Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Голомт"-ын Д.Баясгалангийн хэлсэн онцлох 31 эшлэл

Б.Ану
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Д.Баясгалан

“Бодь Интернэйшнл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Баясгалан цаг үеийн асуудлаар болон “Бодь Интернэйшнл”-тэй холбоотой олон асуудлаар "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас дараах 31 эшлэлийг онцлон хүргэж байна. 

Харин та ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу. 

  1. “Блумберг”-ээр явсан энэ мэдээлэлд Худалдаа хөгжлийн банк холбоотой гэж бодохгүй байгаа. Харин энэ мэдээллийг манай өрсөлдөгчид дэвэргэж, давс хужир нэмж байгааг үгүйсгэхгүй.  
     
  2. Бид хуучны төрийн мэдлийн банкийг хувьчилж аваагүй, аль нэг банкийг өөрсдөдөө нэгтгэж явсангүй. 
     
  3. Манай гол өрсөлдөгч болох Худалдаа хөгжлийн банк бол хуучны гадаад худалдааны банк одоо ч хэвээрээ л байна. ХААН банк бол бас хуучны хөдөө аж ахуйн банкны суурин дээр үндэслэгдсэн.  
     
  4. Жон “Голомт” банкны захирал гэдэг албан тушаалд дахиад дор хаяж 3-4 жил үлдэх, хувьцаа эзэмших, улмаар банкийг хувьдаа хөрөнгө, мөнгөтэй болох сүүлийн боломж гэж харж байсан юм билээ. Би түүнийг ямар ч аргаар хамаагүй албан тушаалдаа үлдэх гэж улайрч түүндээ Лу.Болдыг ашиглана, эсвэл хамтрагч болно гэж санаагүй л дээ. Маргаан зөрчил бол үүнээс л эхэлсэн. 
     
  5. “Иточу”-тай төлбөрийн асуудал байна уу, энэ юу болоод өнгөрөв гэдгийг мэдэхийн тулд банк Лу.Болдын гэр бүл болон гадныхны хүсэлтээр 1,6 сая ам.долларыг аудитын компанид төлсөн байдаг юм. 
     
  6. Нэгэнт Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр аргагүй болсон.
     
  7. Лу.Болд болохоор “Энэ бүх бизнес, компани, банк бол чинийх, надад юу ч байхгүй, тэгэхээр алдах зүйл байхгүй” гэж хэлээд асуудлыг улам том болгох, аль болох олон хүнийг хамруулах, хэвлэл мэдээлэлд хандах зэргээр аашилж эхэлсэн юм.
     
  8. Миний л сонсож, ажигласанаар бол Лу.Болд маш сэтгэл ханамжтай үлдсэн.
     
  9. Маргааш юу болох нь тодорхойгүй учраас л ирээдүйн сэтгэл булаах юм нь тэр шүү дээ.
     
  10. Би одоо “Бодь Интернэйшнл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч. Манай компани “Голомт” банкны 85 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. 
     
  11. М.Зоригт банкинд давуу эрхтэй хувьцаа худалдаж авсан. “Голомт” банк тогтмол хүү төлнө. Үүнийгээ тайландаа тусгаад, бизнесийн шийдвэрт оролцохгүй улс төрөө хийгээд явах нь аль аль талдаа хэрэгтэй юм л даа.
     
  12. Гэхдээ надад анхнаасаа бүх хувьцааг нь худалдаж аваад ганцаараа эзэн суух гэсэн далд санаа бодол хэзээ ч байгаагүй. М.Зоригт, Лу.Болд хоёр өөр өөрсдийнхөө замаар сонголтоо хийгээд явахад би ажлаа хийгээд л үлдсэн. 
     
  13. Би улс төрд орохгүй. Надад ямар ч улс төрийн амбиц байхгүй.
     
  14. Би өөрөөрөө л байх дуртай. Тиймээс би улстөрч болж чадахгүй. Харин ч хүний дургүй хүргэчихэж магадгүй хүн.
     
  15. Би ард түмэн та нарынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ гэж хэлж чадах ч үгүй. 
     
  16. Гэргий маань өндөр боловсролтой, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүн.
     
  17.  Би 12 жил банкны захирал, таван жил ТУЗ-ийн дарга хийсэн.
     
  18. Манай банк гэхэд л 1800 гаруй ажилчинтай. Компани, банкинд бараг 100 илүү захирлууд ажилладаг, энэ бол миний бүрдүүлсэн хамт олон.
     
  19. Яг ийм нууцлалтай иргэний үнэмлэхийг өнөөдөр дэлхийн 10 хүрэхгүй орон л хэрэглэж эхлээд байгаа. 
     
  20. Хүний гоо сайхны үнэлэмжийг шүүмжилж болохгүй гэсэн үг байдаг шүү дээ.
     
  21. Би “Голомт”-ын хувьцаанаас гадна магадгүй Монголын хамгийн том хэвлэл мэдээллийн группыг эзэмшиж байгаа байх.
     
  22. Заримдаа хэвлэл мэдээлэлтэй байх тун амаргүй. Хүмүүс маш эмзэг.
     
  23. Хэрэв бид паркийн газрыг хамгаалж авч үлдээгүй байсан бол өнөөдөр орон сууцны хороолол болчих байсан гэдгийг би баталгаатай хэлнэ. 
     
  24. Би МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлыг найман жил хийсэн, Бээжинд улсаа төлөөлж, анхны олимпийн аварга төрүүлсэн багийг удирдаж байсандаа бахархдаг. Миний хувь нэмэр, хийморь ч бас байсан байх.
     
  25. Манайд эдийн засаг сайн биш байна.
     
  26. Золиос хийж байж бизнес амжилт олдог юм.
     
  27. Бодит эдийн засгийн өсөлт гэж инфляцын түвшин, долларын ханшийн тогтвортой байдал хангагдаж байж гардаг болохоос инфляц өндөр, төгрөгийн ханш уначихсан үед өсөлт гарвал худлаа өсөлт байдаг. 
     
  28. Манайхны импортын хэрэглээ хэрэгцээ сүүлийн жилүүдэд асар их нэмэгдсэн. Тэр хэрэгцээгээ хангахын тулд дээр хэлснээр ямар нэг юмаа зарах хэрэгтэй болно. Хэн нэгэн нь Монголын ямар нэг юмыг гадаад валютаар зарж байж нөхөгдөх ёстой.
     
  29. Улаанбаатарын утаа гэж баахан худлаа шоудаж утаагүй нүүрс гэж байснаас Хятад, Туркээс баахан ажилчид оруулж ирээд орон сууц бариулчихаад буцаагаад явуулах хэрэгтэй.
     
  30. Шийдвэр гаргагчид бүх хүмүүст таалагдах шийдэл олох гээд үзээд байдаг. Оюу Толгой дээр ингэж маргаж, гацааж байснаас ажиллах нөхцөлийг нь хангаад 34 хувиа зарах хэрэгтэй.
     
  31. Банкны салбар бол урагш алхаж хөгжсөн цөөхөн салбарын нэг л дээ. Манайд гурван том банк, дунд зэргийн хэдэн банк байна. Эдгээрээс цорын ганц үндэсний хөрөнгө оруулагчтай банк бол “Голомт”. “Голомт” банк өнөөдрийн байдлаар 3,7 их наяд төгрөгийн активтай, 320 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, өнгөрсөн онд 46 тэрбум төгрөгийн татварын дараахь ашигтай, одоо хоёрдугаар сарын дундуур гэхэд 8 тэрбум төгрөгийн ашигтай, дансандаа их наяд илүү төгрөгтэй байна.