Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Давхар иргэншлийн асуудлаас үүдэлтэйгээр Австралийн засгийн газар хүнд байдалд орлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Шадар сайд Барнаби Жойс

Өнөөдөр Австралийн дээд шүүх тус улсын шадар сайд Барнаби Жойсийг сонгуульд өрсөлдөж байх үедээ Шинэ Зелаандын давхар иргэншилтэй байсан тул парламентад суух эрхгүй хүн гэсэн шийдвэрээ зарлажээ.

Тус улсын 116 жилийн өмнө батлагдсан үндсэн хуулинд давхар иргэншилтэй хүн парламентийн гишүүн болох эрхгүй байдаг юм.

Ингэснээр Австралийн парламентийн доод танхимд дөнгөж нэг суудлын илүүгээр олонх болсон консерватив эвслийн засгийн газар хүнд байдалд орлоо.

Одоо Жойс өөрөө мэдэлгүйгээр эцгээсээ өвлөгдсөн Шинэ Зеландын иргэншлээ цуцлуулсны дараа тойрогтоо дахин сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Австралийн New South Wales мужийн тойрогт ирэх арванхоёрдугаар сард дахин сонгууль явагдах төлөвтэй байгаа юм.

Одоогийн засгийн газрын нэр хүнд тийм сайнгүй байгаа тул Жойс дахин сонгогдож чадна гэсэн баталгаа байхгүй. Хэрвээ ялагдвал ерөнхий сайд Малкольм Турнбулын засгийн газар орших эсэх нь эргэлзээтэй болно.

Жойсоос гадна Австралийн дээд шүүх өөр дөрвөн парламентийн гишүүний давхар иргэншлийг илрүүлсэн тул сонголтыг нь хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

Тухайлбал тэдний нэг Мэтт Канаваны эх хүүдээ мэдэгдэлгүйгээр Италиас давхар иргэншил авсан байсан нь ил болсон юм. Гэхдээ тэдний суудалд сонгуульгүйгээр нам дотроосоо хүн томилох боломжтой тул улс төрийн хүчнүүдийн суудлын харьцаанд нөлөөлөхгүй.

Дээд шүүхийн шийдвэрээс үүдэлтэй улс төрийн хямрал эхэлж, иргэд хэт хуучинсаг үндсэн хуулийн заалтыг шүүмжилж эхэлжээ. Үнэндээ цагаачдаас хүн амын ихэнх нь бүрддэг Австралийн иргэдийн тал нь өөр оронд төрсөн, эсвэл эцэг эхийн аль нэг нь гадаадаас ирсэн хүмүүс байдаг юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд нэг ч засгийн газар нь бүтэн гурван жил ажиллаж үзээгүй Австрали улсад дахин улс төр, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүслээ.

 

Эх сурвалж: Bloomberg