Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"B, C вирүстэй эсэхээ шинжилгээнд хамрагдахгүйгээр мэдэх боломжгүй"

Т.Саран, iKon.mn
2017 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ялалтын талбайд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран "Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийн хүрээнд иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн үзлэг, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлтийн оношилгоо хийж хооллолт, эрүүл ахуйн зөвлөгөөг хүргэж байна. 

Энэ оны байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирүсийн халдвартай байна. Түүнчлэн өдөрт долоон хүн элэгний өвчлөлөөр нас барж байгаа гэсэн статистик мэдээлэл гарчээ. 

В вирүс байхгүй байвал дархлаагаа сайжруулах нь зүйтэй

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Цолмонбаяр "Хепатит гэдэг нь элэгний өрөвсөл гэсэн үг. Энэ нь элэгний халдвар үүсгэдэг үндсэн шалтгаануудын нэг.

Хепатитаас иргэд урьдчилан сэргийлэх боломжтой. Элэгний вирүстэй эсэхээ шинжилгээнд хамрагдахгүйгээр урьдчилан мэдэх боломжгүй. Ихэнх хүний хувьд хавдар болсон үед нь шинж тэмдэг илрээд эмнэлэгт очиход оройтсон байдаг.

Иймээс эртнээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байх нь маш чухал.

Хэрвээ та C вирүстэй бол эмийн компаниудад хандаж эмчийн жороор эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 

В вирүс байхгүй байвал дархлаагаа сайжруулах нь зүйтэй. 

Хепатитаас урьдчилан сэргийлэхийн тулд: 

  • Тарилгын аюулгүй байдлыг хангах

Эмээр эмчлэгдэж болох зарим өвчлөлүүдийн хувьд тарианаас татгалзах хэрэгтэй. Гэрээр тарилга хийлгэхгүй байх нь чухал юм. 

  • Шивээс хийлгэхгүй байх,

Үнэхээр шаардлагатай бол нэг удаагийн хэрэглэл ашиглаж байгаа эсэхт  маш сайн хяналт тавих хэрэгтэй.

  • А, В вирүст хепатитийн халдварын эсрэг вакцин хийлгэх,
     
  • Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх,
     
  • Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах,
     
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас татгалзах, бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. 

Хоол тэжээлдээ олон төрлийн хүнсний ногоо хэрэглэх нь зөв. Өдөрт 400 гр-аас доошгүй жимс, хүнсний ногоо хэрэглэх, өдөрт 30 минутын идэвхтэй хөдөлгөөн хийхийг НЭМҮТ-өөс зөвлөж байна" гэв. 

Мөн сүүлийн үед манайхны  дунд элбэг тохиолдох болсон ясны сийрэгжилтийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн мэс заслын эмч Б.Баттөмөрөөс дараах тодруулгыг авлаа. 

Тэрбээр "Ясны онцлог нь тухайн хүний ажил хөдөлмөр, дадал зуршил, нас, хоол хүнснээс хамаарч өөр өөр байдаг.

Дэлхийн Эрүүл  Мэндийн Байгууллагын статистик мэдээллээр 10-80 насны нийт хүн амын 66 хувьд ясны сийрэгжилт их бага хэмжээгээр байна гэсэн дүн мэдээ байдаг.

Үүнд ажил эрхлэлт болон хөдөлгөөний онцлог голлон нөлөөлнө. Ясны сийрэгжилтээс анхнаас нь урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.

Нэгэнт яс сийрэгжсэн тохиолдолд ясан дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлэх, сүү цагаан идээг их хэрэглэх нь зөв. Их хэмжээгээр мах хэрэглэх нь ясны сийрэгжилт үүсэх нэг хүчин зүйл болдог" гэлээ. 

​Фото сурвалжилга