Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэн Сяопин: Мао дарга эхнэрээ төрийн хэрэгт оролцохыг зөвшөөрсөн нь түүний алдаа байсан

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг

Италийн алдарт сэтгүүлч, “Түүхтэй хөөрөлдөхүй” номын зохиолч Ориана Фаллачигийн 1980 онд Дэн Сяопинтой ярилцсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Орчин цагийн Хятад буюу БНХАУ-ын түүхийг Мао Зэдуний (1949-1978), Дэн Сяопиний (1978-) хэмээн үндсэн хоёр үед хуваадаг. Дэн Сяопиний ачаар Хятад Улс олон улсад нээлттэй зах зээлийн тогтолцоотой болж, 30 гаруйхан жилийн дотор дэлхийн тэргүүлэх гүрний нэг болсон. “Муур хар байна уу, цагаан байна уу, хамаагүй. Хулгана барьж чаддаг байх нь л чухал" гэсэн түүний үгийг мэдэхгүй хүн ховор.

-Mao даргын хөрөг Тянь-Аньмэний хаалганы дээр цаашид ч байх уу?

-Үүрд байх болно. Өнгөрсөн хугацаанд Мао даргын зургийг хаа саагүй л өлгөдөг байлаа. Мао даргыг хүндэтгэж, гэрийнхээ хойморт залдаг хэсэг байхад, түүнийг үзэн ядаж, доог тохуу хийдэг нэгэн ч байв. Түүнд алдаа ч бий, оноо ч бий. Түүний сайн, мууг дэнсэлбэл алдаа мадаг нь хэзээд сүүлд бичигдэх болно. Тэр бол Коммунист нам, БНХАУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг. Хятадын ард түмний төлөө түүний хийсэн бүхнийг хэн ч үгүйсгэх ёсгүй. Хятад хүн бүр түүнийг үнэлж, хүндэлж явах ёстой.

-Барууныхан бидэнд ойлгохгүй зүйл их бий. Тухайлбал, “Дөрвийн бүлэг”-ийн талаар бид тун бага зүйл мэднэ. Хятад хүмүүс энэ тухай ярихдаа дөрөв биш, таван хуруугаа гозойлгодог гэж сонссон?

-Мао даргын алдаа хийгээд “Дөрвийн бүлэг”, Линь Бяо (БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч асан) нарын гэм бурууг ялгаж, салгах хэрэгтэй. Мао дарга их олон сайн зүйл хийсэн. Намаа болоод улс орноо хэчнээн ч удаа хямралаас аврав. Марксизм-Ленинизмийн суурь үзлийг Хятадын хувьсгалч үзэлтэй хослуулж, ялалтад хүргэсэн нь түүний байгуулсан хамгийн том гавьяа. Гүн ухаан, улс төр, батлан хамгаалах, уран зохиол, соёл урлаг гээд олон салбарт Мао дарга бүтээлчээр шинэчлэл хийсэн.

Харин нас ахисан хойноо, ялангуяа Соёлын хувьсгалын үеэр намдаа төдийгүй ард түмэн, эх орондоо хожмоо ихээхэн урхаг дагуулах алдаа эндэгдэл гаргасан. Хувьсгалын ялалт түүний сонор, сэрэмжийг бууруулсан байх. Тэр хэрээрээ бодит байдлаас жаахан алдуурсан гэхэд болно. Гэхдээ энэ зөвхөн түүний буруу биш. Надаас эхлээд миний үеийн, хуучин цагийн хувьсгалчид ч гэсэн хариуцлага хүлээх учиртай. Намын дотоод амьдрал, улс төрийн хүрээнийхний дунд гажуудал үүсэж, эрүүл бус болж ирсэн нь Соёлын хувьсгалд хөтөлсөн. Энэ нь алдаа байсан юм.

