Энэ удаа бид У.Бямбанямын бичсэн “Эгшигт зүг” нийтлэлийг хүргэж байна.
Монголын суут хүн, аугаа хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гуай таалал төгсөөд жил өнгөрчээ.
Монголын хөгжмийн урлагийн түүхийг бичсэн эрхэм хүнд бид хүндэтгэл үзүүлж, түүний намтар, уран бүтээлээр хэлхсэн тусгай дугаар бэлтгэж байсан билээ.
Эхний үсгийг тавихаар үзгээ шүүрэн авмагцаа гар минь сульдаж, буцаад л ширээ дэрлэн унана. Бэлдэж тавьсан бичгийн цаас шигээ сэтгэл хоосроод болж өгсөнгүй.
Их уулсын бэл бараадсан бяцхан толгодтой өөрийгөө зүйрлэн эмээх ч толгод толгодоо өндөрлөн уул болдгийг санан хэсэгтээ тайтгарлаа. “Хүн бүхнээр нэрлэгдэх зам харгуйд бий”. Яг ингэж л эхлэх хэрэгтэй, яг ингэж...

Зургийн тайлбар: Бөрт үүлсийг гэрлээрээ сүвлэн нар мандаж байна. Урьд урьдныхаасаа удаан, итгэж цөхсөн шинжтэй. Туяарах нарны доор, тэнд Хэрлэн чимээгүй мэлмэрч, дууч шувууд нь орчлонгийн хэл залгуулахаар өвсөн дунд босон суун нисэлдэнэ. Ийм амгалан дундуур эгшиг аялгуудын эцгээ тэнгэрийн зүгт үдлээ. Гэрэл зургийг Ц.Шувуу
Судар өргөсөн ламаахай
Хүн бүхнээр нэрлэгдэх зам харгуйд бий. Баяр гунигийн аль нь байлаа ч биднээр дутах тэр зайг дүүргэж, зон олны дунд амьдарсны гэрч болон зурайна. Дэлхий гэж нэрлэсэн энэ гариг дээр долоон тэрбум хүн өөр өөрийн хувь төөргийг зурж яваа. Өмнө, хойнын ялгалгүй үүнээс ч олон зам зурагдана. Ийм л жам ёсоор амьдралын нэгэн тод томруун шан татахаар 1927 оны зургаан сарын 1-ний өдөр буюу миний бичиглэн буйгаас яг 87 жилийн өмнөх гал туулай жилийн зуны тэргүүн сарын нэгэнд Зүүнхашаатад нутагтай Дагвын гэрт шинэ хүн мэндэлжээ.
Тэр үеийн л жишгээр Уртнасан бүсгүй гэртээ хөнгөжиж, дөрвөн охины зулай гишгэсэн нуган үрээ аав нь өөрийн гараар өлгийдөж тослоо. Голомт сахих хүүтэй боллоо гэж баярлахын сацуу маанийн дуу сонсгох хүнтэй боллоо гэж залбирав. Тэр хүслийг нь дагаж таван настай Балдандорж хүү Хэрлэнгийн хөвөөн дэх Гүндгаравлин хийдэд шавилж, Лувсаншарав гэх сахилын нэр хүртэж төвд, монголд суралцаж эхэллээ. Нэрийг нь монголчилбол “Билиг оюут” гэж бууна. Хурц оюутыг хурлын дэг эвдэж дүрсгүйтэхээр л гэсгүйн бэрээ гозолзож, жавдангийн хооронд судар өргүүлээд зогсоочихно. Гайгүй уншлагатай болж ирэхтэй нь бариа тавианы үе таарч, хийд тарснаар эцэг эхийн гарын дор тусалсаар нэг илүү оныг үдэв. 1939 он гарахад л сая бүх нийтээрээ бичиг үсэгт боловсрох уриалга гарч, ардын түр сургуулиуд байгуулагдаж, 7 жил хийдэд шавилж төвд, монгол зэгсэн гадарлах болсон Лувсаншарав хүүг анхны багшаар авлаа. Ингэж л тэр улс орондоо зүтгэх урт замынхаа гарааг тавьжээ.
