Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгогчийн албан ёсны хаяг дээр огт байгаагүй өөр хүмүүсийг бүртгэсэн тохиолдлууд гарсан"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн үйл явцад хийсэн ажиглалт, мониторингийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд боллоо.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа болон сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа юм.

Ажиглалтын багийнхан Нийслэлийн 50 хэсгийн хороон дээр буюу 12 хувьд нь 100 гаруй ажиглагчийг бэлтгэж, сонгуулийн бүх үйл явцыг тасралтгүй ажиглажээ. 

"Хэнд ч саналаа өгмөөргүй байгаа тохиолдолд хоосон саналын хуудас уншуулах боломжтой байсан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нээлттэй нийгэм форумын Засаглал хөтөлбөрийн менежер Н.Энхцэцэг “Энэ жилийн хувьд бид маш хязгаарлагдмал хүрээнд ажиллалаа. 

Бидний ажиглалт хийсэн газруудад хуулийн ямар нэг ноцтой зөрчилгүй сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Мөн техникийн тооллогыг хийх хэсгийн хороодыг сугалах үйл ажиллагааг ажигласан.

Ганц нэг зөрчил гарсныг дурдахад нэг сонгогчийн албан ёсны хаяг дээр огт байгаагүй өөр хүмүүсийг бүртгэсэн тохиолдлууд гарсан. Бид тухайн иргэдээс зөвшөөрөл авч, үргэлжлүүлэн судлах болно.

Мөн саналын хуудсын хавтсыг төхөөрөмжид чихэж хийснээс болж, төхөөрөмж гацаж, нэг цаг орчим сонгуулийн үйл явц зогссон.

Үүнээс гадна сонгогчдын хувьд гурван нэр дэвшигчийн өмнөх дугуйг гурвууланг нь будаж, саналын хуудсыг хүчингүй болгох тохиолдол гарсан. Нийт 50 хэсгийн хороонд ажигласнаас 2,000 гаруй саналын хуудас хүчингүй болсон.

Уг нь Сонгуулийн хуулийн 97.9-д зааснаар сонгогч хэнд ч саналаа өгмөөргүй байгаа тохиолдолд хоосон саналын хуудас уншуулах боломжтой байсан. Үүнийг мэдээгүй иргэд санаатайгаар саналын хуудсыг хүчингүй болгосон байж болзошгүй.

Ажиглалтын үеэр хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс хуулиа мэдэхгүй байх тохиолдол гарч байсан. Хоосон саналын хуудас уншуулж байгаа иргэдийн зандрах, “заавал аль нэгийг нь дугуйлж байж уншуул” зэргээр шаардлага тавих тохиолдлууд байсан" хэмээн тайлбарлалаа.

Ажиглалт, судалгааны үр дүнд мэдээний хөтөлбөрийг далд сурталчилгааны талбар болгон ашиглах тохиолдол их байсан бөгөөд МҮОНТ-ийн нэр дэвшигчдэд оноосон цаг тэнцвэргүй байжээ.

"60 минутыг сурталчилгаанд зарцуулна гэсэн хуулийн заалтыг аль нэг телевиз зөрчөөгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Төслийн удирдагч Б.Онон “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн судалгаанд бид TV9, UBS, C1, MN25 гэсэн телевизийг хамруулсан.

Таван телевизийн 1,691 цаг 13 минут 42 секундын бичэгт үзлэг хийснээс дунджаар 8 хувь нь Сонгуультай холбоотой мэдээ байсан. Сонгуультай холбоотой мэдээлэл гэдэгт сурталчилгаа, сонгогчдын боловсролд зориулсан мэдээллүүд багтаж байгаа.

Далд сурталчилгааны мэдээлэл агуулсан байдал нийт арилжааны телевизийн дунд 25 хувийг эзэлсэн байна.

Гол төлөв цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр цацагдсан жирийн мэдээний шинжтэй хэр нь олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгаа гэж тодорхойлсон онцлогуудыг агуулж байсан.

60 минутыг сурталчилгаанд зарцуулна гэсэн хуулийн заалтыг аль нэг телевиз зөрчөөгүй.

Харин Сонгуулийн тухай хуулийн 82.6, 82.14-т заасан 15 болон 5 минут хэтрүүлэхгүй байх заалтыг зөрчих тохиолдол сурталчилгааны сүүлийн өдрүүдэд ихээхэн ажиглагдаж, хэрээс хэтэрсэн” гэв.

Түүнчлэн санал тоолох үйл явц хуулийн дагуу 22:00 цагт эхэлсэн. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлагагүй шууд явагдсан гэсэн бөгөөд зарим хороонд санал тоолж хэвлэх үед цаас дууссан, зааварчилгаа хүлээсэн, СЕХ-ноос техникийн тооллого явагдах эсэхийг хүлээсэн зэрэг тохиолдлууд гарчээ.