Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тэмүүжингийн хэлсэн ОНЦЛОХ 45 ЭШЛЭЛ

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байна. Тэрбээр өчигдөр NTV телевизийн "De Facto" нэвтрүүлэгт оролцож нийтлэлч Д.Жаргалсайхантай салбарын шинэтгэлийн асуудлаар цаг үеийн сонирхолтой ярилцлага хийсэн билээ. 

30 гаруй минут үргэлжилсэн тэдний ярилцлагаас iKon.mn дараах 45 эшлэлийг онцолж байна. 

Х.Тэмүүжингийн хэлсэн ОНЦЛОХ 45 ЭШЛЭЛ:

1. Иргэндээ хянагдаж, иргэндээ үйлчилсэн, олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах үйл ажиллагаатай болно.

2. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг чинь ганцхан цагдаагийн ажил биш. Гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг бол цагдаа, олон нийттэйгээ хамтарч хийдэг ажил. 

3. Зорилтоо өөрчилсөнтэй холбоотой чиг үүрэг өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад зохион байгуулалт өөрчлөгдөнө. Зохион байгуулалтыг дагаад хэрэгсэл өөрчлөгдөж байна. 

4. Цагдаа нар амь насаараа эрсдэхүйц аюултай нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг боловч тэр нөхцөлдөө таарсан хөдөлмөрийн аюулгүй байдлаар хангагдаагүй. 

5. Тэд юугаар хангагдсан бэ гэвэл хоосон тэмдэг, цол. Цаасан малгай өмсүүлээд явуулж байгаа гэдэг шиг. 

6. Цагдаагийн байгууллага иргэдэд хянагддаг, тайлагнадаг болно. Байгууллагын зохион байгуулалтын бүтэц нээлттэй болно. 

7. Яах аргагүй хаалттай, мэдээлэл нь хязгаарлагдмал нөхцөлд арга тактик нь нарийвчилсан нууц шаарддаг гэмт хэргүүд бий. 

8. Хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах, цахим гэмт хэрэг гэх мэт. Энэ гэмт хэргүүдтэй тэмцэх байгууллага үйлчилгээ үзүүлэх газар буюу цагдаагийн байгууллага чинь зөрчилдөөд байна. Үүнийг бид Мөрдөх алба болгож салгаж гаргах ёстой.

9. Шүүн таслах ажиллагаатай холбоотой гэмт хэргүүд бий. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, гэрчийг заналхийлэх зэргийг таслан зогсоох ажлыг Тахарын алба хийнэ. 

10. Шүүхийн шийдвэр гараад хорих ял, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн нь тусдаа байна. 

11. Зохион байгуулалтаа өөрчлөхөөр ямар асуудал гарсан бэ гэвэл хуучин зохион байгуулалтаа хадгалж үлдэх буюу дарга бол даргаараа эсвэл тэр байгууллага дотор байсан таагүй зүйлүүдийг нууцалж хэвээр нь хадгалж оролдох үзэгдэл шинэтгэлтэй холбоотой гарч ирдэг юм байна. 

12. Авлигатай тэмцэх газрыг байгуулахад би Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгч байсан. 

13. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатад миний өргөдөл одоо ч гэсэн байгаа. Энэ хянагдаж, шийдэгдээгүй. 

14. АТГ Үндсэн хуулийн бус аргаар байгуулагдсан. Одоо ч би энэ итгэл үнэмшилтэйгээ байдаг. 

15. Ямар ч хүн байсан хуулийн байгууллагад очсон л бол хэрэглэж байгаа хууль нь тэр хүмүүсийг мангас болгож хувиргадаг л хууль үйлчилж байна. 

16. Бусдын зовлонг хараад энэ хуулийг ингэж өөрчлөх ёстой юм байна аа гэж бодож байсан бол одоо энэ зовлон над дээр мэдрэгдэж байна.

17. Хууль зүйн сайдыгаа хар тамхины хэрэг, гадаадын тагнуултай холбож гүтгэж болох хэмжээний ажиллагааг хийж болж байна. 

18. Гүйцэтгэх ажил хийчихээд гүйцэд нотлогдоогүй мэдээ, баримтыг гадагш задруулах нь өөрөө хуулиар хориотой. 

19. Гэтэл манай хуулийн байгууллага тагнах, чагнах ажил хийчихээд тэр нь гэмт хэрэг болохооргүй угаасаа ч гэмт хэрэг биш. Нотлогдохгүй, баримтгүй, магадгүй хуурамч нотлох баримтыг хэвлэл рүү өгөөд мэдээллээр нөгөө хүнээ харлуулж байна.

