Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбасүрэн: Навигацийн орлого 50 тэрбумаар нэмэгдэнэ

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 1
Үндэсний шуудан
 
Гэрэл зургийг mpa.mn

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй уулзаж иргэний нисэхийн салбарт өрнөж буй үйл явдал, хийгдэж буй ажлын талаар ярилцлаа.

-Өдрийн мэнд хүргэе. Танаас ярилцлага авах цагаасаа хоцрохгүй гэж ихэд хичээлээ. Салбарын тань онцлогийг харгалзаад бодоход цаг бол цаг байх болов уу гэж итгэсэн хэрэг л дээ?

-Өдрийн мэнд. Баярлалаа. Нисэхийн салбарт цаг юу юунаас чухал гэдгийг ойлгож товлосон цагтаа бидний ярилцлага эхэлж байна гэж ойлголоо, тийм үү.

-Тийм ээ. Танай байгууллагыг нарийн мэргэжлийн чиг үүрэгтэй ажилладаг онцгой байгууллага гэж ойлгодог?

-Нисэхийн салбарын бүх үйл ажиллагаа нарийн дэг журам, стандарт шаарддаг учраас онцгой байгууллагад тооцогдсоор ирсэн. ИНЕГ нь нэг талаасаа нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт хийдэг. Нөгөө талаасаа нислэг болон түүний бүхий л үйлчилгээг хангаж ажилладаг байгууллага. Ер нь сүүлийн жилүүдэд салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх талаар хийгдсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь нислэгийг аюулгүй байдлыг хангах болон нислэгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг өргөжүүлж байна.

Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгийг багахан хувьд нь Чингис хаан ОУНБ-д хөөрөлт, буулт үйлддэг гэхээр хир хэмжээний ажлын ачааллыг бид үүрч байгаа нь ойлгогдох болов уу. Энэ арваннэгдүгээр сард Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо 100 мянга давах төлөвтэй байна. Энэ өсөлт маань биднээс аюулгүй ажиллагааны өндөр шаардлага, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, ажлын шинэ хандлага, өндер зохион байгуулалт, хариуцлага шаардаж байна.

-Өнгөрсөн жил хэр олон онгоц нисэж өнгөрсөн бэ?

-Агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн жилийн нийт нислэг 99,210 гэж бүртгэгдсэн байгаа. 

-Өдөртөө хэд нисэх үү?

-Нислэг тухайн өдөр, улирлаасаа хамааран харилцан адилгүй байдаг ч хоногтоо дунджаар 270-300 нислэг дамжин өнгөрч байгаа. Арав гаруй жилийн өмнө хоногтоо 100-гаад нислэг өнгөрч байсан гэхээр агаарын навигацийн хөгжил хэрхэн явагдаж нислэгийн хөдөлгөөний удирдагчдын ажлын ачаалал ихэссэн байгааг харж болно.

-Нислэгийн удирдагчид харьцангуй залуужсан гэж сонссон?

-Салбарын хувьд насжилтаараа харьцангуй залуужиж байгаа мэргэжлийн нэг. Манай залуучууд олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан өндөр шалгуурыг ханган ажиллаж байгаа гэхээр бахархалтай. Манай байгууллага ийм шаардлага хангахуйц гадаадын сургалтын байгууллагуудад өөрийн ирээдүйн боловсон хүчнээ бодлогоор дэмжин суралцуулж, мэргэшүүлж ирсэн.

-Та энэ салбартаа хэр удаан ажиллаж байгаа вэ?

-Би Нисэхийн сургуулийг 1994 онд төгссөнөөс хойш энэ салбартаа 23 дахь жилдээ ажиллаж байна.

Ажлын гараагаа Чингис хаан нисэх буудалд ачигчаар эхэлж байлаа. Нисэхийн салбарт ажиллахдаа Нисэх буудал, "МИАТ” ТӨХК, Иргэний нисэхийн ерөнхий газарт ачигч, диспетчер, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, албаны дарга, Олон улсын нислэгийн дарга, Чингис хаан олон улсын нисэх буудлын захирал, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга зэрэг ажлыг хийж байгаад ИНЕГ-ын даргаар 2016 оны есдүгээр сараас томилогдон ажиллаж байна. Нисэхийн салбарын мэргэж-лийн боловсон хүчин харьцангуй тогтвортой ажиллаж, энэ салбартаа бүх зүрх сэтгэл, хичээл зүтгэл, амьдралаа зориулсан хүмүүс байдаг. 

