Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аднан Куэрэши: Нийслэлийн эмзэг бүлгийн өрхүүдэд 800 гулууз мах тараана

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас зудад нэрвэгдэн өөрсдөө малаа борлуулж чадахгүй байгаа эмзэг бүлгийн 500 малчнаас гулууз мах худалдан авч нийслэлийн 7 дүүргийн хамгийн эмзэг 400 өрхөд олгох ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ.

Энэ талаар НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Аднан Куэрэши "Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг, Завхан аймгийн Сантмаргац сумдыг төсөлд хамруулсан. 

Эдгээр сумдын 500 малчин өрх тус бүрээс чанар аюулгүй байдлын стандарт хангасан хонь, ямааны нэг нэг гулууз махыг худалдан авсан. Ингээд нийслэлийн эмзэг бүлгийн 400 өрхөд хонь, ямааны нэг нэг буюу нийт 800 гулууз махыг тарааж, Завхан аймгийн Сантмаргац сумын 100 малчин өрхөөс худалдан авсан махыг Завхан аймгийн төв Улиастай хотын 100 нэн ядуу өрхөд олгоно. Энэ ажлыг 12 дугаар сарын 29-нд эхлүүлнэ. 

Төсөлд хамрагдаж махаа нийлүүлсэн малчдад махных нь үнийг арилжааны банкин дахь дансаар 2018 оны нэгдүгээр сарын эхний 10 хоногт багтаан олгоно. 

Төслийн хоёрдугаар зорилтын хүрээнд төсөлд хамрагдаж буй 5 сумын 500 малчин өрхийн мал сүрэгт хоёрдугаар сараас хавар шинэ ногоотой залгах хүртэл нэмэгдэл тэжээлийн багц олгоно" гэлээ.