Бодохнээ, алдаа онооны дэнс чацуу амьдралын даваа л түүнийг урлагт хөтөлсөн мэт санагдана. 21 дарь эхийн цамд дүр бүтээн цан хэнгэргийн дуунд бүжиж, Хэрлэнгийн боргиог сонсож, хээр талд өвс сэвэлзэх, шувууд жиргэхийг сониучирхаж, “Улаан булан”-д ус зөөх, хөшиг татах ойр зуурын ажилд сайн дураараа оролцож, кино, дуу хөгжимд дурлан, хөшигний ард түшүүлж тавьсан хэдэн хөгжмийг оролдож суусан мөчөөс инагш хазайж хэлтийхийн аргагүй нэгэн жим тодорчээ. Энэ үеийг нь асуувал нүдээ онийлгон, холыг ширтэх мэт болоод,
-Ажилд орсон жилийн наадмаар хотоос уран сайханчид ирж дуу бүжиг болов оо. Манай клубийнхэн байдаг хэдэн хөгжмөөрөө ая тоглож, нутгийнхан “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”-өө эргэж гардаг юм байна. Надад бөмбөр шиг зүйл бариулаад аянд нь тааруулаад цохихыг үүрэг болголоо. Би ч уухайн тас тоглолоо. Тэрний дараа л манай хөгжимчид “Энэ Лувсаншарав овоо ритмтэй юм байна. Хөгжим зааж өгье” гэлцэх болсон. Батмөнх гэдэг хөгжимчин эгч надад анх мандолин тоглохыг зааж өгч билээ гэж инээмсэглэн хуучилна.
Нэг л мэдэхнээ 1943 он ирж, морин бригад Хэнтийд буулаа. Тэдний хөгжмийн багш нь Бирваа гэж нүд хөмсөг болсон хүн байх. “Хөлөөв”-ийн дарга тэр хүнийг урин, “Улаан булан”-гийн мэргэжилтнүүддээ ноот заалгаж, мандолин, баяан дээр дадлагажуулсан нь Монголын хөгжмийн ертөнц дэх хоёр их хүнийг танилцуулсан явдал болсон хэрэг. “Гончигийн Бирваа бол миний анхны “А” үсгийн багш минь” хэмээн тэр дурсдаг байв.
Удалгүй Бирваа багш Ховд руу морин маршаар шилжиж, Лувсаншарав хүү урлагийн хүн болох их хүслээ өвөртөлсөөр Хүрээнд хөл тавилаа. Урлагт тэмүүлсэн хүсэл мөрөөдлөөс өөр юу ч үгүй хүүгийн хувьд энэ зоримог шийдвэр байсан нь мэдээж. “Уран бүтээлч хүнд төрөлхийн авьяас билгээс гадна асар их мэдлэг, туршлага байх хэрэгтэй. Хүний халааснаас 25-тын зоос гарч байхад чинийхээс 50-тын зоос гарах хэрэгтэй” гэсэн Ц.Цэгмид гуайн сургаал, З.Цэндээхүүгийн зааварчилгаа, Монголын сор болсон уран бүтээлчдийн халуун ам бүл дундаас түүний цаашдын зам мөр тодорч үзэгдсэн. Ингэж л тэр “Бөмбөгөр ногоон” театрын үүднээс урлагийн зам руу эргэж буцалтгүйгээр алхан оджээ.
Холын хотын аяс
Эхэндээ өөрөө татгалзлаа. Дунд сургуульд ч сураагүй, хүрээ хийд, гэр ахуйгаар бичиг ном үзсэн, хийсэн ажил их ч дэлхийд нэртэй хөгжмийн сургуульд сурна гэдэг арай л ахадсан хэрэг санагдаад “Авахгүй ээ” гэчихээд Намын Төв Хорооныхонд зэмлүүлж, Урлагийн хорооноос билетээ авахаар алхсан гэдэг.