-Мэс заслын эмчийг мэс засалч л хийнэ гэдэгтэй адил байх?

-Тэгж адилтгаж болно. Нисэхийн нарийн мэргэжилтнүүд цаг хугацаа, мэдлэг боловсрол, дадлага туршлагыг хуримтлуулсан үнэтэй боловсон хүчин. Гэвч 2012-2016 онд мэргэжилтнүүдийн тогтвортой байдлын бодлого алдагдаж ирсэн.

-Нөгөө 400 гаруй хүн халж, сольсон тухай асуудлыг та халж байна уу.

-Тийм ээ. Дөрвөн жилийн хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 400 хүнийг ажлаас чөлөөлж томилсныг АТГ-ын шалгалтаар тогтоосон байгаа. Энэ хууль бус үйл ажиллагааг хэдэн онд хэн гэдэг газрын даргын үед хийгдсэн бэ гэдгийг харвал тодорхой ойлгогдох байх. Зөвхөн 2012-2016 оны хооронд буюу дөрвөн жилийн дотор ИНЕГ-ын даргыг нийт таван удаа өөрчилсөн байдаг юм.

Өөрчлөлт хийгдэх бүрт бүтэц орон тоог өөрчлөх замаар тушаал гарч албан тушаалын томилгоо, өөрчлөлт хийгдсэн байдаг. Өнгөрсөн есдүгээр сард хийгдсэн Иргэний нисэхийн олон улсын аудитын байгууллагын ээлжит шалгалтаар хүртэл “Монгол Улсын иргэний нисэхийн салбарын боловсон хүчин тогтвортой ажиллахгүй байна” гэсэн сануулга, зөвлөмж егсөн.

-Таны хувьд тэгвэл халаа сэлгээ хийсэн үү?

-Би өөрөө эрх зүйч, энэ салбар-таа мэргэшсэн ажилтны хувьд аль болох нисэхийн салбарт үүсээд байсан мэргэжлийн бус халаа сэлгээг цэгцлэх зарчмаар зарим нэг өөрчлөлтийг хийсэн. Жил бүр бүтэц орон тоо хийж тогтсон бодлого, төлөвлөлт алдагдсан гэж үзсэн тул Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн хүрээнд нийцүүлэн ИНЕГ-ын бүтцийг шинэчлэн бодлого, төлөвлөлтийн хэлтсүүдийг гарган ажилласан. Энэхүү бүтцийн өөрчлөлтийг хийхэд ажлын байрны шаардлагад нийцэхгүй, орон тоо чиг үүрэг давхардсан олон ажлын байр, ажилтнууд байсан.

Өөрөөр хэлбэл, нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн орон тоо багассан байдал нь мэргэжлийн салбарт байж боломгүй зүйл учраас зарим өөрчлөлтийг хийсэн. Нисэхийн салбарын хэмжээнд энэ өөрчлөлт, орон тооны цомхотголоор 32 хүн чөлөөлсөн. Зөвхөн Нисэхийн сургалтын төв дээр гэхэд захирал, дэд дарга, ерөнхий менежер гэсэн гурван удирдах албан тушаалтан ажиллаж байх жишээний. Тэгсэн хэр нь доор нь хорь гаруйхан хүн ажилладаг. Ийм боловсон хүчний бодлогын алдааг засаж залруулсан.

-Иргэний нисэхийн ерөнхий газар улс төсөвт навигацийн хураамж төвлөрүүлдэг билүү?

-Тиймээ, сүүлийн жилүүдэд улсын төсөвт оруулах навигацийн хураамжийн төлбөрийг манай салбар давуулан биелүүлж байна. Жилдээ 100 мянга орчим онгоц Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрөх болсон нь үүнд нөлөөлсөн. Дээр нь, өмнөх жилүүдэд өнгөрөлтийн нислэгийн хураамжийг зургаан ангиллаар тооцож авдаг байсныг бид энэ жилийн эхэнд 16 ангилал болгон шинэчлэн боловсруулсан. Энэ нь орлого төвлөрүүлэлт нэмэгдэхэд бодит нөлөө үзүүлсэн.

-Өнгөрсөн жилийн навигацийн хураамжаас хэр зөрүүтэй байгаа вэ?