-Мао дарга нас дээр гарсан хойноо ихэд чилээрхдэг байсан тухай та дурссан байдаг. Гэхдээ Лю Шаоцигийн (1959-1968 онд БНХАУ-ын дарга байсан. 1969 онд шоронд нас барсан) үед эрүүл мэнд нь харьцангуй сайн байсан гэлцдэг. Ер нь Их үсрэлтийн бодлого алдаа байв уу. Зөвлөлтийн хөгжлийн загварыг хуулбарласан нь оносонгүй юу. Мао дарга Соёлын хувьсгалаар чухам юунд хүрэхийг зорьсон юм бэ?

-1950-иад оны сүүлчээр байдал бишидсэн гэхэд болно. Таны хэлснээр Их үсрэлтийн үед. Гэхдээ энэ нь зөвхөн Мао даргын алдаа биш шүү. Түүнийг тойрон хүрээлж байсан хүмүүс ч харалган болсон. Харин Мао дарга удаа ч үгүй, хэдхэн сарын дараа алдаагаа ухамсарлаж, 1962 онд өөрийнхөө бодлогыг шүүмжилсэн байдаг.

Харамсалтай нь, эргэн тойрных нь хүмүүс сургамж авч чадаагүйгээс Соёлын хувьсгал хараахан зорилгодоо хүрээгүй. Мао даргын хувьд капиталист үзэл газар авах вий гэж болгоомжлохдоо Соёлын хувьсгалыг эхлүүлсэн. Г эвч тэр нь тухайн үеийн Хятадын нөхцөл байдалтай уялдаагүй гэмтэй.Үүнийг Мао дарга таалал болохоосоо хэдэн жилийн өмнө ойлгож, “Соёлын хувьсгал үндсэн хоёр шинжээрээ алдаа болжээ” гэж хэлсэн нь бий.

Нэгд, “Бүгдийг авч хаях” гэсэн бодлого нь буруу байж, хоёрт Иргэний дайнд хүргэсэн нь ихээхэн уршигтай гэж тэр дүгнэсэн. Харин улстөрчийнх нь хувьд түүний гаргасан алдаа, сиймхийг “Дөрвийн бүлэг”, Линь Бяо нарын хувьсгалын эсэргүү нар ашиглаж, төрийн эрхийг авахыг санаархсан.Үүнийг л ялгаж салгах хэрэгтэй.

-Гэхдээ Мао дарга Линь Бяог залгамжлагчаараа өөрөө сонгосон биз дээ, яг л эзэн хаан угсаа залгамжлагчаа сонгодог шиг?

-Үүнийг л би байдал бишидсэн гээд байгаа юм.Удирдагч хүн залгамжлагчаа өөрөө сонгох нь феодлын үеийн ёс.

-Өөрийг нь анхаарч чагнадаггүй гэж Мао дарга таны талаар гомдоллож байсан тухай дуулсан юм байна. Түүнийг танд дургүй байсан ч гэлцдэг. Энэ үнэн үү?

-Яриаг нь анхааралтай сонссонгүй гэж шүүмжилсэн удаа бий. Гэхдээ зөвхөн надад биш, өер олон хүнд нэгэн зэрэг хэлсэн үг. Нас ахисан хойноо тэр бусдын үгийг таатай хүлээж авахаа болиод байсан. Юм болгонд шүүмжлэлтэй ханддаг байлаа. Гэхдээ тэр бүхэн нь бас ч буруу байгаагүй.

-Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай Хятадын удирдагчдаас элдэв хэл ам, дуулиан шуугианд орооцолддоггүй, хэзээд нэр цэвэр үлддэг ганц хүн шиг санагддаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Жоу сайд ажилч хичээнгүй, буурьтай нэгэн. Өдөр бүр 12 цаг, заримдаа бүр 16 цаг ажилладаг хүн. Бид бие биеэ эртнээс мэднэ. Бүр 1920-иод оны үед, Францад суралцахын хажуугаар ажил хийх тусгай хөтөлбөрт хамрагдах үеэсээ таних юм. Би түүнийг хэзээнээс ах шигээ санаж ирсэн. Бид бараг нэгэн зэрэг хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн юм.

