Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын баячууд жилийн 20 хувийн хүүтэй, ядуу ард 360 хувийн хүүтэй мөнгө хэрэглэж байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Худалдаачдын холбооноос эдийн засгийн баталгаа шаардаж, шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож 300 хүн цээж нүцгэн жагсах болсон талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй 300 мянган худалдаачны нэгдэл юм байна. 

Энэ талаар Монголын Худалдаачны холбооны УЗ-ийн гишүүн н.Энхцэцэг "Монголын худалдаачдын холбоо анхдугаар их хурлаа 11 дүгээр сарын 28-нд Төрийн ордны Их танхимд хийсэн. 21 аймгаас 500 гаруй төлөөлөл оролцсон. Манай холбоо худалдаачдаа нэгтгэх, хөгжүүлэх, сургалт судалгаа хийх үйл ажиллагаа явуулдаг. Бүх худалдаачдаа холбоондоо нэгдэхийг уриалж байна. Яагаад гэвэл Үндсэн хууль, Монгол Улсын иргэдийн адил, тэгш эрх үйлчлэхгүй байна. Бид хөндөгдөөд байгаа эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна" гэв. 

"худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулахыг шаардаж байна"

Их хурлаас гарсан шаардах бичгийг тэд өнөөдөр төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байгаа юм байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар Гүйцэтгэх захирал М.Мөнхтуяа "Би энэхүү шаардлагыг Монголын гурван өндөрлөгтөө хүргүүлье гэж бодож байна. Үүнд, худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжүүлж, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, худалдаачдыг зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлж тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна.  Эрхийнхээ төлөө тэмцэж буй иргэдээ хориглож, торгож, амжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаа үйл ажиллагаа даруй зогсоохыг шаардаж байна. 

Гудамж талбайд худалдаа эрхэлж байгаа иргэдийг бүртгэлжүүлж, эдийн засгийн баталгаатай амьдрах нөхцлийг хангахыг шаардаж байна.  Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтанд орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна. Худалдаа наймаа эрхэлж байгаа, хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын шүүхийн шийдвэрийг эргэж хянах, гомдол барагдуулах ажлын хэсэг байгуулахыг шаардаж байна.

Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол олон мянган худалдаачид дараа дараагийн арга хэмжээг шат дараатай авна" хэмээн мэдэгдэв. 

"Хоногийн зээл бол хүн болгоны амьдралыг сүйрүүлдэг аймшгийн зээл"
 
Гэрэл зургийг MPA.mn

УЗ-ийн гишүүн н.Эрдэнэчимэг "Худалдаачид бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол өр юм. Эдгээр иргэд хувь хүнээс хоногийн зээл авч өрийн сүлжээнд орж, өрийн дарамтад оржээ. Нийгмийг сүйрүүлж буй өрийн сүлжээ бий болсон. Хоногийн зээл бол хүн болгоны амьдралыг сүйрүүлдэг аймшгийн зээл. Үүнээс болж өрийн сүлжээнд орж гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт хүртэл гарч байна. Нийгэмд байж боломгүй сөрөг үр дагаврыг дагуулсан өрийн сүлжээ Монгол Улсад нүүрлээд байна.

Монголын Худалдаачдын холбооны анхдугаар их хурал дээр төр засгаас нэг ч хүн ирсэнгүй. Үүнд бид маш их гомдолтой байна. Худалдаачид баян бол улс орон маань баян. Иргэн болгоны ард нэг худалдаачин бий. Энэ бүх худалдаачид ядуураад, өрөнд ороод дууслаа. Монголын баячууд жилийн 20 хувийн хүүтэй, ядуу ард 360 хувийн хүүтэй мөнгө хэрэглэж байна" гэсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

УЗ-ийн гишүүн н.Пунсагдулам "Би Багшийн дээд дээр худалдаа эрхлээд 27 жил болж байна. Худалдаачдыг төр засгийнхан байнга хааж боож байна. Өнөөдөр л гэхэд мэдэгдэх хуудас ирсэн.

Урьд нь зүгээр л өгдөг байсан зөвшөөрлийг хотын дарга С.Батболд гарч ирээд түдгэлзүүлсэн. Ямар шалтгааны улмаас биднийг хөөгөөд, боогоод, туугаад байгаа вэ гэдгээ хэлээгүй. Бид төрөөс юу ч гуйгаагүй, өөрсдийнхөө хүчээр жижиглэнгийн худалдаа эрхлээд явж байна.

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төрөөс иргэдийнхээ эдийн засаг, нийгмийн баталгааг хангах ёстой гэж заасан байдаг. Эдийн засгийн ямар ч баталгаа алга. 12 дугаар сарын 12-нд бид хөөгдөх гээд байна" гэсэн юм. 

Худалдаачдад тулгамдаж буй хүнд хэцүү байдлаас болж олон ээж, эмэгтэйчүүд өрийн дарамтад орж, амьдрал нь баталгаагүй болсон учир холбооноос тэмцлийн дараагийн хэлбэрүүдийг сонгоно гэв. Тухайлбал "300 ээж нүцгэн жагсана гэдэг нь манай худалдаачдын тэмцлийн хэлбэр. Бид дуу хоолойгоо хүргэх гэж төр засаг, телевизүүд рүү хандсан. Нэг ч хариу өгөөгүй. Өмнө нь гурван ээж нүцгэн жагсахад ямар ч хариу өгөөгүй. Удахгүй 300 ээж нүцгэн жагсана. Өвлийн хүйтэн байсан ч хамаагүй. Бид өөрсдийгөө золиосолно" гэсэн юм.