-Навигацийн хураамж бодох аргачлалыг шинэчлэн боловсруул-сан болон өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүдээс үүдэн энэ оны эхний зургаан сарын орлогоос гурав орчим, 2016 оны долоодугаар сарын мөн үеийнхээс даруй зургаан тэрбум орчим төгрөгийн нэмэлт орлого бүрдүүлэх бодит нөхцөл бүрдсэн. Энэ бол манай багийн менежментийн шинэчлэлийн үр дүн. Жилээр нь тооцоод үзэхээр 50 орчим тэрбум төгрөгийн илүү орлого олох боломж бүрдсэн гэсэн үг.

Дээр нь, манайх энэ жилээс агаарын замаа цэх шулуун болгосон байгаа. Өмнө нь Монгол дээгүүр явж байгаа онгоцууд ажиглалтын систем, өргөргөө дагаад эргэлт ихтэй, тойруу замаар явдаг байсан. Тэр хэрээр дээгүүр явж байгаа авиа компаниуд цаг хугацаа алддаг, шатахуун их зарцуулна. Агаарын замыг цэх шулуун болгож шинэчилснээр агаарын тээвэрлэгч нарт ч эдийн засгийн алдаа ашигтай туссан.

-Гэхдээ агаарын зам болон авиа компанитай холбоотой шийдвэрийг тухайн улс дангаараа бие дааж гаргадаггүй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ шийдвэртэй холбоотой хэр их хэлэлцээр хийсэн бэ. Танай салбарт “бие даасан шийдвэр байдаггүй” гэж ярьдгаас үүдээд тодруулъя?

-Энэ аргачлалтай төсөөтэй аргачлалыг бусад улс хэрэгжүүл-сэн байдаг ч бидний хувьд энэхүү аргачлалыг боловсруулан батлуулахад нэлээдгүй хичээл зүтгэл гаргаж ажилласан гэж ойлгож байгаа. Гэхдээ мэдээж өөрийн тань асуусанчлан Олон улсын агаарын тээврийн холбоотой маш олон удаагийн яриа хэлэлцээг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хийж байж, эцсийн шийдвэрээ гаргасан. Бараг дөрвөн cap ярилцаж, хэлэлцсэн.

Үүний үр дүнд “Үнийн өөрчлөлтөө бидэнтэй ярилцаж шийдвэрлэж байгаа нь сайн байна. Техник, технологийн шинэчлэлийг ч сайн хийж. Гол нь хоёр жилийн хугацаанд үнэ тарифын өөрчлөлт хийхгүй шүү” гэж хэлээд зөвшөөрсөн. Иймд цаашид үл ойлголцол гарахгүй гэсэн үг. Эдийн засаг хүнд байгаа энэ үед ямар ч байсан 50 орчим тэрбум төгрөгийн орлого илүү олох боломж нээсэндээ бид бүхний хувьд баяртай байгаа. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд маш сайн дэмжсэн гэдгийг энд хэлэх  хэрэгтэй.

-Энэ шийдвэртэй холбоотой техникийн шинэчлэл гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Ерөөсөө л өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ИНЕГ-ын бодлого, төлөвлөлтийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр үе, үеийн удирдлагуудын хийсэн шинэчлэлийн үр дүнд ийм боломж нээгдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрхүү ажлын үр дүнд Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ агаарын тээвэрлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн байгаа.

Энэ ажлын үр дүн бидний үед гарч байгаа нь ганц Бямбасүрэн гэж хүний гавьяа гэж би хэлэхгүй. Тэгэхээр хамтын үр дүн гэж ойлгох хэрэгтэй. Харин агаарын навигацийн үйлчилгээний чанарын хүрсэн түвшнийг хадгалах цаашлаад улам боловсронгуй болгох тал дээр тогтвортой бодлого барьж явуулах нь бидний харах чиглэл болж байна.

Энэхүү шинэчлэлийг тогтмол хийж өөрийн агаарын зайд үйлдэгдэх нислэгийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажилласнаар нислэгийн тоо нэмэгдэж байвал энэхүү техникийн шинэчлэлийн үр дүн гарна.

-Ер нь навигацийн хураамж гэж яг юуг нь хэлээд байдаг юм бэ. Манайхан бол агаарын замаа ашиглуулсны төлбөр гэж ойлгодог. Та нар болохоор мэргэжлийн үүднээс арай өөр тайлбар хийгээд байгаа сонсогддог?

-Хэт мэргэжлийн яриа болчхож магадгүй юм. Гэхдээ мэдээж тайлбарлах нь зөв байх. ИКАО буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн болсон бүх орны агаарын зайг үнэгүй ашиглуулах зарчимтай байдаг.

