Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Ми ми”-г худалдаачид ял завшиж байна

Б.Заяа, Зууны мэдээ
2017 оны 5 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж эхэлсэн хар тамхины хэрэглээг хязгаарлах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Хар тамхины эсрэг үндэсний хөтөлбөрт тусгагдаагүй, мансууруулах үйлчилгээтэй бас нэгэн хэрэглээ манай улсад хүрээгээ тэлсээр байна. Энэ нь мансууруулах бодистой холбоотой олон улсын конвенц, Монгол Улсын холбогдох хууль журам, жагсаалтын гадуур орхигдсон “ми ми” гэх бодис юм.

Гол хэрэглээ нь ӨМӨЗО-ны Альша, Баяннуур аймгуудтай хиллэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн боомтуудаар Тавантолгойн орд газарт ажиллаж байгаа нүүрс тээврийн компаниудын жолооч нар болон тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн дунд энэ бодисын хэрэглээ улам бүр ихэссээр байгааг хуулийнхан онцлох болов. Хуулийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр бол “ми ми”-г 2008 оноос Өмнөговь дахь нүүрс тээврийн жолооч нар хэрэглэж эхэлжээ.

БНХАУ-аас хууль бусаар нэвтрүүлж Өмнөговь дахь худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалдаг юм байна. Манай улсын иргэд БНХАУ-ын Ганц мод хилийн боомтоос нэг уутыг нь 9-10 юаниар худалдаж аваад Өмнөговь аймагт 10,000 орчим төгрөгөөр зарж борлуулдаг гэсэн мэдээлэл байна. Тэгвэл энэхүү хар тамхины төрлийн бодисын хууль бус эргэлтийг хуулийн байгууллага шалгаж илрүүлдэг ч хэрэгтнүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчин байхгүй нь гол асуудал болоод байгаа ажээ.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас 2013-2016 онд “ми ми”-тэй холбоотой 11 үйлдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлжээ. Гэтэл одоогийн байдлаар шүүхээр таван хэрэг л орж, бусдыг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, заримыг нь мөрдөн байцаалтад буцаажээ. Гэхдээ анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн холбогдогчид давж заалдаад ялгүй хоцорч байна.

Өмнөговь аймгийн анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэрэг давж заалдах шатанд Монгол Улсын мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, энгийн эмийн түүхий эд учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзжээ. Цаашлаад үүнтэй холбоотой гэмт үйлдлүүдийг шалгаж шийдвэрлэх боломжгүй байдал үүсээд байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “ми ми”-тэй холбоотой асуудлыг тусгахаас эхлээд Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрт ч энэ талаар анхаарах шаардлагатай юм.

 

Зураг