Зарчимч чанараараа л тэгээд хэлчихсэнээс биш гурван жилийн өмнө БНМАУ-ын гавьяат жүжигчин цол хүртэж, Алтан гадас одонгоор шагнуулчихсан, дэлхийн хэмжээний урлагийн наадамд удирдаачаар ажиллаж шагналт байранд шалгарсан буурь суурьтай, өөрийн гэсэн орон зай бүхий уран бүтээлч болчихсон байж шүү дээ.
Ийнхүү холын хотноо Чайковскийн нэрэмжит хөгжмийн сургуульд суралцахаар есдүгээр сарын сүүлчээр нисэх нь тэр. Хүн бүхний бодож байсанчлан тийм ч хялбархан байсангүй. Дунд шатны боловсрол тааруу хэмээн суралцуулахаас татгалзаж, яахав Ленинградад бол болох юм гэсэн хариу өгөв.
Үнэндээ мөнхийн бороотой уйтгарт хотод очих хүсэл гэрээ санах вий гэсэн эмээлтийг нь улам сэдрээсэн учир Москвад сурнаа гээд л гүрийчихлээ. ЭСЯ, ЗХУ-ын Боловсрол, соёлын яамны хооронд өдөртөө хэд гүйж, Монголын ЭСЯ-ны чардааканд амьдарсаар хэдэн төгрөгөө ч үрж дууслаа.
Нутаг буцах минь гэдэг ганцхан хүсэл оргилж, бүр ЭСЯ-аар хийлгэсэн тодорхойлолтоо үзүүлж шалгалт өгөх эрхтэй болоод зогсож байхдаа ч “Эх орон руугаа буцъя даа” гэсэн хүсэл өөрийн эрхгүй орж ирээд байжээ. Ямартай ч авьяас, туршлагын ачаар мэргэжлийн шалгалтаа давж, дэлхийн нэртэй урлагийн сургуульд суралцахаар болов.
Тэр л үед усан бороон дундуур Москвагийн гудмыг туучиж явахдаа Явууг Горькийд суралцахаар ирснийг сонсчээ. Хүний нутагт сэтгэл шантрангуй байгааг хэлэх үү, ард үлдсэн гэр орон, эхнэр хүүхдээ санагалзсаныг нэмж бодохоор нэг л гэгэлгэн аялгуу орж ирээд болсонгүй. Түүнийгээ,
Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай
гэсэн бадаг болгоод Явуухуланд өгч “За нэг иймэрхүү л дуу бичээд аль” гэв. Ингэж л “Би чамд хайртай” харийн хотод мэндэлсэн гэдэг.
Москвагийн оюутны үдэшлэг дээр Загдсүрэн дуулж, суудлын воганд Монголын залуусын аманд аялагдсаар эх орондоо ирлээ. Монголын хөгжим болоод үгийн урлагт тодоор бичигдсэн энэ эрхмүүд тэртээ оны Москвад залуу халуун насны дэврүүн хүслээр дотно нөхөрлөж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн нь эртний хувь ерөөл шиг үзэгдэл байж дээ.
Тэр нөхөрлөл, сэтгэлд үүссэн гэнэхэн дурлалын очис, амраг сэтгэлтнээ хүсэн мөрөөдсөн бодрол дундаас л “Хавирган сар шөнийн тэнгэрт уран чимэгтэй, Ханилсан наддаа миний л хонгор гоо үзэсгэлэнтэй” гэсэн тунгалаг үгс, уянгын гайхамшигт цогцлол урган гарлаа. Тэр нь цааш ам дамжин дуулагдсаар нэгэн үеийн залуусын зүрх сэтгэлийн дуулал болсон юм.
