Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми Окинавагийн дунд сургууль дээр онгоцны цонх унагасандаа уучлал гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Японы Окинава аралд байрладаг АНУ-ын зэвсэгт хүчнийхэн нисдэг тэрэгтэй зорчиж яваад, нисдэг тэрэгнийхээ цонхыг тус арлын дунд сургуулийн дээрээс унагасан юм.

Америкийн Футенма агаарын баазад харьяалагддаг нисдэг тэрэгний металл хүрээтэй цонх Лхагва гарагт дунд сургуулийн талбай дээр унасан явдал арлын оршин суугчдыг цочроожээ.

Тэгвэл өнөөдөр буюу Даваа гарагт АНУ-ын тэнгисийн хүчний Номхон далайн бүсийн гадаад харилцааг хариуцсан хурандаа Дарин Кларке тус арлын Футенма Даини бага сургуулийн захирал Эцуко Киянд хандаж уучлал гуйсан байна.

Мөн үүнээс өмнө уучлал гуйх гэж байгаагаа Окинава арлын дэд захирагч Моритаке Томикавад Америкчууд мэдэгдсэн гэнэ. АНУ-ын Ази дахь хамгийн том цэргийн баазуудын нэг байрладаг Окинава арлын иргэд Америкчуудтай холбоотой хэрэг зөрчил, аюулгүй байдлын асуудлаар байнгын зөрчилтэй байдаг.

АНУ-ын албаныхан нисдэг тэрэгний цонх унасан явдлыг нисгэгчийн алдаатай холбоотой гэж тайлбарласан байна. Окинава арлынхан дахин ийм асуудал гаргахгүй байх арга хэмжээ авах хүртэл нисдэг тэргийг хөөргөхгүй байхыг шаардаж байгаа юм.

АНУ-ын CH-53E ачааны нисдэг тэрэгний 90 см.кв талбайтай, 7.7 кг жинтэй цонх хүүхдүүдийн дасгал хийж байсан талбайгаас ердөө арваадхан метрийн зайд унасан нь Окинавачуудыг бухимдуулж байна.

Японы батлан хамгаалахын сайд Ицунори Онодера болсон явдлын талаар хангалттай тайлбар өгч, дахин алдаа гаргахгүй байх баталгаа өгөхийг АНУ-ын эрх баригчдаас шаарджээ.

 

Эх сурвалж: Japan Today