Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хадгаламжийн хүүгээс ЦӨӨН хэдэн хүн хожиж байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Инвест Монголиа” чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Монголын банкуудад хийгдэж буй Активын чанарын үнэлгээний талаар ярилцсан “Монголын банкны секторын төрхийг өөрчлөх нь” хэлэлцүүлэг сонирхол татлаа.  

Уг хэлэлцүүлгийг Инвестмэнтийн захирал Ник Эдвардс хөтөлж, Монгол Банкны Хяналт шалгалтын газар, Ерөнхий захирал Н.Батсайхан, Мүүдийз Инвестор Сервисийн захирал Грэйм Ноуд,  Хаан Банкны Гүйцэтгэх Захирал Жон Белл, Хас Банкны Эрсдэл Хариуцсан Захирал Торстен Клайн Бойнинг, Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец нар оролцов.

Бид зарим байр суурийг онцлон хүргэж байна.


"Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны салбарын эрүүл саруул байдлыг хангах"

Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец “Банкуудад AQR буюу Активын чанарын үнэлгээ хийх ажил ОУВС-гийн хөтөлбөр эхлэхтэй зэрэгцээд дөрөвдүгээр сараас эхэлсэн. Бид түүнээс хойш шаргуу бэлдэж, гадаадаас тусламж, зөвлөх үйлчилгээ авсан.

Үнэлгээний хувьд шинэ аргачлалаар Монголд хийгдэх гэж байгаагаараа онцлогтой. Анхны үр дүн 12 дугаар сарын орчимд гарах байх. Үнэлгээ Европ загвараар хийгдэх учраас “стресс тест”-ийн дүн чухал нөлөөтэй байна. Мөн дараа жилийн наймдугаар сар гэхэд дахин санхүүжилтийн буюу хөрөнгө зузаатгалын төлөвлөгөөг дуусгах шаардлага бидэнд тавигдах байх. Капиталын харьцаагаа эвдэхгүйгээр зузаатгал хийх төлөвлөгөө боловсруулах шаардлага гарна” гэв.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Процесс жинхэнэ утгаараа 14 хоногийн өмнө эхэлсэн. Ийм ажлууд хийгдэнэ гэдгийг дөрөвдүгээр сараас тодорхой болгосон байгаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Үнэлгээний ажил эхлээд дөнгөж хоёр долоо хонож байгаа учраас үр дүн ярихад эрт байна. Одоогоор тулгарсан асуудал алга. Үр дүн нь гарсны дараа банкууд Монголбанканд төлөвлөгөөгөө боловсруулж, өргөн барих ёстой. Энэ нь Монголбанкаар баталгаажина. Стресс тестний үр дүнгээс хамаарч баталгаажих эсэхийг шийднэ.

Асуудалтай бол хөрөнгө оруулагчдад дүрмийн сангаа зузаатгах зургаан сарын хугацаа олгоно. Гадаад болон бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татаж, бүх асуудлаа цэгцлэх боломж нээгдэх байх. Засгийн газрын хувьд капиталын бааз суурь талдаа зөв алхам болж байна гэж харж байгаа.

Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны салбарын эрүүл саруул байдлыг хангах, өсөлтийг бүрдүүлэхэд л оршиж байгаа. Банкны салбарын гүйцэтгэх үүрэг дэндүү чухал байна.

Хязгаарлагдмал хөрөнгийг зөв зарцуулах асуудал манай улсын хувьд үнэхээр чухал учир энэ алхмыг хийж байгаа. Итгэл үнэмшил, хөрөнгийн урсгал сайжрах боломж ингэж байж бүрдэх юм” гэв.

“Зээлийн өндөр хүүгээс хүн ам, бизнесийн салбарынхан хохирч байгаа”

 
Гэрэл зургийг MPA.mn

Голомт банкнаас зээлийн хүүг бууруулах стратегийн талаар танилцуулсан. Энэ талаар Томаш Бравенец “Бид хүүг бууруулах тал дээр хамтран ажиллах уриалга гаргасан. Арилжааны банкууд бас дэмжинэ гэж харж байгаа.

Дэмжихээс өөр аргагүй асуудал юм. Дотооддоо ч гадааддаа ч өрсөлдөх боломж алга. Хадгаламжийн хүү 10 гаруй хувьтай, инфляц 5 хүрэхгүй хувьтай байхад цэвэр хүү өөрөө 11 хувьтай байна. Энэ хэнд хэрэгтэй юм бэ гэдгийг бодитой харах ёстой.

Хадгаламж нь хүн амын цөөн хэсэгт төвлөрсөн байгаа нь үүнээс цөөн хэдэн хүн хожиж байгааг харуулж байна. Зээлийн өндөр хүүгээс хүн ам, бизнесийн салбарынхан хохирч байгаа. Тийм учраас бид энэ стратегийг гаргаж, дэвшүүлсэн. Орон даяар мэргэжлийн яриа хэлэлцүүлгийг эхлүүлэх зорилготой энэ алхам хийсэн.

Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн төлөө хийж буй ажил юм” гэв.

"Хүү буурснаар бүгд хожино"

 
Гэрэл зургийг MPA.mn

Хаан банкны Гүйцэтгэх захирал Жон Белл “Хүү бууруулах тал дээр бид стратегитэй ажиллаж байна. Ялангуяа ам.долларын хадгаламжийн хүүг бууруулах асуудлыг анхаарч байна. Бид ам.доллараар зээл гаргадаггүй.

Аливаа тохиргоо зах зээлийн жамаараа хийгдэх ёстой. Эдийн засаг хөдлөхөд бүгд хөдөлдөг. 1990-ээд он Польшид хүү 23 хувь хүрчихсэн байсан. Хөрөнгө оруулалтыг татах Засгийн газрын хөтөлбөрүүдийг тэр үед сайн хэрэгжүүлж, үр дүнтэй болсон.

Хүүгийн тухайд гэвэл эрсдэлтэй нь уялдуулахыг зорьдог. Зарим харилцагчдын хувьд эрсдлээ дагаад өндөр байх нь зөв зүйтэй.

Гэхдээ хүү буурснаар бүгд хожино гэж хардаг” гэв.