Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин Төвд малчдад газар нутагтаа эзэн болохыг захижээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний Хятад-Энэтхэгийн маргаантай хилийн бүсэд амьдардаг төвд малчин гэр бүлд хандаж бичсэн захидлыг Ням гарагт Синьхуа агентлаг нийтэлжээ.

Төрийн тэргүүнд олон нийтээс маш их захидал ирдэг боловч Ши Жиньпин онцгойлон энэхүү малчин гэр бүлийн захидалд хариулсан нь Хятад-Энэтхэгийн хилийн асуудалд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болсон байна.

Өнгөрсөн зун Энэтхэгийн талтай цэргийн мөргөлдөөнд хүрэхэд ойрхон байсан бүс нутгийн Юмай тосгонд амьдардаг хоёр охинтой малчин эцэг өөрсдийн тосгоны аж байдлын талаар захидалдаа бичсэн байв. 1979-1996 оны хооронд Хималайн нуруунд байдаг энэхүү зэлүүд тосгоны цорын ганц оршин суугчид нь тэдний гэр бүл байжээ.

 

Гэвч сүүлийн жилүүдэд хүн ам нь нэмэгдэж, 32 оршин суугчтай болоод байгааг малчин гэр бүл бичсэн байна.

Ши Жиньпин шууд Энэтхэг улсын нэрийг дурдаагүй ч “газар нутгаа хамгаалж, эзэн нь болж ирсэн” олон арван жилийн амьдралыг нь захидалдаа магтан сайшаажээ. “Хил хязгаар амгалан биш бол олон сая гэр бүлийн амьдрал амгалан байж чадахгүй” гээд “эх орныхоо ширхэг мод, өвс бүрийг бид хамгаалах ёстой” гэж тэр захидалдаа бичсэн байна.

Эцэст нь Ши Жиньпин малчны гэр бүлийг газар нутгаа үргэлжлүүлэн хамгаалахыг уриалж, зоригжуулсан үгээр захидлаа дуусгажээ.

2015 онд Хятадын Үндэсний Газарзүйн суваг Хималайн алс зэлүүд нутгуудад суугаа Төвд айлууд Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж байгааг өгүүлж байв. Уг мэдээлэлд Юмай тосгоны ахлагч “хэрвээ айлууд тосгоноо орхиж нүүсэн бол энд Энэтхэгчүүд орж ирэх байлаа” гэж ярьж байжээ.

 

Эх сурвалж: Xinhuanet