Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүхэд эрхийг нь өг, чадахгүй бол хариуцлагаа хүлээг

Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
2017 оны 10 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гарагт “…Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүтцийг хөндөхгүй. Харин бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэж мэдэгдсэн.

Ингэхээр ад үзэгдээд байдаг хэдэн дэд сайд суудалдаа үлдэж магадгүй. Харин Засгийн газрын гишүүдийг өөрчилнө гэсэн үг.

У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий  сайдаар томилогдож амжаагүй байхад Засгийн газрынх нь сайд нарын таамаг нэрүүд хамгийн эрэлттэй мэдээлэл болоод байна. Яг л баяр наадмын бөхийн таавар шиг яригдаж байна.

Хамгийн марзан нь сайд болох хүсэлтэй хүмүүс нэрээ “гүйлгээд” л, “…Энэ хүн хамгийн сайн сайд болно” гэсэн мэдээг тарааж буй юм. Нэг яаманд санаатай хоёр гишүүн нэг нь нөгөөгөө хэвлэлээр муулуулах гэж яваад баригдаж гэнэ. Чи нэрээ татчих гээд бас бие биеэсээ гуйсан гэж байна. Улс төрд огт хамаагүй хоёр хүн нэгнийхээ ахыг сайд болгоно гээд өдөр шөнөгүй гүйж байгаа нь дуулдана.

Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайд нараас Шадар сайд асныхаа танхимд үлдчих гээд, үүнийгээ ойлгуулчих санаатай У.Хүрэлсүхийн өмнүүр хойгуур нь гүйгээд сүйд болж байна гэнэ.

Тэрчлэн У.Хүрэлсүх хэнийг сонсдог, хэнтэй хамгийн ойр нөхөрлөдгийг хүртэл нарийн ширийн судлаад явж байгаа хүмүүс ч байна. Сайд болох гэж тэр.

Хээрийн улай дээр эргэлддэг амьтад байдаг. Чоно, үнэг, хярс, за тэгээд хэрээ мэтхэн гээд олон амьтан бий. Түүн шиг шинээр бүрдэх Засгийн газарт багтчих сонирхол МАН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн нэлээдэд нь байна.

Өөрөөр хэлбэл, иймэрхүү байдлаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүтнээр нь “зурчихсан” хэд хэдэн хувилбар явж байгаа юм.

Харамсалтай нь, Засгийн газрын жинхэнэ бүрэлдэхүүний нэр У.Хүрэлсүхийн халааснаас л гарна. Тэр нэрсийг У.Хүрэлсүх намтайгаа, бүлэгтэйгээ, УИХ-тай хэлэлцэж, зөвшилцөж байж шийдэх дүрэм ном бий.

Тэгэхээр яригдаад байгаа нэрүүд нэр бүхий гишүүдийн мөрөөдөл төдий гэсэн үг. Гэхдээ олон нийтийн хүсэл, нийгмийн захиалга гэж харахаар цөөн тооны хүний нэр сайдад яригдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Аль ч Засгийн газрын хувьд голлох салбарууд гэж бий. Энэ нь хуулиар баталдаг үндсэн чиглэлийн яамнаас арай өөр ойлголт. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд хоёр хамгийн чухал нь байх болно.

Эдгээр салбарыг Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарт хариуцуулах нийгмийн сонирхол байгаа юм. Өнөөдөр Монголд тулгараад байгаа хуулийн завхрал, санхүүгийн хямралаас гэтлэхэд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар хоёрын чадлыг ашиглах нь зөв гэсэн үг юм. Энэ тал дээр У.Хүрэлсүх хэрхэн хандахыг мэдэхгүй. Бас энэ хоёр эрхэмд сайд болох хүсэл сонирхол хэр зэрэг байгааг бүү мэд.

Үүнээс гадна ЗГХЭГ-ын дарга гэж чухал алба бий. Энэ дарга юм болгон руу үсчиж, бүх зүйлд хуруу дүрж, Ерөнхий сайдтайгаа эрх мэдлээ булаалдвал юу болдгийг бид харсан. Одоо энэ албан тушаалд сонирхоод байгаа зарим хүн шиг холбирох дуртай, тулаан болоход ард нь орчхоод ялсан талын магнайд гарч ирдэг зуршилтай, төрийн ажлыг өр төлөөс гэж ойлгосон, нэг аймагт хамт нэр дэвшсэн журмын нөхрөө хадарч явсан, төрөл бүрийн бизнест орж, түүнийгээ ах дүү нараараа хариуцуулж орхидог, за тэгээд тааруухан нэр хүндтэй хүн бол тохирохгүй.

Ерөөс ЗГХЭГ-ын дарга маш сайн хуваарилагч байх ёстой. Менежер гэж ч ойлгож болно. Хамгийн гол нь элдэв “амьтан”-д нээнтэггүй, нэр нь цэвэр, маш чамбай хүн байх учиртай.

Ер нь бол бүх сайдад ийм шаардлага тавигдах ёстой юм.

Нөгөөтээгүүр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг элдвээр нэрлэх уралдаан маягийн юм яваад байх шиг байна. Ардын Засгийн газар, эсвэл Итгэлийн Засгийн газар гэж нэрлэнэ гэнэ.

Ийм маягийн нэр хоч зүүж, түүндээ яаж алуулдгийг өмнөх Засгийн газрууд хангалттай харуулсан. Хамгийн сүүлд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Мэргэжлийн гэж өөрсдийгөө тодотгоод юу болов?

Түүнээс өмнө Ц.Элбэгдоржийн Засгийн газар Их эвслийн, С.Баярын Засгийн газар Стандарт бус, Н.Алтанхуягийн Засгийн газар Шинэчлэлийн, Ч.Сайханбилэгийн Засгийн газар Шийдлийн гэж өөртөө “овог” өгөөд, дараа нь өнөөхөөрөө баалуулаад баларсан түүх бэлхнээ байна. Түүнээс өмнөх нь түүхэнд П.Жасрайн Засгийн газар, Н.Энхбаярын Засгийн газар, М.Энхболдын Засгийн газар л гэж үлдсэн шүү дээ.

Тэгэхээр одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар У.Хүрэлсүхийн л Засгийн газар байх ёстой.

У.Хүрэлсүх одоо сайхан л ярьж байна. Зоригтой, шийдэмгий гэж жигтэйхэн. Гэвч барагтай эрийн зоригийг мохоож, шийдийг сулруулах бартаа саад замд нь зөндөө тохиолдоно. Муу амлаж байгаа юм биш. Энэ улс орны байдал ийм л байгаа.

Тиймээс У.Хүрэлсүх өөрөө, нам нь, баг нь Засгийн газартаа элдэв нэр хоч өгөх хэрэггүй юм. Дээрээс нь МАН-ын фракцууд эрх ашгаа шигтгэх гэж, ойр дотнынхон нь түүндээ дулдуйдаж, УИХ-ын гишүүд өмнөх засгийг унагасан гавьяа, шагналаа үнэлүүлэх гэж Засгийн газарт нь шавах шаардлагагүй юм. Ингэх аваас У.Хүрэлсүх  Төрийн ордны хоёрдугаар давхарт зургаа өлгөсөн төдий, Ардын гэнэ үү, Итгэлийн гэнэ үү Засгийн газрын тэргүүн байлаа гэх маягаар л түүхэнд үлдэх болно.

Харин У.Хүрэлсүхэд “сүхдэх” эрхийг нь өг. Тэгээд чадахгүй бол У.Хүрэлсүх хариуцлагаа өөрөө хүлээг.

Зураг