Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх тухай саналыг хэлэлцэж, гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг томилолтын хугацаа нь дууссан тул эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилуулах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.

Ерөнхийлөгчийн санал:

Элчин сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж буй Б.Хурц нь төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгааг танилцуулгад дурдсан байна.

Элчин сайдад нэр дэвшигч Батын Хурц нь 1969 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлага, эрх зүйн магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой. Төрийн албанд 17 жил, үүнээс дипломат албанд хоёр жил ажиллажээ.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж үг хэллээ. 

 Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой сонсгол хийе гэж 21 гишүүн санал гаргасан

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өмнөд Солонгост Элчин сайдаар томилогдох Б.Хурцтай холбоотойгоор УИХ-д өргөдөл гомдлууд байгаа. Д.Энхбатын гэр бүлээс ирсэн өргөдөл байна. Цогтбаатар гэдэг хүний эхнэрээс ирсэн өргөдөл байгаа.

Мөн С.Зоригийн аллагатай холбоотой хэрэг хоёр долоо хоногийн дараа ил болох гэж байна. Энэ хэргийг мөрдөн шалгасан байгууллага нь Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн байцаагчид байсан. Уг хэргийг ил болохыг хүлээх шаардлагатай байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Үндсэн хуулийн цэц дээр өнөө маргаашгүй шийдэгдэх гэж байгаа.

Тэгэхээр нийтийн сонсгол, томилгооны сонсголыг 19 гишүүн санал гаргасан тохиолдолд хийдэг. Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийе гэж УИХ-ын 21 гишүүн санал гаргасан. Тиймээс эдгээр гишүүний саналд хүндэтгэлтэй хандаач гэж хэлмээр байна.

Сонсголын тухай хуулийн 4.2.2-т нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар сонсгол хийж болно гэж заасан. Нийтийн албаны томилгоо бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал мөн" гэлээ. 

Хэл ам болж байгаа ийм хүнийг Элчин сайдад дэвшүүлэх ямар шаардлага байна вэ?

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн О.Содбилэг "Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдыг томилох эсэх асуудлыг бид хэлэлцэж байна. Тийм учраас би Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны сайд хоёроос асуулт асууя. Хэл ам болж байгаа ийм хүнийг нэр дэвшүүлэх ямар шаардлага байгаа юм бэ?

Монгол Улсыг төлөөлж Солонгос улсад суух элчин сайдад өөр боловсон хүчин яригдсан уу?" гэв. 

Б.Хурц Элчин сайдаар ажиллах боломжтой

 
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Элчин сайдын асуудал зохих бүх түвшинд яригдаж байж шийдэгддэг. Засгийн газарт орохын өмнө зайлшгүй хийгдэх бүх процедураа хийгээд уг асуудлыг оруулж байгаа.

Элчин сайдын тухайд гэвэл өмнө нь Монголын дипломат албанд ажиллаж байсан. Тухайлбал Унгар, Туркэд ажилласан хүн.

Гадаад бодлого, батлан хамгаалах, тагнуул гурвын үйл ажиллагаа их олон зүйл дээр давхацдаг. Тэгэхээр бидэнтэй Б.Хурц аюулгүй байдлын асуудлаар байнга зөвлөлдөж байдаг, Элчин сайдаар ажиллах боломжтой хүн" гэлээ. 

ВИДЕО: 

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр гаргасан саналын дагуу энэ ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов.