Уншиж байна ...
Зураг
Зураг

2020 оны УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт Бие даан нэр дэвшигч
Дэмчигийн Болор

Зураг
Албан ёсны вэб хаяг:
Намын гишүүнчлэл:
Хувийн мэдээлэл:
Нас: 58
Хүйс: Эрэгтэй
Гэр бүлтэй
Facebook хуудас
Мэргэжил:
Монгол Улсын Зөвлөх инженер, Санхүүч-эдийн засагч
Эрдмийн зэрэг цол:
Техникийн Ухааны Докторантур төгссөн
Одоо эрхэлж буй ажил:
Улстөрийн бодит бодлого судлаач, Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн ТББ-ын тэргүүн
Зорилго:
ДАЛД КОЛОНИЧЛОЛЫГ ХАЛЦГААЯ! ДАВАРСАН ДЭГЛЭМИЙГ СОЛЬЦГООЁ!

 

Боловсрол
1980-1986: ЗХУ-ын Кировын нэрэмжит Уралын политехникийн дээд сургууль - Автоматик, телемеханикийн инженер
1996-1998: Санхүү-Эдийн Засгийн Дээд Сургууль - Санхүүч-эдийн засагч
1998-1999: Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль - Техникийн Ухааны Докторантур төгссөн
Ажлын туршлага
1986-1989: УСУГ-ын харьяа Улаанбаатар хотын усан хангамжийн төвд Автоматикийн инженер, Автоматик телемеханикийн инженер
1989-1994: УСУГ-ын харьяа Улаанбаатар хотын усан хангамжийн төвд Цахилгааны ангийн дарга-Ерөнхий цахилгаанчин
1994-оноос: Нийслэл, хөдөө орон нутгийн 11 газар усан хангамжийн автоматжуулалт, дохиолол хэмжих хэрэгслүүдийн төслүүд, Барилгын салбарт-4 барилгын бүх цахилгаан автоматикийн ажлын төслүүдийг бие даан боловсруулж, удирдсан, бусад олон төслүүд дээр зөвлөх инженерээр
Онцлох ажлууд
1996-1998: "Санхүүгийн тайлангийн судалгаа ба оновчлол" сэдвээр санхүү-эдийн засгийн судалгааны ажил
1998-1999: “Улаанбаатар хотын усан хангамжийн системийн урсгал хуваарилалтын оновчлол ба математик загварчлал” сэдвээр Техникийн Ухааны Докторантурын эрдэм шинжилгээ судалгааны ажил
2008-2020: Дэлхийн улстөрийн бодит бодлого, геополитик, нийгэм, эдийн засгийн бүх чиглэлээр бие даан өргөн далайцтай судалгаа хийж, бодит үнэнийг олон түмэндээ таниулах ажил хийсэн
2010-2017: "Эдийн засгийн алуурчны наминчлал", "Хүн сүргийн үйлдвэрлэл", "Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө" зэрэг маш чухал 10 ном орчуулж хэвлүүлсэн

Болорболд гэх "нийтлэлчийн нэр"-ээрээ анх олонд танигдсан ба маш чухал 10 ном орчуулж, 300 гаруй нийтлэл бичин www.bolor.info сайтдаа 2008 оноос эхлэн нийтэлж, “Эрин цагийн дуудлага” цуврал нэвтрүүлгийг 2011 онд хамтран санаачилж биечлэн оролцсон нь Монголын ард түмэн, үзэгч уншигчдынхаа нүдийг нээн улс Эх орныхоо өнөөгийн хөөрхийлөлтэй аж байдлын цаад шалтгаануудыг олж харж ойлгож ухаарахад үнэлж баршгүй их үүрэг гүйцэтгэсэн.

Д.Болор нь өөрийн улс орны болон дэлхий дахины бодит улстөрийн бодлого (реалполитик), нийгэм, эдийн засгийн өнөөгийн хямралт байдлын цаад шалтгаанууд, түүхэн үнэнийг эрж хайсан өргөн судалгааг сүүлийн 20-иод жил хийж, дэлхийн нэртэй хараат бус эрдэмтэн судлаачид, улстөр нийгмийн зүтгэлтнүүдийн 700 гаруй ном судалгааны бүтээл, түүхэн дурдатгалуудыг уншин, тэдний хөтөлдөг сайт блогууд дахь үйл явдлын мэдээнүүд, аналитик нийтлэлүүдийг тогтмол судалдаг төдийгүй 1600 орчим баримтат киног үзэж цуглуулан тэр бүхнээсээ өөрийн вэбсайтдаа дээжлэн танилцуулсан байдаг.

Түүний орчуулан хэвлүүлсэн "Эдийн засгийн алуурчны наминчлал", "Эдийн засгийн алуурчдын золиос болсон улс орнууд", "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл", "Сүйрлийн үрүүд-Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө", "Мухардал-Улс төрийн үзэл санааны алуурчид", "Урхи-Бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчихов оо", "1917: Октябрийн хувьсгалын нууц", "Оросын иргэний дайны түүхэн үнэн ба худал домгууд", "Гитлерийн нууц ноёд" зэрэг номууд, "Далд эзэрхэг гүрэн", "Мөнгө л хийцгээе", "Ардчиллыг хакердах нь", "Үхлийн конвейр: 721-р анги" баримтат кинонууд, телевиз сонинд өгсөн 50 гаруй ярилцлага нэвтрүүлгүүдийг youtube дэх "БОЛОРИНФО суваг"-аас нь үзэгч уншигчдын тоо жилээс жилд өсөж харийн далд колоничлолын бодлогын мөн чанар, бодит үнэнийг ойлгож ухаарсаар байгаа нь манай улс цаашид хямрал мухардлаас гарч зөв замаа олохын үндэс юм.

