Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
2017 оны 12 дугаар сарын 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч 28-30-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.
12 дугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны 1 дүгээр сарын 1-2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Шинэ оны эхний хоногуудад шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41..-46 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -36..-41 градус, бусад нутгаар -25..-30 градус хүрч чангарах төлөвтэй байгаа тул холбогдох арга хэмжээг авна уу гэж ЦУОШГ-аас анхаарууллаа.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор болон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр, Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
28-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