“Ази, Африкийн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих сан” /ADRF/ олон улсын байгууллага нь 2011 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Тэгвэл тус сангаар дамжуулан БНСУ-ын Үнэт цаас, санхүүгийн хороо өнөөдөр нэгэн арга хэмжээг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд зохион байгуулсан нь “Smart IТ” сургалтын төвийн нээлт байв. Энэхүү төв нь Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо буюу Дарь-Эхийн хүүхэд залууст үнэ төлбөргүй компьютерын сургалт явуулах аж.
“Ази, Африкийн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих сан”-гийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Батцэцэг хэлэхдээ “Бид өнөөдөр 40 ширхэг зөөврийн компьютер бүхий сургалтын төвийг нээж байна.
Тус төвийг нээхэд БНСУ-ын Үнэт цаас, санхүүгийн хорооны дэргэдэх сайн дурынхан тусалж, нийтдээ 90 сая вонын санхүүжилт олголоо.
Бид сургалтын төвдөө Дарь-Эхийн 21, 27 дугаар хорооны 180 орчим хүүхдүүдийг /ихэвчлэн амьжиргааны түвшин доогуур/ хамруулах бөгөөд ямар нэгэн төлбөр авахгүй. Өөрөөр хэлбэл, манай сургалтад суухыг хүсэж, бүртгүүлсэн хүүхэд бүрт бид нээлттэй байх болно” гэсэн юм.
“Smart IТ” сургалтын төв нь долоо хоногийн Мягмар, Лхагва, Пүрэв гарагийн 10.00-18.00 цагийн хороонд ажиллах бөгөөд сургалтыг компьютерын чиглэлээр суралцдаг, сайн дурын оюутнууд зааварчилан явуулах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!