Аз болоход, Соёлын хувьсгалын үеэр бидний хэдэн нөхөр уруудаж, байр сууриа алдаад байхад Жоу сайд тэсэж үлдсэн. Их хүнд хэцүү нөхцөлд байсныг нь би сайн мэдэх юм. Хийхийг хүсээгүй олон зүйлээ хийж, хэлнэ гэж бодоогүй олон үг хэлснийг нь ч мэднэ. Гэвч түмэн олон түүнийг уучилсан, тийм зүйлс хийгээгүй бол яагаад ч Соёлын хувьсгалыг давж гарахгүй  байсныг нь ч ойлгосон. Тэгж төвийг сахиснаараа олон хүнийг тэр хамгаалсан юм шүү.

-Соёлын хувьсгал шиг аймшигтай явдал цаашид давтагдахаас хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Манай нийгмийн тогтолцоонд ямар алдаа дутагдал байна, тэр бүхнийг эхлээд засаж залруулах нь чухал. Өмнө нь бидний хэрэгжүүлсэн зарим бодлого үнэн хэрэгтээ феодлын үеийн, хоцрогдсон зарчимтай байсныг дурдах хэрэгтэй. Бид олон мянган жил феодлын байгуулалтай байсан болохоор социалист ардчилал хийгээд социалист ёс зүйт төрийг цогцлооход ихээхэн хүндрэлтэй байлаа. Социалист ардчиллыг бэхжүүлж байж бид алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлүүдээсээ салж чадна.

-Одооноос юмс арай өөр голдрилоор, арай аядуу тайван өрнөнө гэж бодож байна уу. Маоистууд одоо ч олуулаа гэж би сонссон. Соёлын хувьсгалыг дэмжигчдийг хэлж байна л даа?

-“Дөрвийн бүлэг” буюу хувьсгалын эсэргүү нарын нэр, нөлөөг дутуу үнэлж болохгүй. Гэхдээ ард иргэдийн 97-98 хувь нь тэдний эсрэг байсан. 1976 оны дөрөвдүгээр сарын 5-нд тэднийг эсэргүүцсэн маш том хөдөлгөөн өрнөснөөс үүнийг харж болно. Тэр үед Мао даргын бие чилээрхүү, Жоу сайд өөд болсон байлаа. “Дөрвийн бүлэг”-ийг шийтгэснээс хойш, өнгөрсөн хэдэн жилд намын III, IV, V бүгд хурлаар ард олон нийгмийн тогтолцоог хэрхэн шинэчлэх талаар санал дэвшүүлсэн.

Ялангуяа, орчин үежих шаардлагатай талаар дээр, дооргүй ярьж байна. Хэн хүнгүй эв нэгдэл, тогтвортой байдлыг хүсэж байна. Ард түмэн өргөн хүрээний хөтөлбөр, элдэв хөдөлгөөнөөс залхжээ. Тиймэрхүү явдал нэг биш, нэлээн биш, бүр нэг хэсэг хүнийг хохироодог гэдгийг одоо бүгд мэдэх болсон. Тиймээс ард иргэд одоогийн төр засгийн бодлогыг дэмжинэ. Тэгснээр Соёлын хувьсгал шиг үзэгдэл дахин давтагдахгүй гэдэгт бид итгэлтэй байна.

 -Мао даргыг нас барсны дараа л “Дөрвийн бүлэг”-ийнхнийг баривчилсан. Тэдний баривчилгааг хэн зохион байгуулсан бэ. Хэний санаа байсан бол?

