Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын Элчин сайд Дэвид Спрул: Bonne année

ikon.mn
2017 оны 12 сарын 30
iKon.MN
 

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул Монголчуудад шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсад суугаа  Канадын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс та бүхэнд шинэ жилийн баярын халуун мэндийг хүргэж,  ирж буй  ондоо амжилт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.  

Миний хувьд энэхүү үүрэгт ажилдаа орохоор энэ оны 9 дүгээр сард Монголд ирсэн ба түүнээс хойш Монголчуудын халуун дотно зочломтгой занг алхам тутамдаа мэдэрч байна.    

2017 он бол Канад Улсын хувьд онцгой жил байлаа. Учир нь бид тусгаар тогтсоноос хойших 150 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэхүү ойг тохиолдуулан бид ардчилсан уламжлал, баялаг соёл, үзэсгэлэнт байгалиа жилийн турш бахархан таницууллаа.  

Энэ жилийн 6 дугаар сард манай Олон улсын хамтын ажиллагааны сайд охид эмэгтэйчүүдэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны бодлогоо танилцуулсан. Түүнчлэн Монголд бид жэндерийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийг чадавхижуулахад чиглэсэн олон сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Бидний хэрэгжүүлдэг хоёр үндсэн төслөөр дамжуулан, Канадын мэргэжилтнүүд Монголчуудад эх орныхоо өгөөмөр байгалийн баялгаас хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын олборлох салбарын удирдлагыг сайжруулахаар Монгол хамтрагчидтайгаа хамтарсаар ирлээ. 

2017 онд Канад-Монголын худалдааны харилцаа улам батжин бэхэжлээ. Энэ оны эхэнд Канад-Монголын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн.  Өнгөрсөн онд манай орнуудын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт голлон чиглэсэн ба дээрх салбаруудад Канад Улс хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр байсаар байна. 

Энэ онд манай хоёр улс хамтын зүтгэлээр томоохон амжилтуудад хүрсэн нь дамжиггүй. Харин 2018 онд дээрх амжилтаа бататган, ахиулах зорилт тавин ажиллах болно. 

2018 онд бидний хувьд онцгой жил болно. Учир нь Канад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиох бөгөөд олон нийтэд зориулсан олон төрлийн арга хэмжээнүүдийг Канад болон Монгол улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Төгсгөлд нь хэлэхэд, бүх Монголчууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, 2018 он гайхамшиг дүүрэн байхыг хүсье. 

 

Шинэ оны мэнд хүргэе. 

Bonne année.