Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: “Тулааны талбарын тэлэлт”

МОНСУДАР
2017 оны 12 сарын 19
Монсудар
Зураг зураг

Францын нэрт зохиолч Мишель Уэльбекийн “Тулааны талбарын тэлэлт” бүтээлийг бид бүхэн энэ удаа онцлон танилцуулж байна. Энэ бүтээл “Монсудар - Утга зохиол” цувралын XIV боть болон орчуулагдсан бөгөөд зохиолчийн анхны роман юм. Мишель Уэльбек  бол  орчин цагийн Францын хамгийн их уншигдаж тэр хэрээрээ хамгийн их маргаан дагуулсан зохиолч билээ. 

Мишель Уэльбекийг шүүмжлэгчид түүнийг хүйсэээр ялгаварлагч, исламын шашныг үзэн ядагч , хөгжил дэвшлийг эсэргүүцэгч гэж буруутгадаг бол шүтэн бишрэгчид нь энэ цаг үеийн хамгийн өндөр оюуны чадамжтай, өөртөө үнэнч, зүрх зоригтой төдийгүй гайхалтай холыг харж чаддаг хүн хэмээн үздэг.

“Тулааны талбарын тэлэлт” хэмээх уг зохиол 1994 онд анх хэвлэгдэн гарсан даруйдаа Grand Prix National de Lettres болон анхны романд олгодог Prix de Flore хэмээх Францын утга зохиолын 2 чухал шагналыг хүртсэн байдаг. 

Энэхүү романыг сэтгэл хямралд автсан, гуч орчим насны, нэр нь үл мэдэгдэх “би” хүүрнэгч хүүрнэнэ. Тэрбээр зөвлөх үйлчилгээний пүүст мэдээллийн технологийн инженер бөгөөд Хөдөө аж ахуйн яамны захиалгаар хөдөө орон нутгийн хэд хэдэн газарт томилолтоор явж ажилладаг. 

Уг гол дүрийн “би” хүүрнэгч өөрийнхөө болон эргэн тойрныхоо амьдрал, ажил мэргэжлийн талаар ичиж зовохгүйгээр шулуухан агаад ёжтой нь аргагүй дотоод сэтгэлдээ эргэцүүлэн бодох ажээ.

 

Гол өгүүлэгч өөрийн дотоод сэтгэлээс гадна түүнтэй хамтран ажиллагч Рафаэль Тиссераны тухайд бас өгүүлэх болно. “Би” хүүрнэгч Тиссерантай цуг гурван удаа ажлын томилолтоор явж, Хөдөө аж ахуйн салбар нэгжийн ажилчдад шинэ програм хангамжийг танилцуулдаг. Ажилчид сургалтад ер сонирхолгүй төдийгүй шинэ програм хангамжид ч итгэж өгөхгүй байгааг удалгүй тэд ойлгоно. Өөрийнх нь эрхэлж буй информатикийн энэ ажил утга учир тааруухан буйг гадарласан өгүүлэгч маань түүнийгээ ч төдийлөн ойшоож үздэггүй.

Харин түүний санааг улам бүр зовоох болсон зүйл бол хамт яваа нөхрийнх нь эмэгтэйчүүдтэй харилцах асуудал байв. Тэр, ажлын хамтрагч нь эмэгтэй хүнтэй ойртож, орондоо оруулах гэж хэрхэн зүдэрч, бүтэлгүйтэж буйг алхам тутамдаа харсаар байлаа. Тиссеран 28 настай ч эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй нэгэн аж. Түүний асуудал нь тун энгийн: Тэр дэндүү царай муутайн дээр хүүхэн урхидах чадваргүй. Гэвч Тиссеран бас бардам нэгэн учир биеэ үнэлэгчтэй унтаж сексийн амт гэж юу болохыг мэдэхээс татгалзах аж.

Роман цааш үргэлжлэх тусам Тиссераны энэ гунигт байдал улам бүр лавширна. Тамхи угсруулан татах хорт зуршлынхаа улмаас зүрхний үнхэлцгийн үрэвсэл өвчин тусаж, эмнэлэгт хандах шаардлагатай болсон “би” өгүүлэгч маань хамт явсан нөхрийнхөө энэ байдлыг зүгээр хараад сууж чадахаа болино. 

