Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Ардчилсан Монгол Улсын Ерөнхий сайд нар

Б.Дөлгөөн
2016 оны 7 сарын 8
iKon.MN

Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо.

1990 оноос хойш иргэдийн ардчилсан сонголтын үр дүнд бүрдсэн үе үеийн Засгийн газрыг тэргүүлж байсан эрхмүүд.

Он цагийн дарааллаар харуулав. Мэдээллийн эх сурвалж: Baabar.mn, Wikipedia, iKon.mn

Дашийн БЯМБАСҮРЭН

- Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд - 

- Математикч мэргэжилтэй -

Эдийн засгийн ухааны доктор, Статистикийн Хороо, Улсын Үнийн Хороо, Үнэ Стандартын Улсын Хороо, Авто тээврийн барилга угсралтын засварын трест, ШУТ-н Улсын хорооны харьяа Эрдэм шинжилгээний төвд тус тус ажиллаж байсан.

1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан ба 1990 оны ардчилсан сонгуулийн дараа 9 сарын 10-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын сүүлчийн ерөнхий сайд, Ардчилсан Монгол улсын анхны Ерөнхий сайд.

 

Гол гавьяа:

  • Социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих эгзэгтэй үед тэрээр олон намын "Эвслийн засгийн газар"-г эмхлэн толгойлж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзан зах зээлийн тогтолцоонд орох шилжилтийг удирдан гүйцэтгэсэн.
  • Өмч хувьчлах ажил эхлүүлсэн.

Төгрөгийн ханшийг хоёр дахин унагаж, өргөн хэрэглээний барааны үнийг хоёр дахин нэмсэн "20-р тогтоол", "алт дилерийн хэрэг" зэргээр тухайн үеийн Засгийн газар олон нийтийн бай болж байсан. 

1990-1992
Пунцагийн ЖАСРАЙ

- Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд - 

- Эдийн засагч мэргэжилтэй - 

Эдийн засгийн дээд сургууль, Эдийн засгийн хүрээлэн, Статистикийн төв газарт орлогч дарга, Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хорооны дарга, МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч, Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд БНМАУ-ын сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны дарга бөгөөд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг алба хашиж байсан. 

 

Гол гавьяа:

  • Инфляци 325 хувьтай байсан үед Засгийн газрыг удирдсанаар хоёр жилийн дотор хямралаас гарч, картын системийг халсан. 
1992-1996
Мэндсайханы ЭНХСАЙХАН

- Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд (1996-1998) -

- Эдийн засагч мэргэжилтэй -

Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

 

Гол гавьяа:

  • Өмч хувьчлал
  • Үнэ чөлөөлөх - Эдийн засгийн реформын ажлыг эхлүүлсэн.

Тухайн үед “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж ардчилсан хүчнийхэн улс төрийн шийвдэр гаргаж М.Энхсайханы засгийн газрыг унагаж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон. 

Энэ задралын дараагийн сонгуульд МАХН (Одоогийн МАН) үнэмлэхүй олонхи болсон.

 

1996-1998
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

- Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд (1998 оны 4 сараас - 1998 оны 12 сар) -

- Сэтгүүлч мэргэжилтэй -

Эрдэнэт үйлдвэрт засварчин, машинист, Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга, “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч (энэ хугацаандаа ардын армид байсан “оны ялгаа”-ны харгис шинж чанарыг уйгагүй илчилж, шүүмжилж, цэргийн эрүүл мэнд, амь насны төлөө тэмцэж байв.) “Ардчилал” сонины эрхлэгч, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн зэрэг албыг хашиж байсан. 

 

Гол гавьяа:

  • Банк санхүүгийн салбарт реформ хийсэн

Банкны асуудлаар УИХ дахь цөөнх болон Ардчилсан холбоо дотроо санал зөрөлдөж чуулганы хуралдааныг нэг сар гацаасны эцэст Элбэгдоржийн засгийн газар гурван сарын дараа унасан. 

Банкны системд хийсэн реформ нь асар их нугалаа, луйвар, хэл амыг дагуулж нийгмийг доргиож байсан.

1998
Жанлавын НАРАНЦАЦРАЛТ

- Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд (1998 оны 12 сараас 1999 оны 7 сар) - 

- Геодизийн инженер мэргэжилтэй - 

БОЯ-ны газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд ахлах мэргэжилтэн, Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд дарга,  Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.

 

Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар ОХУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидалтай нь холбогдуулан огцруулсан.

1998
Ринчиннямын АМАРЖАРГАЛ

- Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд (1999 оны 7 сараас 2000 оны 7 сар) - 

- Эдийн засагч мэргэжилтэй - 

Монголын үйлдэврчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч, Цэргийн нэгдсэн дээд сургуульд санхүү-эдийн засгийн багш, Техникийн их сургуульд санхүү-эдийн багш, Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллаж байсан ба одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бий болгосон.

 
1999-2000
Намбарын ЭНХБАЯР

- Монгол Улсын 22 дахь Ерөнхий сайд (2000-2004) -

- Орчуулагч мэргэжилтэй -

Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, УИХ-н гишүүн, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан.

Ерөнхий сайд, Хурлын дарга, Ерөнхийлөгч гэсэн төрийн гурван өндөр албыг хашсан анхны хүн. 

