Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хиймэл дагуулын хөөргөлт амжилтгүй болж, холбоо тасарчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын шинээр байгуулсан Восточный сансрын буудлаас өчигдөр хөөргөсөн цаг уурын хиймэл дагуул хэдэн цагийн дараа холбоо тасарч, сураггүй болжээ.

Казахстан дахь Байконурын буудлаас хамаарлаа багасгах зорилгоор Амар мөрний хязгаарт Восточный буудлыг байгуулж, өчигдөр хоёр дахь удаагаа пуужин хөөргөсөн юм. Тус буудлаас анхны пуужинг 2016 оны дөрөвдүгээр сард хөөргөж байжээ.

Тус пуужин Метеор цаг уурын хиймэл дагуулаас гадна өөр 18 ачааг Канад, АНУ, Япон, Герман, Швед, Норвегийн байгууллагуудын захиалгаар тойрог замд хүргэх байсан юм.

Роскосмос сансрын агентлагийн мэдэгдэлд “Төлөвлөгдсөн хугацаанд хиймэл дагуултай анхны холбоог тогтоох гэсэн оролдлого амжилтгүй боллоо. Тодруулбал хиймэл дагуул тойрог замдаа хүрч чадаагүй бололтой” гэжээ.

Ямар алдаа гарсныг шалгаж байгаа тул үүнээс илүү мэдээлэл өгөхгүй гэсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард автомат жолоодлоготой Прогресс хөлөг мөн ачаа тээвэрлэж хөөрөөд хэдхэн минутын дараа холбоо тасарч, агаар мандалд шатаж байв.

Восточный сансрын буудлаас гурав дахь пуужинг ирэх сарын 22-нд хөөргөхөөр төлөвлөөд байна.

Уг буудалд одоогоор Зөвлөлтийн үеийн Союз пуужинг хөөргөх ганц тавцантай. Тиймээс дээрх осол хуучин пуужингийн техникийн асуудал давтагдсаар байгаагийн илрэл болж байна.

Харин удахгүй Ангара төрлийн шинэ пуужингийн хөөргөх тавцанг байгуулах ажил Восточныйд эхлэх тухай албаны хүмүүс мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Japan Times