Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Таван настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруул гэсэн үүрэг чиглэл өгсөн"

А.Энхжаргал, Өглөөний сонин
2017 оны 8 сарын 21
MorninigNews.mn
 

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлээс сургуулийн өмнөх боловсролын асуудлаар тодруулга авлаа.

-Энэ жилээс хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэж байгаа нь иргэдийн зүгээс цаг зав хэмнэсэн ажил боллоо гэсэн талархлыг хүлээж байна. Цахим бүртгэлийн явц ямар байна вэ?

-Таны хэлж буйтай санал нийлж байна. Өмнө нь хүмүүс хүүхдээ бүртгүүлэхийн тулд хонон өнжин дугаарлах, гар аргаар сугалаа явуулах зэрэг нь ард иргэдэд хүндрэл учруулахаас гадна эргээд хардалт төрүүлдэг байсан. Мөн хүүхдүүд харьяаллын бус цэцэрлэгтээ явдаг гэх зэрэг асуудлууд байсан.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ жил буюу 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн бүртгэл болон элсэлтийг Улаанбаатар хотын хэмжээнд цахимаар явуулж байгаа. Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 24-нийг дуустал бүртгэж байна.

Одоогоор 20 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байгаа. Хугацаа урт байгаа тул цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй бүх хүүхэд бүртгүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэл тул бүртгүүлсэн хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдана гэсэн үг биш.

-Шалгаруулалтын талаар тодруулна уу?

-Наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд бүх цэцэрлэгүүд дээр программаар санамсаргүй сонголт хийнэ. Тухайн цэцэрлэгийн хяналтын тоо хэд байна, ачаалал нь ямар байна гэдгийг харгалзан хүүхдүүдээ сонгож авна.

Тодруулбал, 60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 100 хүүхэд цахимаар бүртгүүлсэн байвал үлдсэн 40 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй болно. Тиймээс иргэдийн хувьд хэрвээ хүүхдээ улсын цэцэрлэгт хамруулж чадаагүй бол хувийн хэвшлийн цэцэрлэгт өгөх, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах гэх зэрэг сонголтууд нээлттэй.

-Бүртгүүлсэн хоёр настай 20 гаруй мянган хүүхдийн ойролцоогоор хэчнээн хувь нь цэцэрлэгт хамрагдах вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд цэцэрлэгийн насны буюу 2-5 настай хүүхдүүдийн 68.3 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байсан. Тодруулбал, 140 гаруй мянган хүүхдийн 105 мянга нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авч, үлдсэн 40 гаруй мянган хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй.

Бид тодорхой арга хэмжээ авсны дүнд энэ тоо 72 хувь болж өссөн. Энэ жил цэцэрлэгт хамрагдах хувийг 76-78 болгохыг зорьж байна. Олон улсын стандарт жишиг 85 хувь байдаг. Тиймээс бид ирэх дөрвөн жилд зорилт тавин олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна.

-Санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулна гэж яриад байна. Энэ талаараа тодруулаач?

-Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтраад цахим бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн мэдээлэл технологийн газар гэсэн мэргэжлийн байгууллагаар программ хангамжийг хийлгэсэн.

Тиймээс бүртгүүлсэн нийт хүүхдүүдийг тухайн өдөр яг хамран сургах тойргоор нь программ өөрөө ачааллаад санамсаргүй байдлаар сонгоно гэсэн үг. Уг үйл ажиллагаа мэргэжлийн байгууллагуудаар зөвшөөрөгдөж, хяналтад нь явагдаж байгаа.

-Цэцэрлэгүүд сугалаагаар 30 хүүхэд авчхаад үлдсэн 20 орчим хүүхдийг хандив тусламжаар авах тохиолдол их байдаг. Үүний оронд анхнаасаа элсэх хүүхэд олон байгааг харгалзан 40-50 хүүхдийг сугалаагаар авах зохицуулалтыг хийж болох уу?