Тэр өөрөө ч онц гойд бэлгийн амьдралтай нэгэн биш хэдий ч Тиссераны тийнхүү шаналж буйг хажуугаас нь харж үл тэвчинэ. Романы “Би” өгүүлэгч Тиссераны уг шаналлыг хоёр шалтгаантай холбож үзнэ. Юун түрүүнд, байгаль түүнд дэндүү шударга бус хандаж Тиссеранд бусдын сэтгэлийг татах юу ч заяасангүй. Удаах нь харин 1960-аад оны Сексийн хувьсгал юм. 
Энэ шалтгаан нь анхандаа тун хачирхалтай юм шиг сэтгэгдэл төрүүлнэ: Тиссераны эмэгтэй хүнтэй ойртож чадахгүй байгаа нь Сексийн хувьсгалтай ер ямар хамаатай байх билээ дээ гэмээр.

Үүнд “би” хүүрнэгчийн өгөх хариулт энэ аж: Эдийн засгийн либералчлал лугаа адил, сексийг либералчилснаар нийгэмд үйлчилж байсан зохицуулалт, дэг журам үгүй болсон. Эдийн засагт зохицуулалт үгүй болмогц, баялгийн хуваарилалтад асар том ангал цав гарч, нэг хэсэг нь хагартлаа хөлжиж, нөгөөдүүл нь үгүйрэн хоосордог. Тиймээс бэлгийн амьдралын хувьд яг үүнтэй ижил төстэй үйл явц өрнөсөн гэж романы хүүрнэгч үздэг. Сексийн хувьсгалын улмаас царайлаг, дур татам хүмүүст хүсвэл олон янзын хүнтэй сексийн харилцаанд орох боломж гарч ирсэн бол эсрэгээр царай зүс тааруу хөөрхийсийн хувьд байдал өмнөхөөсөө ч бүр дордсон: “Ямар ч хориг хязгааргүй эдийн засгийн либералчлалын нэгэн адилаар, сексийн либералчлал ч туйлын гуйланчлал гэгч үзэгдлийн үндэс суурь болно. Зарим эрчүүд өдөр бүр секс хийнэ, зарим нь амьдралдаа тав, зургаан удаа хийнэ эсвэл огт үгүй.” 

Эл өдөөн турхирсан санаанаасаа болж, Уэльбек ердөө анхны номоороо л зарим уншигчийн уур унтууцлыг хөдөлгөж өөрийнхөө эсрэг хандуулсан бол, нөгөө нэг хэсэг нь түүний өвөрмөц бодол, өнөө цагт ноёрхож буй үзэл санааны нугалаа, согогийг олж харсан хурц хараа, нарийн мэдрэмжийг биширч эхэлсэн билээ.
Одоо романыхаа үйл явдал руу буцаж оръё. Ла-Рош-сюр-Йон руу хийсэн хоёр дахь удаагийн томилолтынхоо үеэр “би” хүүрнэгчийн хүүрнэж буйгаар тэр, Тиссераныг сэтгэлийн шаналлаас нь гэтэлгэхээр шийднэ. Ингэхдээ өгүүлэгч маань Тиссераныг гэмт хэрэгт уруу татдаг. 

Байгаль, нийгэм хоёрын аль алиных нь өөдгүй тоглоомын золиос болсон түүнд өс хонзонгоо тайлах ердөө ганц арга бий гэж романы өгүүлэгч бодох аж: Энэ бол хүчирхийллийн арга. Өөрөө ч бас сэтгэлийн их зовуурьт орсон хүүрнэгч маань Тиссеранд махны балиус худалдан авч өгөөд, өс хорслоо хэрхэн тайлах учиртайг тун нарийвчлан зааварлах хүртлээ үйл хэргийг хэтийдүүлнэ. Нэгэн бүсгүйтэй баарнаас цуг гарч буй царайлаг хар арьст залууг хөнөө гэж тэрээр Тиссераныг ятгадаг. Романы хүүрнэгчид хуучин найз хүүхнийг нь санагдуулам энэ бүсгүйг Тиссеран өмнө нь эргүүлэх гээд бүтээгүй юм. Гурван бүлэгтэй романы маань хоёрдугаар бүлэг нь энэхүү үйл явдлаар төгсөнө.

Номын тухай дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж авна уу. http://www.monsudar.mn/books/view/119/