Зүрхнээс гарсан бүтээл л зүрхэнд хүрдэг гэсэн ойлголт Лувсаншарав абугайн бүтээл бүрээс тод мэдрэгдэнэ. Туурвин бүтээх нэг хэрэг ч авьяас билиг, сэрэл мэдрэмжийн торгон заагт урлаг өөрийн мөн чанараа оршоож чаддаг билээ.
Цагийн салхин үл элээх...
Лувсаншарав цагийн өнгөөр хувирдаг уран бүтээлч гэсэн үгс наана цаагуур нь нисэж, Бал даргын уриаг хүртэл урлагтай хутгалаа гэлцсэн нь цагийн өнгийг шүүснээс уран бүтээлийг нь муутгах шалтгаан болоогүй. Гончигсумлаа гуайн “Хормейстертэй юу ярихав дээ” гэсэн шөвөг шиг үгс л түүнийг жинхэнэ бүтээл төрүүлэх их үйлсэд хөтөлсөн гэж ярьдаг. Зөв шаралхал, хичээнгүй зан, хар буруугүй сэтгэл л түүнийг насан туршид жолоодсон гэж болно.
Найрал дууны удирдаачаас мэргэжил нэгтнүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн хөгжмийн зохиолч болох хүртэлх зам түүнээс тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөр шаардсаныг нөхөд нь дурсан ярина. Хөгжмийн мэдлэг тааруу, тэр талаар үзэж харсан нь ч цомхон миний хувьд Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, Ц.Намсрайжавын “Баярын жавхаа”, Ж.Чулууны “Ардын хоёр дуу”, Д.Лувсаншаравын дуурь, хөгжмийн бүтээлүүд бол монгол хүний дотоод сэтгэлээс тэсэрч дэвхрэн гарсан хөг аялгуу, баяр гунигийн эгшиглэн гэдэгт чин итгэлтэй явдаг нэгэн. Үздэгийг нь үзсэн судлаачид, ахмад уран бүтээлчид ч ингэж л дүгнэдэг.
Бүжгэн жүжгийн хөгжим, магтуунууд, богино уянгын дуунууд гээд уран бүтээлийн бүхэл бүтэн ертөнц түүгээр овоглодог. “Маамуу нааш ир”-ийг дуулж хэлд орсон анхдагчууд өдгөө 60 дөхжээ. Биднийг төдий насанд очиход, түүнээс ч цааш дуулагдсаар л байна. Он он жилийн дараа усны тунгалаг Тамирын гол сонсохуйн хязгаараар боргилон урсаж, голынхоо хайртай амрагаа шөнөдөө гэрэлтэм хэмээн дуулж, ижилссэн наддаа миний л хонгор гоо үзэсгэлэнтэй гэж хэлэх болно. Энэ бол ертөнцийн хоёр үнэн шиг явдал билээ. Хүн хүнээ хайрласаар ахул тэдгээр аялгуунууд эгшиглэсээр байна. Зулгуй үгс хэлхэх амар боловч хүний хийж бүтээснийг үнэн мөнөөр үнэлж, үнэ цэнэтэйг нь уламжлуулан үлдээх нь л ирээдүйн өмнө хүлээсэн бидний хариуцлага.
Магтаал, муучлалаас нэгэнтээ ангид болсон Ханбүргэдийн жигүүрийг цуцаах дайд үгүй. Урлаг хэмээх хүний оюун санаа, сэтгэл зүрхний хязгааргүй дайдаар тэр нисэн амьдрах болно. Одоо цаасан дээр хоосон зай үлдсэнгүй. Сэтгэл ч дүүрээд ирлээ. Яг л тийм ноёлог уулсын зүгээс зуны салхин сэвэлзэнэ.