-Зорилтот бүлгийн хүүхдүүд гэж байдаг. Үүнд хагас болон бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд багтана. Энэ бүлгийн хүүхдүүдийг авах эрхийг тухайн цэцэрлэгийн эрхлэгч нарт үлдээсэн байгаа. Тодруулбал, нийт хүүхдийн 20 хувь нь зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагдах ёстой байдаг.

-Хуучин цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн тухайд?

-Энэ цахим бүртгэл зөвхөн шинээр элсэж байгаа хоёр настай хүүхдүүдэд хамааралтай. Харин 3, 4, 5 настай хүүхдүүд үргэлжлүүлж сурах бол энэ сарын 21-нээс эхлэн хүсэлтээ цэцэрлэгийнхээ удирдлагуудад гаргана.

-Энэ сарын 21 буюу даваа гарагаас эхлэн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 3-5 настай хүүхдүүд харьяа цэцэрлэгтээ бүртгүүлэх боломжтой гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Анги дэвшиж байгаа хүүхдүүдийн тухайд, хэрвээ тухайн ангид хуучин явж байсан хүүхэд шилжсэн ч юм уу орон тоо гарсан тохиолдолд хүүхэд нөхөж авч болно. Түүнээс цэцэрлэгүүдийн багтаамж дүүрчихсэн байгаа.

-Таван настай буюу бэлтгэл бүлгийн хүүхдүүд заавал сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн байх ёстой. Тиймээс таван настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжийн талаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Таван настнуудын хувьд хуулиараа ч тэр заавал цэцэрлэгт хамрагдах ёстой гэсэн байдаг. Бидний зүгээс нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруул гэсэн үүрэг чиглэл өгсөн байгаа. Тиймээс цэцэрлэгийн эрхлэгч нар маань дотооддоо зохион байгуулалт хийж аль болон таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна.

-Сургуулийн өмнөх боловсролын асуудлаар танайхаас энэ жил дэвшүүлж буй зорилт юу байна вэ?

-Бид нэн тэргүүнд өмнө нь хэлсэнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байна. Нийслэл болон улсын төсөв хөрөнгөөр болон гаднын зээл тусламжийн хүрээнд шинээр цэцэрлэг, сургуулиуд барих ажлыг хийж байна. Мөн хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэд аж ахуйн нэгжийг дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард хүсэлтүүдийг хүлээн авч, одоогийн байдлаар 36 цэцэрлэгт сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгосон байна.

Мөн наймдугаар сарын 1-10-ны хооронд дахин нэмэлтээр иргэд аж ахуй нэгжээс хүсэлт авсан. Нэмэлтээр 15 аж ахуйн нэгж, иргэд хүсэлтээ ирүүлсэн байна. Ирэх долоо хоногоос бид магадлан шинжилгээ хийж, газар дээр нь очиж танилцаад стандарт норм хангаж байгаа газруудад сургалт эрхлэх зөвшөөрлөө олгоно. Үүний хажуугаар хөтөлбөрт сургалтууд гэж явагддаг.

-Өнгөрсөн жил хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд улсаас хоолны болон хувьсах зардлыг нь дааж цөөн тооны хүүхдүүд хамруулж байсан. Энэ хөтөлбөр үргэлжлээд хэрэгжих үү?

-Өнгөрсөн жил хувийн цэцэрлэгүүдийн ашиглаагүй сул орыг ашиглан улсаас хоолны болон хувьсах зардлыг шийдвэрлэн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хүүхдийг үнэгүй хамруулах боломжийг бүрдүүлж өгсөн. Үүнд дүүргүүдээс судалгаа аваад, бидэнд 3,087 хүүхдийн тоо ирүүлсэн. Тиймээс энэ жил эдгээр 3.087 хүүхдийн төсөв хөрөнгө батлагдаад, үргэлжилж хэрэгжихээр байгаа.

Зураг