2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
21°
|
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
06:00
S32
12°
07:00
S32
15°
08:00
S32
18°
09:00
S32
20°
10:00
S32
21°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S44
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс тусгай элчээ Хойд Солонгост илгээхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

Ирэх Баасан гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч Сүн Тао Хойд Солонгост зочлохоор болсон тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ.

Сүн Тао нь Хятадын Коммунист Намын олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга юм. Мэдээнд өгүүлэхдээ түүнийг Хойд Солонгосын албаны хүмүүст өнгөрсөн сард болж өнгөрсөн Хятадын Коммунист Намын их хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөх зорилготой гэснээс өөр зүйл дурдаагүй байна.

Өөр бусад ямар сэдвээр, хэнтэй уулзах талаар мэдээлээгүй байна.

Ажиглагчид Сүн Таогийн хөтөлбөрт Пёньяны цөмийн зэвсгийн асуудал байгаа гэж таамаглаж байгаа юм.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд айлчлахдаа Хойд Солонгосын дэглэмийг номхруулах илүү нөлөөтэй арга хэмжээ авахыг Хятадад уриалсан.

Өнгөрсөн оны тавдугаар сард Сүн хамгийн сүүлд Пёньянд очсон бөгөөд Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын дэд дарга Ри Су Ёнтой уулзсан юм.

Хятад улс Ким Жон Уны пуужин болон цөмийн туршилтыг буруутгасан мэдэгдэл олон удаа хийж, НҮБ-ын хоригийг дэмжин ажиллаж байгаа.

Үүнээс болоод уламжлалт ойр харилцаатай түншүүдийн дунд асуудал үүсч байв. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар төрийн эрхэнд гарснаасаа хойш ганц ч удаа уулзаагүй байгаа.

Харин өнгөрсөн сард болсон Хятадын Коммунист Намын их хурлын үеэр тэд хоорондоо мэндчилгээ солилцож байсан юм.

Трампыг айлчлах үед Ши түүнд Хятад улс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн статусыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин нартай уулзахдаа ч энэ байр сууриа илэрхийлсэн юм.

Хамгийн сүүлд есдүгээр сарын 3-нд Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн нь Хятадад болж байсан олон улсын чуулга уулзалттай давхцсан бөгөөд энэ нь Бээжингийн нүүрэнд алгадсантай адил явдал байв.

Хятадын Коммунист Намын олон улсын хамтын ажиллагааны хэлтэс нь гадаадын улс төрийн намууд, коммунист засаглалтай улсуудтай харилцах харилцааг зохицуулдаг.

Өнгөрсөн сарын их хурлын үр дүнгийн мэдээллийг өгөхөөр Сүн Тао Лаос, Вьетнамд зочлоод ирсэн юм. Зарим судлаачид түүний айлчлалаас их зүйл хүлээх хэрэггүй, энэ бол коммунист намуудын хооронд болдог уламжлалт харилцаа юм гэж үзэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x