/Зураг дээр дарж ТОМРУУЛЖ үзэр боломжтой/
Хэрлэн мөрөн мэгшин урсаж байна
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн
Юмны учир юутай хачин. Би өнөөдөр Хэнтийн “Өндөрхаан” хотын “Хан бүргэд” зочид буудлын 110 дугаарын өрөөнд доорх зүйлийг бичиж сууна. Элдвийн эрэмдэг бодлууд тархинд эргэлдэнэ. “Чингис хот” гэж шинэ нэртэй болж... “Өндөр хаан” гэдэг нэр юунд чамлагдаа юм бол? Чингис хаан чинь эртний түүхийн хамгийн өндөр хаан байсан биз дээ! Энэ хоёр нэр цаагуураа агаар нэгэн байгаа биз дээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх ину!
Бид юмны нэрийг солихын донтой шиг энэ хүмүүний орчлон “хагацахын донтой” юм даа гэж бодогдлоо.
...Хэрлэн мөрөн мэлтийн, хэнэггүй урсана. Эргийн бургас нь хаврын салхинд толгой сэгсэрч байгаа хүн шиг зөөлхөн хөдөлнө. Юунд ингээ юм бол? Уул ус “нүд чихтэй” болохоороо нэг л зүйлийг сонсч дээ! Монголын хөгжмийн урлаг хүнд хүнд олон хагацлыг үзсэн. Өнөөдөр бас нэг хагацлыг үзлээ. Шинээр ирсэн олзноосоо гарз нь олон байсан юм биш үү? Хэрлэн мөрөн ойрын хэд хоногт нулимс шиг урсаж байна. Дэнж дээрээ, дэргэдээ төрсөн сайн муу ямар ч үрийнхээ төлөө, сайн явахад нь инээж урсаж, эндэх хагацахад нь уйлж урсаж олон оныг элээгээ байлгүй. Монголын нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав бурханд одлоо. Тэр эгшгийн “Өндөр уул” байсаан!
Хэрлэн мөрний тухай олон дуу төрсөн. Хэрлэн мөрөндөө дууг нь 1940 онд сонсгосон хүн энэ хүн. Хэрлэн мөрний тухай агуу Цэндийн Дамдинсүрэн агсны шүлгэнд аялгуу зохиосон нь “шинэ” цагийн үед Хэрлэн мөрний тухай бичсэн анхных нь байж мэднэ. Хэрлэн мөрний тухай эртний сайхан дуу бий л дээ. Д.Лувсаншарав агсны төрсөн нутагт нь энэ зүйлүүдийг бичсэн минь нутагтай нь цуг харуусах хувь учир надад оногдож дээ гэж гайхах сэтгэл намайг эзэмдэн байна.
Юмны учир тохиол, шалтаг шалтгаан гэдэг юутай ойлгомжгүй. Бид хоёр олон гэхээргүй ч уран бүтээл дээр хамтарч ажилласан юмсан. “Нарны домог”, “Бөртэ чоно” ардын бүжгийн жүжиг гээд л... Хамгийн ний нуугүй ярьж суусан, “урт” эцсийн уулзалт минь “Монгол тулгатны зуун эрхэм” байж дээ! Жирийн үед бид хоёр ах дүү шиг, үеийн нөхөд шиг, жудаггүй би бээр “жин өгсч”, ярихгүй юмгүй ярьж, инээж хөөрч явсансан.
Хаврын шувуу ирж байна. Энэ хүмүүн намрын шувуу шиг нисч, амьдралаас буцлаа. Хүмүүн гэгч амьдралаас “зэллэж” буцдаггүй цуван буцдаг жамтай юм даа. Энэ хүний бүтээлд томоос-жижиг, тойрч гараагүй сэдэв гэж байдаггүй юм билээ. Бүтээл нь мөнх, бүтээсэн хүн хэврэг гэдгийн нэг гашуун жишээ энэ.
Энд би Д.Лувсаншарав агсны алдар цолыг магтсангүй. Юун гэвэл Оросын нэгэн нэрт яруу найрагчийн хэлсэн “ Үхсэн хүн алдраар яах юм” гэсэн үг сэтгэлд гүнзгий бууснаас болсон байх.
