Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Японыг цочроосон цуврал аллагын хэрэг илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Японы цагдаа нар Токиогийн захын хувийн сууцнаас мөчилсөн есөн хүний цогцсыг илрүүлснээ өчигдөр зарлажээ.

Сэжигтэн 27 настай Такахиро Ширайшигийн гэрт хөргөгчинд хадгалагдаж байсан хуваагдсан цогцоснуудын эздийг олж тогтоох ажил явагдаж байгааг цагдаа мэдээлсэн байна.

Анх сураггүй болсон 23 настай эмэгтэйн араас мөрдөж байхдаа цагдаа нар Даваа гарагт энэ сууцнаас цогцоснуудыг олжээ. Сураггүй болсон эмэгтэйн ах өнгөрсөн долоо хоногт цагдаад мэдэгдэж, эрлийн ажил эхэлсэн юм байна.

Нийтдээ найман эмэгтэй, нэг эрэгтэйн цогцос олдсоны дотор сураггүй болсон эмэгтэйг байгаа гэж мөрдөгчид үзэж байгаа гэнэ. Хохирогчдыг наймдугаар сараас аравдугаар сарын хугацаанд гэртээ авчран амийг нь хороосон байжээ.

Ширайшигийн гэрээс олон төрлийн багажтай хайрцаг олдсон нь цогцоснуудыг мөчлөхөд ашигладаг байсан гэж таамагласан байна. Одоогоор цагдаа нар аллагын зорилгыг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Алуурчин нь амиа хорлохыг хүсэж байгаа хүмүүстэй Твиттер сүлжээгээр танилцаж, зорилгоо биелүүлэхэд нь туслах нэрээр гэртээ авчирдаг байсан аж. Цагдаа нар эхлээд түүний сууцны үүдэн хэсэгт хөргүүрт хадгалж байсан хоёр хохирогчийн толгойг олж, дараа нь үргэлжлүүлэн бусад цогцосны хэсгүүдийг илрүүлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ширайшиг Токиогийн сэкс бизнесийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийг элсүүлэх ажил эрхэлдэг нэгэн байсан гэж NHK суваг мэдээлсэн байна.

Хэдийгээр Япон улс гэмт хэргийн гаралт багатай улсад тооцогддог ч сүүлийн үед онц ноцтой хэргүүд тасрахгүй байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сард асрагчийн ажил эрхэлдэг байсан 27 настай залуу асрамжийн төвд нэвтэрч хутгаар 19 хүний амийг хороож, 20 гаруй хүнийг шархдуулсан нь дайнаас хойш Японд гарсан хамгийн олон хохирогчтой аллагын хэрэг байв. Түүний шүүх хурал одоо болтол явагдаагүй байна. 2015 онд Японы баруун хэсэгт оршин суудаг иргэн гэр бүл, хөршийнхөө таван хүнийг хутгаар хөнөөж, шүүхээс цаазын ял сонсжээ.

 

Эх сурвалж: Associated Press