Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Victoria’s Secret” шоуны тайзан дээр унасан Хятад модель зодог тайлах уу?

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Удаан яригдсан алдарт “Victoria’s Secret” шоу өчигдөр орой Хятадын Шанхай хотод болж өнгөрлөө.

Шанхайн тайзан дээр олон улсын 55 модель дотуур хувцасны загвар өмсөж үзүүлсний 7 нь Хятадын иргэн байлаа. Хятад улсаас тус шоуны түүхэнд хамгийн олон модель оролцсон нь энэ юм.

Тэгвэл тэдний нэг Шанхай хотын уугуул, 28 настай загвар өмсөгч Ши Мэньяо өчигдөр тайзан дээр хальтирч унан сошиал ертөнцөд дуулиан тарьсан байна.

Тэр 2013 оноос хойш “Victoria’s Secret” шоуны тайзан дээр алхаж байгаа юм. Түүний унаж байгаа дүрс бичлэг Хятадын сошиал орчинд тарсан бол дараахан нь Ши өөрийн Вэйбо хуудсанд уучлал гуйсан мэдэгдэл хийжээ.

Түүний мэдэгдэл цаг хүрэхгүй хугацаанд 360,000 лайк, 100,000 сэтгэгдэл, 40,000 шэйр авсан байна.

Ши “Та бүхний сэтгэлийг гонсойлгосондоо уучлал гуйж, санаа тавьсан хүмүүст талархаж байна. Долоон жил модель хийхдээ олон удаа унаж байсан ч өвдөлтөө тоолгүй үзүүлбэрээ дуусгадаг байлаа. Ирээдүйн зам маань урт хэдий ч би зогсолтгүй алхах болно. Бүгдэд баярлалаа” гэж бичжээ.

Хүмүүс ч түүнийг буруутгаагүй ба эвгүй байдлаас түргэн гарч чадсаныг нь магтаж байлаа. Харин түүний өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагын бас нэг видео сошиал сүлжээнд тарсан нь асуудал дагуулжээ. Уг видеонд Ши загварын тайзан дээр олон удаа унаж байсан ч “Victoria’s Secret”-ийн тайзан дээр огт унаж байгаагүй гэж ярьсан байна. Ярилцагч түүнээс хэрвээ “Victoria’s Secret” шоуны үеэр унавал яах вэ? гэж асуухад Ши “Зодог тайлах байх даа” гэж хариулж байжээ.

 

Эх сурвалж: Shanghaiist