2017 оны 8-р сард Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн ТББ-ыг үүсгэн байгуулсан. Монгол Улсыг 30 жил уруудуулж мухардалд хүргэсэн улстөрийн нам, бүлэглэлүүдтэй тэрээр үзэл санаа ба үйл хэргээрээ огтхон ч нийлж холбогдож байгаагүй юм.

Орос, англи хэлтэй. Гэр бүлтэй, 1 хүү, 2 охинтой. Баянгол дүүргийн 13-р хороонд амьдардаг.  

 

 

ДЭМЧИГИЙН БОЛОР МИНИЙ

УИХ-ЫН СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИХ БОЛСОН ШАЛТГААН

 

Өнөөгийн УИХ-ын сонгуулийн үйл явцыг ажиглаж байхад бие даан нэр дэвшигчийг ганцаараа юу ч хийж чадахгүй хэмээн басан үгүйсгэсэн хар пиарыг элдэв этгээдүүд, зарим улс төрийн намууд их явуулж байна. Иймээс би өөрийн байр суурь, үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.

Монголын өнөөгийн улстөрийн намууд бүгд 1990 оны “хувьсгал” нэртэй гадныхны зохион байгуулсан төрийн эргэлтээс хойш үүсэн байгуулагдсаныг бид бүгд мэдэж байгаа. Иймээс улстөрийн намууд бүгдээрээ 1990 оноос тэр үйл явдлаар Монголд зориуд оруулж ирж тунхагласан харийн үзэл санаанууд болох ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэгч капиталист Барууны неолибералч уриа лоозон, хулгайчлалын уур амьсгал дунд бүрэлдсэн ба бүгд харийн ийм үзэл баримтлалыг янз бүрээр дээдэлсэн үзэл санаан дээр байгуулагдсан байгааг, тэдгээр нь чухам ямар үр дүнд хүргэдгийг бидний олонх 30 жил  уруудан доройтсон улс эх орон, ахуй амьдралаараа ойлгож харж байгаа. Энэ хугацаанд төр засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн МАНАН-ын улстөрийн болон эдийн засгийн үзэл баримтлалыг авч үзвэл зүүний ба барууны либерал ардчилал бөгөөд эдийн засгийн зорьж байгаа тогтолцоо загвар нь барууны либертари чөлөөт зах зээл гэдэгтэй хэн ч маргах боломжгүй.

Ер нь энэ улстөрийн тогтолцоо, нийгмийн байгууламж нь өнөөдөр дэлхий дахинд нэр нүүрээ бүрэн бараад дуусаж байгааг дэлхийн олон улс орнууд хүлээн зөвшөөрч бас өнөөгийн энэ гүн гүнзгий сүйрлийн өмнөх хямралд гагцхүү неолиберализмын үзэл санаануудыг буруутгаж байна.

Манайхан нам гэдэг үг, нэр томьёог 1921 оноос буруу орчуулж, хамгийн гол нь буруу ойлгож, ойлгуулж хэрэглэсээр өдийг хүрсэн юм. Уг нь party/партия гэдэг үг бол нийгмийн нэг хэсэг бүлэг гэсэн утгатай. Иймээс цаашид улстөрийн бүлгэм/бүлэглэл гэвэл зохино.

Сонгуульд бие даан нэр дэвшигч бүр өөрийн үзэл санааг ойлгон дэмжиж байгаа 801 дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулсан байгаа нь өнөөгийн хуулийн дагуу улстөрийн нам байгуулах хамгийн гол шалгуурыг хангасан байгааг та бүхэн анзаарах ёстой.

Өнөөгийн намууд өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлс гэж ярьж байгаа ч бүгдээрээ харийн үзэл санаа бодлогын асар хүчтэй нөлөөн доор байгаа учраас бүгд либерал ардчилал, либератари зах зээл гэж уриалж зүтгүүлж байгаа. Гэвч энд сурч боловсрох - хийж бүтээх уриа алга байгаа нь тохиолдлын хэрэг огт биш гэдгийг ойлгох нь чухал байна.

Мөн олон намын тогтолцоо гэдэг бол тухайн улс орны тэргүүний, боловсролтой давхаргыг тараан бутаргах, улмаар тэднийг өөд өөдөөс нь сөргүүлэн тавьж улс орныг нь самрах гэсэн харийн чивэлт бодлого гэдгийг ард түмэн бид эцсийн эцэст ойлгож ухаарах ёстой.

Хэрэв бие даагч УИХ-д сонгогдчихвол аливаа нэг либерал үзэл баримтлалтай улстөрийн намын барьцаанд орохгүйгээр улс Эх орон, иргэд сонгогчдынхоо эрх ашгийн төлөө УИХ дээр – хууль тогтоох түвшинд тэмцэх боломж бүрдэж байгаа юм.

С.Зориг агсан 1994 онд улстөрчдийн ашиг сонирхлын дэс дарааллыг тунхаглаж, намаа яг энэ замаар залах гэж оролдож байсан учраас алагдсан гэж би үздэг.

Монголын ард түмэн бид Үндсэн Хуулиндаа жинхэнэ суурь өөрчлөлт хийж Монгол Улсаа харийн либералч мухардлаас гаргаж Үндэстний хөгжил дэвшлийн замаар залж өнөөгийн энэ хөөрхийлөлт байдлыг халах ёстой.

Үүнийг ойлгох аваас 1990 онд Монголын өнөөгийн эрх баригчдыг хуурч мэхлэн  нийт ард түмнийг татаж оруулсан Барууны далд колоничлолын дөнгө гинжийг бид тасар татан хаяж чадна аа.  

Дэмчигийн Болор.

Хөрөнгө орлогын мэдүүлэг