 

Гол гавьяа: 

  • Газрыг хувьчилж эдийн засгийн эргэлтэд оруулсан

Энэ үед нэг хүний ноёрхол, хээл хахууль туйлдаа хүрсэн гэдэг ч Мянганы замын бүтээн байгуулалт, ОХУлсад төлөх Их өр тэглэсэн зэрэг ажлууд хийгдэж байв. 

2000-2004
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

- Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд (2004-2006) -

 

Гол гавьяа:

  • Авлигын эсрэг тэмцлийг эхлүүлсэн 

1998 онд Ц.Элбэгдорж М.Энхсайханы засгийн газрыг унгаж байсан бол 2006 онд Засгийн газарт хамтран ажиллаж байсан МАХН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах санал оруулж ирэхэд М.Энхсайхан тэргүүтэй гишүүд дэмжсэнээр Их эвслийн Засгийн газар огцорсон.

2004-2006
Миеэгомбын ЭНХБОЛД

- Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайд - 

- Эдийн засагч мэргэжилтэй - 

Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Нийслэлийн МАХН -ын хорооны дарга, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан.

Засгийн газрын гишүүн Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар огцорч, Ерөнхий сайд М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

 
2006-2007
Санжийн БАЯР

- Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд - 

- Хуульч мэргэжилтэй -

Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Монгол Улсаас ОХУ-д суухОнц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албыг хашиж байсан.

 

Гол гавьяа:

  • Бүртгэлийн тогтолцоог сайжруулах буюу төрийн ой санамжийг төгөлдөр болгох ажлыг эхлүүлсэн,
  • Газар тариалангийн салбарыг хөл дээр нь босгосон,
  • Стратегийн орд газрыг эргэлтэнд оруулах ажлын хүрээнд Оюу Толгойн гэрээг байгуулж Монголын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн.

"Стандарт бус" шийдвэр гаргадаг түүний засаг барьж байх хугацаанд Долоон сарын нэгэн, Оюу Толгойн гэрээ зэрэг асуудлууд шүүмжлэл дагуулж байв.

2007-2009
Сүхбаатарын БАТБОЛД

- Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд - 

- Эдийн засагч, Дипломатч мэргэжилтэй - 

Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтэн, "Монгол импекс" нэгдэлд экспорт фирмийн дарга, хувийн хэвшилд "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар, Гадаад хэргийн яамны дэд сайд, УИХ-ын гишүүн, Үйлдвэр худалдааны сайдын албыг хашиж байсан. 

 

Гол гавьяа: 

  • Түүнийг засаг барьж байх хугацаанд эдийн засаг түүхэнд хамгийн өндөр өсөлттэй буюу 17.3 хувьтай (2011 онд) байсан.

2009-2012
Норовын АЛТАНХУЯГ

- Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд - 

- Физикч мэргэжилтэй - 

МУИС-т физикийн багш, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан. 

 

Гол гавьяа

  • Дэд бүтцийн салбар дахь бүтээн байгуулалт,
  • Үйлдвэрлэлийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. 

Ардчилсан намын түүхэнд хамгийн удаан засаг барьсан. (819 хоног)

Бондын мөнгөний үр ашиггүй зарцуулалт, эргэн төлөлтийн асуудал, хамаатан садан, ойр дотны хүмүүс нь хэрэгт холбогдсон зэрэг асуудлуудаар олон нийтийн зүгээс Н.Алтанхуягийг шүүмжилж байв. 

МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах санал оруулж ирэхэд Ардчилсан намын МоАХ, Шонхор фракцын гишүүд болох Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт, Ж.Батзандан, Б.Наранхүү болон Р.Амаржаргал нарын гишүүд дэмжсэнээр Шинэчлэлийн засгийн газар огцорсон түүхтэй. 

2006 онд Ц.Элбэгдоржийн засгийн газрыг унгасан М.Энхсайхан тэргүүтэй гишүүдийг Ардчилсан нам дүрмийнхээ дагуу намаас хөөж байсан бол Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулсан гишүүдийг намаас хөөлгүй авч үлдсэн юм. 

 

2012-2014
Чимэдийн САЙХАНБИЛЭГ

- Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд - 

- Түүхч, Хуульч мэргэжилтэй - 

Монголын Залуучуудын Холбоонд, Монголын Залуучуудын Холбооны Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, Хууль зүйн Е&Т товчооны захирал, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байсан.

 

Гол гавьяа:

  • Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээг (Дубайн гэрээ) байгуулснаар эдийн засаг сэргэх бололцоо бүрдсэн. 

Эрдэнэт Үйлдвэрийн ОХУ-ын талын 49 хувийг худалдах шийдвэр гаргасан явдал энэ цаг үед олон нийтийн дунд яригдаж байна.

2014-2016
Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ

- Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд - 

- Эдийн засагч мэргэжилтэй -

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХКомпанид нягтлан бодогч, Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албыг хашиж байсан.

 

МАН-ын зүгээс Эдийн засгийн хямралтай үед мэргэжлийн эдийн засагчаар улс орноо төвхнүүлж авахын тулд эдийн засагч хүнээ дэвшүүлж буйгаа мэдэгдсэн.

2016