-Хамтын ажил байсан юм.Дээр дурдсан дөрөвдүгээр сарын 5-ны хөдөлгөөн суурийг нь тавьсан гэхэд болно. “Дөрвийн бүлэг” гэх нэршлийг Мао дарга нас барахаасаа хоёр жилийн өмнө гаргасан юм шүү дээ. “Дөрвийн бүлэг”-ийнхэнтэй бид хоёр жил тэмцсэн. Тэд Мао даргын сонгосон залгамжлагчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

Тиймээс түүнийг нас барсны дараа засгийн эрхийг гартаа авах гэж оролдсон тул бид хариу арга хэмжээ авсан хэрэг. Тэднийг ганц, хоёрхон хүн зайлуулж чадахгүй шүү дээ. Баригдсаныхаа дараа хүртэл тэд Мао даргыг хүндэтгээгүй.

-Капитализмыг та тийм ч муу зүйл биш гэж бодож байна уу?

-Капитализмыг чухам хэрхэн тодорхойлохоос шалтгаалах байх. Ямартай ч феодализмаас дээр гэдэг нь маргаангүй. Капиталист орны юм бүхэн капитализмын үр дагавар гэх аргагүй шүү дээ. Тухайлбал, техник технологи, шинжлэх ухаан зэрэг салбарын хөгжил аль ч тогтолцооны, ямар ч улсад хэрэгтэй.

-“Дөрвийн бүлэг”-ийн талаар нэмж нэг зүйл тодруулахад ард иргэдийн дийлэнх нь тэдний эсрэг байсан атал яагаад тэд тийм эрх мэдэлтэй болсон юм бэ. Ялангуяа ахмад үеийн төрийн зүтгэлтнүүд тэдний дунд байсан шүү дээ. Тэр дөрвөн хүний нэг нь Мао Зэдуний эхнэр байсантай энэ холбоотой юу?

-Нэг талаар тийм. Тэднийг эрх мэдэлтэй болгосон нь Мао даргын бас нэг алдаа байсан санагддаг.“Дөрвийн бүлэг" тойрон хүрээлэгчдээ хурдан бүрдүүлж, залуусыг ашигласан.

-Мао дарга эхнэрээсээ болж, эргэн тойронд нь юу болж байгааг сайтар анзаараагүй болов уу?

-Зян Чин олон муу зүйл хийсэн. Гэхдээ Мао дарга тэр хоёр олон жил тусдаа амьдарсан юм.

-Тэр тухай мэдээгүй юм байна?

-Эхнэрээ төрийн хэрэгт оролцож эхлэхэд Мао дарга их хүлээцтэй байсан. Энэ нь түүний алдаа байсан. Зян Чин болон “Дөрвийн бүлэг”-ийн бусад гишүүн сая сая хүнийг аюулд унагасан шүү дээ.

-Зян Чинийг үнэл гэвэл та хэдэн оноо өгөх вэ?

-Тэг ч хүрэхгүй оноо өгнө. Хасах 1,000 гэсэн үнэлгээ байхад болно.

-Харин өөртөө ямар оноо өгөх вэ?

-Давуу болон сул талуудыг минь 50, 50 хувиар үнэлэхэд л хангалттай. Гэхдээ нэг зүйлийг баттай хэлж чадна. Би насан туршдаа ухаан саруул байхыг эрхэмлэж ирлээ. Үүнийг сайн тэмдэглэж аваарай. Нэг бус удаа алдаж, нөхөр Мао Зэдуний гэм буруугаас үүрэлцэж байгаа ч зөвхөн сайн сайхныг бодож, бусдын тусын тулд гэж санаж яваад алдаж эндсэн байна. Алдахгүй хүн гэж нэгээхэн ч үгүй.

Өмнөх бүх эндэгдлээ бид зөвхөн Мао даргад тохож болохгүй. Бидний хойч үе ч гэсэн түүний алдаа, төөрөгдлийг саруул ухаанаар цэгнэхийн хамт ач гавьяаг нь санах болно.

Эх сурвалж: Chinadaily

Зураг