Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Coal Mongolia” чуулганы үеэр "Монгол нүүрс далайд хүрэх нь" илтгэлийг танилцуулна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шангри-Ла зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдаж буй “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зорилготой олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ юм.   

Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзалтын онцлог нь нүүрсний тээврийн тулгамдсан асуудал ирээдүйн чиг хандлагын талаар анх удаагаа хэлэлцэж байгаа явдал юм. Маргааш чуулганд энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Монгол нүүрс далайд хүрэх нь” илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

    ЗТХЯ, “УБТЗ” ХНН хамтран нүүрсээ төмөр замаар Тяньжины далайн боомтод хүргэх ажлыг энэ онд амжилттай эхлүүлж чадсан бөгөөд ингэснээр манай үндэсний нүүрс экспортлогч компаниуд нүүрсээ гуравдагч зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр худалдах сайхан боломжийг бүрдүүлж өгсөн. Саяхан ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл Москва хотноо ОХУ-ын талтай төмөр замын тээврийн тарифыг хөнгөлөх гэрээний асуудлаар тохирч чадсан нь ОХУ-ын Алс дорнодын боомтоор нүүрсээ далайн боомтод хүргэх шинэ гарцыг нээхэд дөхөм болсон алхам болсон юм.

Энэхүү асуудлаар хоёр орны тэргүүн нар Владивостокт эцэслэн тохиролцож чадвал энэхүү үүд хаалга нээгдэх боломжтой болно. Нүүрсний тээврийн асуудлаар “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үеэр болох уг хэлэлцүүлэгт ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, Гашуун сухайт авто зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд,  УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Тээвэр хариуцсан замын орлогч дарга Л.Халтар, “Монгол тээвэр” нэгдлийн ерөнхийлөгч С.Ганболд, БНХАУ-ын  үндэсний “Нүүрс” ассациоцийн тэргүүн Сүн-Шөү-Рэн нар болон нүүрс тээвэрлэгчдийн төлөөлөл оролцоно.
 
“COAL Mongolia-2017” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй хөтөлбөр, мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.