Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албыг худалдсан хурган даргад ял ногдууллаа

Р.Саруул
2017 оны 5 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Бүтэн гурван жил гаруй хугацаанд дээрх хэрэг цагдаа болон прокуророос шалгаж тогтоон хэргийг шүүх рүү явуулсан ялтан Д.Батхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсэн байдаг -

Энэ сарын 1-ны өдөр хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга асан Д.Батхүрэлийг бусдаас хээл хахууль авсан гэх хэрэгт буруутгаж түүнийг тодорхой албан тушаал буюу төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 1.6 жилийн хорих ялаар мөн түүнд ногдох хөрөнгөнөөс 300,000 төгрөгийг хураах шийдвэрийг шүүх гаргажээ.

Болсон явдлыг сануулахад Д.Батхүрэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрийн Б-19 тоот тушаалаар тус яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар томилогдохоосоо хоёр хоногийн өмнө уг албан тушаалд ажиллахаа мэдсэн үедээ буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр С.Батцэцэгээс тус байгууллагад ажилд оруулж өгөхөөр урьдчилан амлаж, зээл нэрээр халхавчлан 1,000,000 төгрөгийн хээл хахуулийг ажлын өрөөндөө авсан нь нотлох баримтаар тогтоогдсон юм.

Мөн 2015 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр ажлын өрөөндөө тус газрын захиргаанд Усны чанар, экологи сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалд томилогдох Ө.Мөнхтуяагаас урамшуулал хэлбэрээр 1,000,000 төгрөг өгөхийг шаардаж давтан үйлдлээр хээл хахууль авахыг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

Тодруулбал Д.Батхүрэл нь албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй буюу төрийн албаны зохих журмын дагуу шалгалт өгч тэнцсэн Ө.Мөнхтуяаг ажилд томилохоос өмнө “ Ер нь ажилд авахад урамшуулалгүйгээр хүн авна гэж байхгүй. Би нэгээр гарчихсан, одоо бол ер нь ядаргаа л байна гэж дотроо боддог бол тэрүүн шиг том эндүүрэл байхгүй шүү. Чамайг тэгсхийж байгаад л явуулчихна, чи дахиж төрийн албанд орж чадахгүй болно ” гэх мэтээр утсаар ярихдаа сүрдүүлсэн тухай хавтаст хэрэгт нь авагджээ.

Мэдээж энэ асуудалд ганц Д.Батхүрэл буруутгагдаагүй. Түүнд хахууль өгсөн С.Батцэцэгийг албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар түүнийг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх тогтоолыг нь гаргасан ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Батцэцэгт оногдуулсан нэг жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлжээ.

Ялтан Д.Батхүрэл өөрийгөө буруугүй хэмээн шүүхийн танхимд мэлзэв

Ямартай ч бүтэн гурван жил гаруй хугацаанд дээрх хэрэг цагдаа болон прокуророос шалгаж тогтоон хэргийг шүүх рүү явуулсан ч ялтан Д.Батхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлсэн байдаг юм. Ингээд түүний шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдүүлгээс цухас дурдъя.

Тэрбээр “Миний бие энэ хэрэгт холбогдоод найм дахь удаагийн шүүх хуралдаанд оролцож байна. Намайг 2014.04.23-ны өдөр албан өрөндөө сууж байхад надад 1,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх хэрэгт буруутгаж байгаа. С.Батцэцэг нь надад мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлсэнтэй холбогдуулан намайг хээл хахууль авсан.С.Батцэцэгийг хээл хахууль өгсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Батцэцэгийг надад мөнгө зээлүүлсэн гээд байгаа 2014.04.23-ны өдөр миний бие ямар нэгэн өрөө тасалгаанд суух нь байтугай, би тэр албан тушаалд томилогдоо ч үгүй байсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа.

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014.04.30-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар томилогдсон боловч энэ албан тушаалд томилогдоно гэдгээ мэдээгүй байсан. 2013.12.25-ны өдөр яаман дээр болсон албан тушаалын сонгон шалгаруулалтад орж би хоёрдугаар байранд жагссан. Тэгээд нэгдүгээрт орсон хүн тэр ажилд томилогдох учраас би өөрийгөө тэр ажилд томилогдоно гэж мэдээгүй. 2014 оны 05 сарын 15-ны өдөр яамнаас над руу яриад та томилогдсон. Яаман дээр ир гэж хэлсэн.

Би Улаанбаатарт очиж, шийдвэрээ хүлээж аваад, томилогдоод 2014.05.20-ны өдөр аймагт ирж ажлаа аваад, 2015.05.23-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт албан өрөө авч тохижуулаад С.Батцэцэгийг дуудаж хамтран ажиллах тухай санал тавьж ажилласан. С.Батцэцэгийг долоон сарын хугацаанд хэмнэгдсэн цалингаасаа цалинжуулж ажиллуулсан. Энэ нь 2014.06.01-ний өдөр байгуулсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр нотлогдож байгаа.

Хэрэв С.Батцэцэг 1,000,000 төгрөг зээлүүлж хохирсон бол ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш дөрвөн сарын  дотор хууль хяналтын байгууллагад өөрөө гомдлоо гаргаж болоогүй юм бэ. С.Батцэцэг 2014.12.30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл 2015 оны дөрөвдүгээр сард С.Батцэцэгийн хадам ээж нь аймгийн захиргаанд гомдол гаргасан байсан. Ингээд намайг гүтгэж доромжилж гомдол гаргасан.

С.Батцэцэг өөрөө ажлаас халагдсаны дараа яагаад өөрөө гомдлоо гаргаад яваагүй юм бэ? Надад мөнгө зээлүүлсэн гэж байгаа бол яагаад гэрээ хийгээгүй юм бэ? Хэдэн хувийн хүүтэй зээлүүлсэн юм бэ?. С.Батцэцэг өмнөх шүүх хуралдаанд “Би хүнд мөнгө зээлдүүлдэг, гэрээ контракт хийдэг гэж мэдүүлсэн байгаа” хэмээн шүүхийн танхимд дээрх тайлбарыг хийсэн байдаг юм.

Ямартай ч ялтан Д.Батхүрэлийг төрийн албан хаагчийн орон тоог худалдаж бусдаас хахууль авсан хэмээн шүүхээс буруутгалаа. Мэдээж энэ бол хахууль егсөн, авсан хурган даргын ял авсан ганцхан жишээ энэ. Магадгүй одоо ч төрийн албан хаагчийн орон тоог бусдад өндөр үнээр зарж ажилд авсан гэх олон асуудал байдаг ч энэ нь далд хэлбэрээр явагддаг учраад илрэхэд тун бэрх гэдгийг хуулийнхан хэлж байсан. Тиймээс Төрийн албаны зөвлөл энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж төрийн албыг чадавхжуулахгүй бол хаа газрын хурган дарга нар энэ мэтээр хөрөнгөжсөөр байх нь байна шүү.

Зураг