Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Унтай тэмцэх хамгийн зөв аргыг Хойд Солонгосын дүрвэгч Америкчуудад заалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосоос дүрвэсэн Пёньяны хамгийн өндөр албан тушаалтан өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын конгресст мэдээлэл хийсэн юм.

Британи дахь Хойд Солонгосын элчин сайдаар ажиллаж байгаад 2016 онд Өмнөдөд дүрвэж ирсэн Тэ Ён Хо энэ үеэр Ким Жон Унтай тэмцэх хамгийн сайн аргыг конгрессийн гишүүдэд санал болгосон байна.

“Бид Хойд Солонгосын иргэдэд гадаад ертөнцийн тухай бодит мэдээллийг тараах замаар тэмцэх хэрэгтэй” гэж тэр хэлжээ. Өөрөөр хэлбэл мэдээллийн дайн илүү үр дүнтэй гэсэн байна.

Тухайлбал Ким Жон Ун болон түүний гэр бүлийг “бурхад биш”, энгийн хүмүүс болохыг ойлгуулах нь хамгаас чухал гэнэ. “АНУ энэ дэглэмийн эсрэг тэрбум тэрбумаар нь цэрэг зэвсэгт мөнгө зарж байна. Гэтэл Хойд Солонгос руу мэдээлэл цацахад жилд хэдийг зарж байгаа бол? Харамсалтай нь маш өчүүхэн хэмжээтэй гэдэгт би итгэлтэй байна” гэж экс элчин сайд ярьжээ.

Дональд Трампыг Ази тивд анх удаагаа айлчлахаас хэдхэн хоногийн өмнө Тэ Ён Хо анх удаа Вашингтонд ирээд байгаа нь энэ юм.

Трампын Өмнөд Солонгос, Япон, Хятад, Вьетнам, Филиппинд хийх айлчлалын гол сэдэв нь Солонгосын хойгийн асуудал байх нь гарцаагүй.

Тэ Ён Хо мөн конгрессийн гадаад хэргийн байнгын хорооны гишүүдэд хандаж, АНУ-ын албаныхан ядаж нэг удаа Ким Жон Унтай уулзаж, түүний санаа бодлыг ойлгохыг оролдох, цаашлаад цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг ятгах хэрэгтэй гэсэн байна.

Ким Жон Ун АНУ-аар өөрийгөө цөмийн зэвсэгтэй орон гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, Солонгосын хойгоос Америкийн цэргийг гаргаж чадна гэсэн бодолтой байгааг тэр бас хууль тогтоогчдод дуулгажээ.

Тэ Ён Хо бол сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Хойд Солонгосын дэглэмээс зугтсан хамгийн өндөр албан тушаалтан юм.

Тэр одоо Сөүл хотод гэр бүлийн хамт оршин суудаг ажээ.

 

Эх сурвалж: Reuters