Харин агаарын зайд нислэг үйлдэхдээ агаарын навигацийн үйлчилгээг авч нислэгийн аюулгүй байдлаа хангуулсны төлөө агаарын тээвэрлэгчид навигацийн байгууллагад үйлчилгээний төлбөр төлдөг үйлчилгээний хураамж гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас агаарын навигацийн шинэчлэлийг иргэний нисэхийн байгууллагаас гаргаж буй бодлого, төлөвлөлттэй уялдуулан тогтмол шинэчлэн хэрэгжүүлэх зарчимтай юм.

-Танай байгууллагыг хүмүүс онцгой бүс гэж ойлгодог. Тэр хэрээр үйл ажиллагаа нь олон нийтэд хаалттай байдаг байх талтай. Та 20 гаруй жилийн турш энэ салбарт ажиллахдаа удирдлагуудынхаа алдаа, оноог хамтад нь харж явсан байх. Тэндээс хуримтлуулсан туршлагаа бодоод хариулахад ер нь ИНЕГ-ыг нээлттэй байлгах боломж бий юу?

-Хаалттай гэдгийн тухайд манайд ажилладаггүй, нисэхийн салбар гэдгээр нь хардаг хүмүүсийн бодол байх. Уг нь нууцлах зүйл байхгүй. Харин нисэхийн болон иргэний нисэхийн чиглэлийн байгууллагуудын аюулгүй байдал талаас нь мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гараагүй байхад олон нийтэд ташаа мэдээлэл түгэхээс болгоомжлох, сэрэмжлэх зүйл бол байдаг. Яг салбарынхаа хувьд их гэгээн, гэгээлэг салбар.

-Тэгвэл ОХУ-аас ирсэн АН-2 онгоц хөөрч чадалгүй техникийн буулт хийсэн тухай мэдээллийн талаар тодруулъя. Хэдийгээр энэ мэдээ олон нийтэд ил болсон ч яагаад техникийн буулт хийх болсон, урьдчилсан шалгалтын дүн гээд асуух зүйл бас байна аа?

-Энэ асуултад зарчмын хоёр тайлбар хиймээр байна. Өнгөрсөн тавдугаар сард ослын буулт хийсэн гээд байгаа ТВС-2МС агаарын хөлөг нь ОХУ-д бүртгэлтэй. Нисэх баг нь ОХУ-ын эрх бүхий байгууллагаас гэрчилгээжсэн орос мэргэжилтнүүд байсан. Буянт-Ухаагаас хөөрөх гэж байгаад чадалгүй ослын буулт хийсэн. Ослын газарт агаарын хөлгийн эзэмшигч компани болон ОХУ-ын хяналт шалгалтын байгууллагын баг ирж үзлэг шалгалтыг хийсэн. Үзлэг шалгалтын явцад ИНЕГ-аас үзүүлж буй нислэг удирдлага, агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээ зэргээс шалтгаалсан зөрчил гараагүйг илэрхийлсэн.

-Манай инженерүүд угсарсан гэж яригдаад байсан?

-Тийм юм байхгүй. Монголд угсарсан онгоц биш. Оросын мэргэжлийн байгууллагаас эцсийн дүгнэлт гартал олон улсын дүрэм, журмын дагуу манай зүгээс мэдээлэл, тайлбар гаргах боломжгүй байдаг.

-Манайх худалдаж авах сонирхолтой байсан юм уу?

-2013 онд батлагдсан Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт Монгол Улсад Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхээр тусгагдсан. Энэ хүрээнд, аялал, жуулчлал, хөдөө аж ахуй, онцгой байдал, түргэн тусламж зэрэгт ашиглах бага оврын олон янзын агаарын хөлөг судалж байгаа. Тэдний нэг нь ТВС-2МС агаарын хөлөг байсан юм.

-Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох хугацааг өөр өөрөөр хэлээд байгаа харагдах юм. Та үүнд нэг тодорхой хариулт өгөөч.

-Уг төслийн ерөнхий захиалагч нь Иргэний нисэхийн ерөнхий газар. Энэ буудал маань зарцуулагдаж буй хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа явуулах цар хүрээ, хүлээгдэж буй хэрэгцээ шаардлагаараа биднээс гадна ард иргэд тэр чигээрээ анхаарал хандуулж байгаа нэгэн чухал ажил.

