Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Стив Жобсын автомашиныг дуудлага худалдаагаар зарна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын эдэлж байсан автомашиныг арванхоёрдугаар сарын 6-нд Нью Йорк хотод болох дуудлага худалдаагаар зарах гэнэ.

Apple-ийн гүйцэтгэх захирлаар дахин томилогдоод байхдаа Жобс 2000 оны аравдугаар сард BMW Z8 спорт загварын автомашиныг худалдан авч байжээ. Тэр гурван жил унасныхаа эцэст уг машинаа зарсан юм байна. Жобсоос худалдаж авсан хүн уг машиныг хадгалж байгаад ийнхүү зарахаар болсон гэнэ.

Металл өнгөтэй, хар савхин дотортой Z8 нь Калифорнид бүртгэлтэй, “Jobs, Steven P.,” нэр дээр байгаа ажээ. Жобс машины хорхойтой хүн байгаагүй ч Герман машины загварт дуртай байсан гэгддэг. Түүнд Mercedes Benz SL машин, BMW мотоцикль бас байжээ.

Oracle компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Ларри Эллисон анх Жобсд BMW Z8-ийг авахыг ятгахдаа Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг санагдуулам орчин үеийн хэлбэр, дизайнтай гэж тайлбарлаж байсан гэнэ.

15,200 миль зам туулсан уг машиныг анх $129,000-аар 2000 онд авч байсан бол энэ удаа дуудлага худалдаагаар $200,000-$400,000 үнэ хүрнэ гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

 

Эх сурвалж: Business Insider