ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбаатар: Монголчуудад “Saturday” гэдэг хурдан буян заяажээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 5
iKon.MN
 

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын  “Mongolian Saturday” хурдан хүлэг АНУ-ын Breeders’ Cup морин уралдаанд түрүүлсэн билээ.

Тэрбээр өнөөдөр энэ талаараа мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчидтэй уулзсан юм.

Дэлхийн морин спортын холбооноос АНУ-д 32 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах зэрэглэлийнх бөгөөд уралдаанд оролцуулахын тулд өндөр шаардлага тавьдаг байна.

Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хурдан хүлэг цэвэр цусны англи адуу ба өдгөө таван настай аж. Уг хурдан хүлгийн гаргасан амжилт нь уралдаанд түрүүлээд зогсохгүй Ази тивээс авч буй анхны түрүү гэдгээрээ онцлог юм.

Дөрвөн жилийн өмнө энэхүү хүлгийг Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, Алдарч уяач Э.Ганбат нар keeneland дуудлага худалдаанаас Д.Ганбаатарт авч өгч байжээ.

МУТМ уяач Д.Онон энэ талаар “Бид нар дааганы дуудлага худалдаанаас 2011 онд авч байлаа. Тухайн үед үндсэн махных нь чанарыг харж авсан юм. Их баяртай байна. Дүү нар маань ингэж том амжилт гаргалаа. АНУ-д морь уяж байгаа н.Ганбат маань морио эхний гурван байрнаас хойш гаргалгүй давхиулж байна гэдэг бол тэр хүний авъяас, эрдэм, мэдрэмжийн илэрхийлэл” гэв.


Сэтгүүлчид Д.Ганбаатараас сонирхсон асуултаа асуулаа.

-Таны морь уралдаанд түрүүлж Монголын нэрийг дэлхийд гаргаж чадлаа. Сэтгэгдлээ хуваалцана уу?

Д.Ганбаатар: Үнэхээр сайхан үйл явдал боллоо. Монголчууд морьтой харьцахдаа, морь уяхдаа ямар их авъяастай юм бэ гэдгийг дэлхийд харуулах үүд хаалгыг нээсэндээ бид баяртай байгаа. Ер нь Монголчууд чаддаг юмаараа дэлхийд өөрсдийгөө харуулах нь бидний хийх ёстой ажил гэж ойлгож байна, их сайхан байна.

-“Mongolian Saturdayэнэхүү уралдаанд түрүүлэх магадлал хэр байгаа гэж яригдаж байсан бэ?

-Америкийн морины мэргэжилтнүүдийн дүгнэснээр эхний дөрөвт байгаагүй. Үнэхээр Монгол уяачийн ухаан гениндээ байгаа. н.Ганбат үүнийг тод томруунаар харуулж чадлаа.

Цаашид Монголчууд морин уралдааны зах зээлд олон жил байр суурийг эзлэх байх. Монголчуудад “Saturday” гэдэг хурдан буян заяажээ.

“Макс” группийн хувьд мэдээж сайхан хөдөлмөрийнхөө үр шимээр сайн сайхан явж байна. Надад олон том мөрөөдөл бий. Олон сайхан уяачид, бизнесүүд сайн явж байж Монгол сайн явна гэж би боддог.

Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд өгөхөөр болсныг мэдэгдэж байна.

-Олон хүний таамгийг эвдэж гайхамшигтай амжилт гаргалаа. Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс танд болон Монголчуудад хандаж юу хэлж байв?

-Энэ удаагийн Breeders’s Cup-ыг Монголчууд та бүхэн чимлээ гэж олон хүн хэлсэн бөгөөд зохион байгуулагчид ч онцолж байсан.


“Mongolian Saturday” хүлгийн түрүүлсэн Breeders’ cup turf sprint G-1 төрөл Канад, Дубай, Францын морьд уралджээ. Энэ нь тэмцээний хамгийн богино зайн төрөл бөгөөд хамгийн хурдан морьд уралддаг байна.

ИНГЭЭД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ФОТО ЗУРГУУДЫГ ҮЗНЭ ҮҮ

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn

 
 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.