20. Өөрчлөгд, өөрчлөгдөхгүй бол холд.

21. Энэ бүгдийг зогсоохын тулд хуульд нэг үг, үсэг солих биш тогтолцоогоор нь бүтнээр нь өөрчлөхөөс өөр аргагүй.

22. Энэ бол өнгөрсөн 20 жил бий болсон урхагтай буруу үзэгдэл. Энэ үзэгдлээр ирээдүйн 20 жилийг тодорхойлуулмааргүй байна.

23. Ирээдүйн 20 жилд хуулийн байгууллага ингэж дур зоргоороо ажилладаг биш хуульд заасан үндэс журмаараа л ажилладаг болох ёстой. 

24. Шинэтгэл хуулийн байгууллага дотор ажиллаж байгаа хүмүүсийн дургүйг үнэхээр хүргэж байгаа. 

25. Тэднийг шоронд хийх гэж байгаа юм шиг эрхийг нь хязгаарлах гэж байна. 

26. Хуулийн байгууллагын ажилтанд эрх мэдэл байна. Хүний амьдралыг юу ч болгож мэдэх эрх мэдэл байна.

27. Энэ эрх мэдлийг хэн нэгэн дураараа ашиглаж болохгүй хүнд процесс хяналтыг бий болгох ёстой. 

28. Шүүхийн ганцхан хуралдаан хийдэг байсан бол бид дөрвөн хуралдаан буюу сонсголтой болгож байна.

29. Хэн нэгнийг баривчилж, цагдан хорих гэж байгаа бол шүүхээс зөвшөөрөл авна. Гэхдээ энэ нь хуралдааны хэлбэртэй болно.

30. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гурвуулаа яллах сонирхолтой нүдээр хүнийг харах юм бол үүнд өртөж байгаа хэн ч байсан зүгээр л амьдралаараа тоглуулна.

31. Одоо сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэсэн гурван үгээр буюу гурван статус бүхий хүнийг шүүж яллаж, буруутгаж, мөрдөж байгаа. 

32. Шинэ хуулиар сэжигтэн гэдэг ойлголтыг авч хаяж байна. 

33. Уучлаарай сэжигтэн буюу сэжиг таамаг гэдэг мөрдөгчийн толгойнд үүсч байгаа төсөөлөл болохоос хүний эрх зүйн статус биш.

34. Энэ өөрчлөлтөөс хамгийн их хохирох хэсгээс л аюул занал ирж байна.

35. Маш олон бизнес эрхлэгч, улстөрч өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хуулийн байгууллагад төлөөний хүнтэй байх гэж оролдсон 20 жилийн өрсөлдөөн байв. 

36. Энэ нь эцийн дүндээ хуулийн байгууллагыг бүтнээр нь хувьчилж авах гэсэн өрсөлдөөн болж хувирлаа. Тэр саврыг бид татах ёстой. 

37. Хамгийн ихээр хуруу дүрчихсэн байсан бүлэг цочирдож байна. Энэ бол нэг хэрэг. 

38. Тэр дотор нь гэмт хэрэгтнүүдтэйгээ сүлбэлдээд тэндээсээ ашиг авдаг хуулийн байгууллагын ажилтнууд бас нэг бүлэг. 

39. Анх бизнес эрхлэгч, улстөрчид "би хуулийн байгууллагыг худалдаж авч байна" гэж бодож байсан бол одоо хуулийн байгууллага нь тэр хүмүүсээ аалзны тор шиг бариад авчихсан сууж байна. 

40. Өөрчлөлтөд дасаагүй, өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийгөө олж харж чадаагүй хэсэг их ууртай байна. 

41. Ухаанаа зарж хэрэг илрүүлдэг зүйлд суралцах ёстой. Шерлок Холмс шиг. 

42. Олонх буюу хуулийн байгууллагын ажилтнууд энэ төвөгтэй болж байгаа харилцаанаас төвөгшөөж байгаа. Гэхдээ хийгээд ирэхээр таны нэр хүнд өснө. Та мэргэжилтнийхээ хувьд "босоод" ирнэ. 

43. Хууль сахиулах гэдэг бол хүчээр хийдэг ажил биш. Хууль сахиулах гэдэг бол боловсрол, мэдлэгээр хийдэг ажил. 

44. Энэ бүгдийг би ганцаараа хийж чадахгүй. Олон нийтийн маш хүчтэй дэмжлэг байх ёстой. 

45. УИХ-д байгаа АН-ын гишүүд амлалтынхаа төлөө явж байгаа энэ үйл ажиллагааг тасалдуулахгүй. Бүлэг дээр ярьсан яриа бол энэ.