Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сүн Шөүрэн: БНХАУ-ын ГУРАВ ДАХЬ том нүүрс нийлүүлэгч бол МОНГОЛ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
 

Нүүрсний салбарынхны хамгийн том чуулган болох “Coal Mongolia” өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй чуулганы энэ жилийн гол зорилт бол нүүрсний салбарын ХУДАЛДАА, ЭКСПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН асуудалд чиглэж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа /2017 оны эхээр 175 хувиар өссөн/ нь Монголчуудын хувьд боломжоо бүрэн ашиглах цаг хугацаа ирснийг харуулна.

Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Ц.Дашдорж үг хэлж, илтгэл тавих байсан ч ирж оролцсонгүй. Учир нь Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байгаатай холбоотой.

Харин нүүрсний салбарын хувийн хэвшлийн дотоод, гадаадын компаниуд идэвхтэй оролцож байна. Ингээд чуулганы үеэр үг хэлсэн зочдын онцлох байр суурийг хүргэе.

"Уул уурхайн салбарын арваад хуулинд их цэвэрлэгээ хийнэ"

 

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Ж.Ганбаатар “Цаашид манай яамны зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтална. Уул уурхайн салбарын арваад хуулинд их цэвэрлэгээ хийж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар зорил тавьж ажиллаж байгаа.

Шинэ хууль гаргана гээд ярихаар манай хөрөнгө оруулагчдад айдас байдаг. Бид ямар нэгэн татварын өөрчлөлт гаргахгүй. Харин тодорхойгүй байсан зүйлсийг илүү тодорхой болгох гэж байна. Гадаадын индексүүдээс харахад манай хөрөнгө оруулалтын орчин таатай биш байгаа. Үүнийг харгалзаж бодлогоо боловсруулсан.

Монгол Улсын нийт газар нутгийн 8 хувьд нь хайгуулын лиценз бий. Үүнийг бид 20 хувьд хүргэхээр зорьж байна. Баруун бүсийн судалгааны ажлуудыг эрчимжүүлнэ.

Мөн манай салбарын бас нэг том асуудал бол дэд бүтэц. Үүнд төмөр зам, хилийн дамжин өнгөрөх чадварын асуудал бий. Манай Засгийн газар 400 сая ам.долларыг шийдсэн учраас энэ ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлнэ” гэв.

"Өнгөрсөн жил Монгол Улсаас 26 сая тонн нүүрс импортолсон"

 

БНХАУ-ын Үндэсний Нүүрс ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөүрэн “БНХАУ бол нүүрсийг эрчим хүчний эх сурвалжаа болгосон орон. Мөн дэлхийн нүүрсний хамгийн том олборлогч бас хэрэглэгч, импортлогч орон юм.

2016 онд БНХАУ-ын нүүрсний импорт 256 сая тонн болсон. Өнгөрсөн жил Монгол Улсаас 26 сая тонн нүүрс импортолсон байна.

Монгол Улс манай улсын хувьд Индонез, Австралийн дараа орох гурав дахь том нүүрс нийлүүлэгч болжээ. БНХАУ Монгол Улстай нүүрсний салбарт харилцаагаа улам хөгжүүлэн уурхай, бүтээн байгуулалт, олборлолт зэрэг бүхий л чиглэлд хамтран ажиллахыг хүсэж байна” гэв.

"Төмөр зам гэж долоон жил ярьлаа. Дараа жил дахиад ярьмааргүй байна"

 

Монголын Уул уурхайн корпорацийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Нөөцөө зөв ойлгож, урт хугацаагаа бодох юм бол нүүрсээ угааж гаргах нь чухал байна. Япон, Солонгосын зах зээлд зарахын тулд түүхий нүүрс зөөж болохгүй. Эцсийн хэрэглэгчид бэлэн болсон нүүрс л худалдаж авна. Австраличууд, хятадын дотоодын үйлдвэрүүд бүгд хэрэглэгчдэд угаасан нүүрс л нийлүүлж байгаа. Бид адилхан байх хэрэгтэй.

Манай компани 2009-2012 онд бүх хөрөнгө оруулалтаа хийсэн. Нийт 15 сая тоннын хүчин чадалтай. Энэ жилдээ 9-10 сая тонн нүүрс олборлож, баяжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дараа жилээс үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна.

Үйлдвэрээ бариад ашиглалтад оруулж байхад зах зээл унасан байсан ч өнөөдөр бүх юм бэлэн байгаа учраас зах зээл өссөн моментыг хамгийн сайнаар, өндөр ашигтайгаар ашиглах боломж харагдаж байна.

Гэхдээ анхаарах гол зүйл нь төр засгийн бодлого юм. Долоо дахь жилдээ ярьж байна. Дэд бүтэц, төмөр зам бол төрөөс хэрэгжүүлнэ гэж яригдсан зүйл. Нүүрс олборлогч компаниудын хувьд тээврийн асуудал чухал байна.

Харамсалтай нь одоо болтол төмөр зам баригдаагүй.

Дотооддоо шийдэх өөр нэг асуудал бол нэг цонхны бодлого. Үүнийг олон жил ярьсан ч хэрэгжүүлж чадаагүй. Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэгдэж нэг үнээр нүүрсээ борлуулдаг болох хэрэгтэй.

Үүнээс гадна төр засгаас олон улсын худалдааны нөхцөл байдлаа сайжруулах, транзит тээвэр, тарифийн хөнгөлөлтийн гэрээнүүдээ хийх ёстой” гэв.

"Coal Mongolia" чуулганы эхний өдрийн нээлт ийнхүү болж өнгөрлөө. Чуулган гурван өдөр үргэлжлэх бөгөөд бид онцлох илтгэл, хэлэлцүүлгийн мэдээллийг хүргэх болно. 

ГЭРЭЛ ЗУРГУУД /Г.Өнөболд MPA.mn/
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг