Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Задгай сансарт анх удаа аргамжаагүй гарч байсан Америк сансрын нисэгч нас баржээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Америкийн сансрын нисэгчдээс анх удаа задгай сансарт хөлгөөсөө бүрэн салж явсан нисэгч Брюс Маккэндлес өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт 80 насандаа таалал төгсжээ.

Түүнээс өмнө сансрын нисэгчид задгай сансарт гарахдаа заавал хөлгөөсөө уяа, бэхэлгээтэй байдаг байсан юм. Харин Маккэндлесийн хувьд нуруундаа тийрэлтэт хөдөлгүүр бэхэлсэн байсан тул сансарт хаягдана гэж айлгүйгээр хөвж байжээ.

Түүний дэлхийн бөмбөрцөгтэй зэрэгцэн сансарт ганцаараа хөвж яваа зураг түүх болж үлдсэн юм.

1984 онд болсон энэ явдлын тухай Маккэндлес 2015 онд ярихдаа “Миний эхнэр Бернис нислэгийн хяналтын төвд ирчихсэн, нэлээд айдастай ажиглаж байв” хэмээн дурссан байдаг.

Тэрээр NASA-д алба хаах хугацаандаа хоёр удаа сансарт нисэж, нийт 312 цагийг сансарт өнгөрөөсөн юм.

Маккэндлес бас саран дээр дөнгөж хөл тавиад байсан сансрын нисэгч Нэйл Армстронгтой эх дэлхийгээс хамгийн түрүүнд холбоо барьсан хүнд тооцогддог ажээ.

Эх сурвалж: Mashable