.

Ким Жон Ун Даваа гарагийн өглөө телевизийн сувгаар үг хэлэхдээ ширээн дээр нь цөмийн зэвсгийн товчлуур байнга бэлэн байгааг Вашингтонд анхааруулж байв.

Тэгвэл саяхан Трамп твиттер хуудсандаа түүнд хариу мэдэгдэл хийлээ. Тэр “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр нь байнга бэлэн байгааг хэллээ. Тэгвэл надад ч бас түүнийхээс хамаагүй том, хүчирхэг товчлуур байдаг гэдгийг ядарч туйлдсан энэ оронд байгаа хэн нэг нь түүнд дамжуулж хэлж өгнө үү. Миний товчлуур бол ажилладаг юм шүү!” гэжээ.

Яг үнэндээ АНУ-ын ерөнхийлөгчид цөмийн зэвсэг харвах товчлуур байдаггүй. Харин түүний батлан хамгаалах асуудал хариуцсан туслах нь тусгай код бүхий цүнхийг ерөнхийлөгчийн хаа байгаа газарт барьж явдаг байна.

Трампын мэдэгдлийн өмнөхөн Вашингтоны НҮБ дахь суурин төлөөлөгч Никки Хэйли одоо яригдаж байгаа хоёр Солонгосын хэлэлцээрийг зөв алхам биш гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэр цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосыг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр сууриа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Business Insider