• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Фэйсбүүктэй хамтран интернэтэд ҮНЭГҮЙ холбогдох FREE BASICS үйлчилгээг нэвтрүүллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 11 сарын 4
iKon.MN

Мобиком Корпораци Фэйсбүүктэй хамтран интернэтийг илүү олон хэрэглэгчдэдээ түгээх зорилгоор FREE BASICS хэмээх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлснээ өчигдөр зарлалаа.

Фэйсбүүкийн FREE BASICS хэмээх энэхүү үйлчилгээ нь дэлхийн олон улс оронд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улс 29 дэх орон нь болж байна.

Үйлчилгээний гол онцлог нь олон мянган хэрэглэгч огт үнэ төлбөргүйгээр цахим ертөнцөд холбогдох боломжтойд оршино.

Мобикомын нийт хэрэглэгчид FREE BASICS үйлчилгээг ашиглан гар утаснаасаа өргөн хэрэглээнд зориулсан боловсрол, эрүүл мэнд, мэдээний болон олон нийтийн сүлжээний вэбсайтуудад үнэ төлбөргүйгээр хандаж болдог болж байгаа юм байна. Тухайлбал олон нийтийн сүлжээ Фэйсбүүк, цахим нэвтэрхий толь Википедиа, мэдээллийн портал сайт Gogo, цахим орчуулгын Translate.com болон цаг агаарын AccuWeather зэрэг өргөн хэрэглээний 20 гаруй вэбсайтад үнэгүй хандах боломжтой болж ажээ.

Хэрэглэгчид freebasics.com хуудсанд хандах эсвэл Андройд утсанд зориулсан апликейшныг rap утсандаа татаж аваад дээрх вэбсайтууд руу үнэгүй хандана.

Харин тухайн хүний утасны марк, үйлдлийн систем болон бусад апликейшны шинэчлэл хийх тохиргооноос хамааран дата хэрэглээнээс тооцогдож болзошгүйг анхаарах хэрэгтэй аж.

ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ИХ ХҮЛЭЭЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

 

Шинээр нэвтэрч буй үйлчилгээний талаар Мобиком корпорацийн Байгууллагын бизнесийн газар, Бүтээгдэхүүн Маркетингийн газрын захирал М.Энхсайхантай товч ярилцлаа.

-Free Basics үйлчилгээг нэвтрүүлэх зорилго, онцлог нь яг юу вэ?

-Мобиком корпораци өнөөдрөөс эхлээд Фэйсбүүктэй хамтраад Free Basics буюу хүмүүст анхан шатны мэдээллийг үнэгүй хүргэх үйлчилгээг нэвтрүүлж байна. Үүн дотор фэйсбүүкийг текст хэлбэрээр, түүнчлэн Монголын мэдээллийн сайт болох Gogo.mn, эмэгтэйчүүд, хүүхэд, боловсролын талаар мэдээллийг агуулсан үйлчилгээ байгаа.

Энэ нь Мобиком корпорацийн зүгээс мэдээллийг хэрэглэгчиддээ түргэн шуурхай, хурдан хүргэх, 20 жилийн ойн ажлын нэг хэсэг болж байгааг мэдэгдэхэд таатай байна.

-Энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хэр их байгаа гэж тооцоолсон бэ?

-Бидний хувьд энэ бол хүмүүсийн хүлээж байгаа номер нэг үйлчилгээ гэж бодож байна. Манай Монгол Улс залуучуудын орон төдийгүй иргэд шинэ юм ашиглах дуртай, хүсэлтэй байдаг

Ялангуяа технологийн хувьд. Тиймээс энэ нь бүхний хүсэж буй дата үйлчилгээний нэг хэсэг юм.

-Энэ үйлчилгээг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ. Ямар зорилготой ажиллах вэ?

-Дата мэдээллийг илүү их хүргэдэг болно. Цаашид мэдээллээ байгаа байршлаас хамааралгүй илүү хурдан, шуурхай хүлээн авдаг болгох зорилготой байгаа.

“МОБИКОМ КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН ИЛҮҮ ОЛОН ХҮНИЙГ ЦАХИМ ЕРТӨНЦТЭЙ ХОЛБОЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА”

 

Фэйсбүүкийн Ази, Номхон Далайн Хөгжил Түншлэлийг хариуцсан захирал Анна Найгрен Монгол Улсад энэ үйлчилгээ нэвтэрч буйтай холбоотой “Интернэт бол нийгмийн болон эдийн засгийн хөгжилд томоохон нөлөөтэй зүйл болоод байна. Free Basics үйлчилгээ нь Монголын олон түмэнд интернэтийн хэрэглээг авахад нь томоохон хувь нэмэр оруулна гэдэгт баттай итгэж байна.

Бид хүн бүрт боловсрол, эрүүл мэнд, мэдээний вэбсайтууд руу үнэ төлбөргүй хандах боломжийг олгосноор тэдний амьдралд томоохон өөрчлөлтийг авчирна гэж найдаж байгаа. Мобиком Корпорацитай хамтран илүү олон хүнийг цахим ертөнцтэй холбож байгаадаа баяртай байна” хэмээв.

ТА FREE BASIC ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАН ДАРААХ ВЭБ САЙТУУДАД ХАНДАХ БОЛОМЖТОЙ

Д/д

Нэр

Тайлбар

1

24symbols

Цахим номын сан

2

AccuWeather

Цаг агаар

3

Ask.com

Интернэт хайлт

4

Bing

Интернэт хайлт

5

BabyCenter & MAMA

Эх хүүхдийн зөвлөгөө

6

Connect Smart

UNICEF – Connect Smart

7

Dictionary.com

Англи хэлний толь бичиг

8

Facebook

Олон нийтийн цахим сүлжээ

9

Messenger

Олон нийтийн цахим сүлжээ

10

Money Matters

Өрхийн төсөв төлөвлөлт

11

Girl Effect

Охидуудад зориулсан вэбсайт

12

Smart Business

Эмэгтэйчүүдэд зориулсан бизнес хөтөч

13

SmartWoman

Эмэгтэйчүүдэд зориулсан бизнес хөтөч

14

SocialBlood

Донор, цус хандивлалт

15

Translate.com

Цахим орчуулга

16

Thesaurus.com

Англи хэлний тайлбар толь

17

Facts for Life

Аж ахуйн сургалт

18

U-Report

UNICEF – U Report

19

Wattpad

Блог

20

wikiHow

Нэвтэрхий толь

21

Wikipedia

Нэвтэрхий толь

22

Worldreader

Цахим номын сан

23

Your money

Өрхийн төсөв төлөвлөлт

24

Gogo.mn

Мэдээ, зурхай, хөтөлбөр, цаг агаар, валютын ханш

 

Та бүхэн энэхүү үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Мобиком корпорацийн вэб сайтнаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.