Олон улсын жишигт нийцсэн нисэх буудал гэдэг утгаараа үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч талаас хийгдсэн ажлыг хүлээн авах, хийгдэж буй ажлын чанарт хяналт тавих, хийгдээгүй цаг хугацаа алдаж байгаа ажлуудыг дахин төлөвлөх гээд багагүй цаг хугацаа зарцуулан 2018 ондоо багтаан ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.

-МИАТ компанийн удирдлагууд шинэ нисэх буудлыг 2018 онд ашиглалтад оруулах боломжгүй гэсэн ярилцлага өгсөн байсан?

-Шинэ нисэх буудалд үйл ажиллагаа эхлүүлэхэд агаарын тээвэрлэгчид бүр өөрийн төлөвлөгөө төслөө гарган ажиллаж байгаа. МИАТ ХК-ийн хувьд онгоцны засвар үйлчилгээ хийх ангараа 2018 онд ашиглалтад орж амжихгүй гэдгээ хэлсэн гэж ойлгож байгаа. Түүнээс олон улсын шинэ нисэх буудал маань 2018 ондоо төлөвлөгөөний дагуу ашиглалтад орно гэдгийг дахин хэлье.

-Одоо ер нь хэр хэмжээний санхүүжилт зарцуулсан байгаа юм бэ?

-Нийт дүнгээрээ 65.6 тэрбум иений төсөл. Гэхдээ иений ханшийн өөрчлөлтөөс өдөр, өдөртөө хэлбэлзээд байдаг юм. 600-650 сая ам.долларын бүтээн байгуулалт гэж ойлгож болно.

-Эзэмшигч нь хэн байх вэ гэдэг асуудал бас өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Энэ тухай та сүүлийн үеийн мэдээлэл өгөх үү?

-Монгол Улсын эзэмшилд байна. Ерөнхий гүйцэтгэгч болох “Мицибуши” компанийн зүгээс Японы нисэх онгоцны буудлуудтай хамтарсан консорциум болж концессоор оролцох хүсэлтээ тавьсан байгаа. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээр хийж байна. Ойрын хугацаанд хэлэлцээр үргэлжлэх болов уу.

-Энэ оны долоодугаар сард Ази номхон далайн орнуудын иргэний нисэхийн ерөнхий захирлуудын чуулга уулзалтыг танайх Монголд зохион байгуулсан. Үүнийгээ "Иргэний нисэхийн АСЕМ” гэж та бүхэн нэрлээд байсан. Гол үр дүн нь юу байсан юм бэ?

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын бүх удирдлага, Ази, номхон далайн 40 гаруй орны иргэний нисэхийн ерөнхий захирал бусад төлөөлөгчид гээд 400 гаруй зочид, төлөөлөгчид ирсэн тус хурлын үеэр ОУИНБ-аас дэвшүүлж буй шинэ санал, санаачилга, стандартыг нэвтрүүлэх талаар хэлэлцсэнээс гадна Монгол Улс ойрын хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай Иргэний нисэхийн салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар нэлээдгүй үр дүнтэй уулзалтууд зохион байгуулагдсан.

Үр дүнгийн тухайд, үнэ тарифын өөрчлөлт, агаарын замын шинэчлэл, техник технологийн хөгжил гээд эерэг үр дүнг эхнээсээ өгөөд эхэлсэн. Бид өмнөд болон хойд хөрштэйгөө стратегийн түншийн хэмжээнд харилцаагаа сайжруулж чадсан. Мөн олон улсад Монголын иргэний нисэхийн байгууллага боловсон хүчин, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаагаараа дэлхийн жишигт хүрсэн улс гэдгээ харуулж чадсан.

-Та Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ийн ээлжит шалгалтын талаар хальт дурдаад өнгөрсөн. Энэ шалгалтаар нисэхийн салбар хэрхэн үнэлэгдэж дүгнэгдэв?

-Монгол Улсад ОУИНБ 2010 онд бүрэн хэмжээний аудит шалгалтыг хийсэн. Энэ үеэр 85 хувиар үнэлүүлж байсан. Энэ есдүгээр сард бататгах хэсэгчилсэн шалгалтыг дөрвөн чиглэлд хийсэн. Тодруулбал, агаарын навигац, хууль эрх зүй, үнэмлэх гэрчилгээжүүлэлт, нислэгийн стандарт гэсэн чиглэлүүдэд шалгалт хийгдсэн юм. Урьдчилсан дүнгээр ИНЕГ амжилттай шалгуулж, аюулгүй ажиллагааны үнэлгээгээ ахиулан бататгасан.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.