Харуусахын, магтахын үг цаанаасаа элбэг заяадаг ч гэсэн нэгэн талаар гүн их харуусал их үг хэлэх тэнхэл өгдөггүй юм билээ. Бага харуусал их уянгалаг байдаг юм биш үү! Ээж аав минь насан болоход би лав, үг эвлүүлэх нь битгий хэл хөл ч эвлэхгүй байсан даг. Энд Д.Лувсаншарав агсны тухай бичмээр юм хэчнээн их санагдавч, тарамдаад сэтгэлд бөөгнөрч өгөхгүй байна. Ямар боловч, Монголын чухаг нэгэн биднийг орхин одов.
Юутай харуусал.
2014.05.29
Хэнтийн Өндөрхаан хот.
Д.Энхцэцэг Хөгжим судлаач, доктор (Ph.D)
-Д.Лувсаншарав Монголын дууны урлагт шинэлэг өнгө төрх, хэм хэмнэл, аялгуу дуурьслыг бий болгосны дотор “Хурдан зээрд”, “Малчдын уралдаан”дуунууд нь зохиомжийн хэлбэр, хэмнэлийн хурд, дуулах арга барилын хувьд маш өвөрмөц байдаг.
“Хурдан “Охидын уянга” дууны аялгууг бичихдээ наймт, арван зургаатын хэмнэлийг уян тансаг хөдөлгөөнд оруулан, үнэхээр хорин нас хүрээгүй гэнэн цайлган охидын жавхалзсан ааш аяг, зан төрхийг харуулж, алдарт “Хэрлэн” дуугаараа нарийн шингэн хоолойгоор дуулахад сэтгэлд буумгүй хүндэтгэл төрүүлэм аялгыг шингээснээрээ усны дөлгөөн урсгал зээрд” дууны эрчимт хэмнэл нь тухайн үеийн дууны хэмнэлийн нийтлэг өнгө аясад шинэ хурдыг өгсөн хэмээн үзэж болно.
“Ариун танхил охид минь, хээнцэр нахилан бүжээрэй” гэх дахь орон зайн тэнцвэр хийгээд байгаль хүн хоёрын харьцаа, гүн ухааны бодролын шинж бүхий шинэлэг дууг монгол дууны урлагт оруулсан хэмээн үзэж болно.
Д.Лувсаншаравын зохиосон дууг цаг үетэй нь холбон судалж үзвэл дууны урлагийн хөгжил, дуунд тавигдах шаардлага, монгол хүний сэтгэлийн дуулал, оюун бодлын дотоод ертөнцийг нээн харж болно.
Н.Жанцанноров Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны доктор (Ph.D)
-Д.Лувсаншарав XX зууны Монголын дууны шинжлэх ухааны лаборатори бөгөөд дууны ая зохиогч, дууны хэлбэр бүтээгч, дууны зохиомжийг төгөлдөржүүлэгч том эрдэмтэн.
Х.Лхагвасүрэн Монгол Улсын гавъяат жүжигчин
-Мундаг хүн шүү дээ яалт ч үгүй. “Маамуу нааш ир” гэдэг дууг хэдэн жил ч дуулсан юм. Хэдэн жил ч дуулах нь мэдэгдэхгүй. Таашгүй гэдэг үг чинь тэнд явж байгаа юм биш үү тэ.
Ж.Бадраа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач
-Лувсаншарав шүлэг сонгох, дууны утга санааг хөгжмөөр илэрхийлэх асар их туршлагатай, нийтийн дууны “уран дархан” юм. Түүний “Хурдан зээрд”-ийн аялгуу хэмнэл нь “амаа олсон, авчилдсан морь давхиж буй”-г санагдуулдаг.
П.Бадарч Ардын уран зохиолч
-Олон сайхан дуурь хамт бичилцсэн хүн бол Лувсаншарав гуай. Лууяагийн 85 насны ой болоод үерхдэг улсууд нь байхгүй болчихож. Тэгээд “Чи надад хань болоод өг. Нутгаа явж, төрсөн буурин дээрээ нэг очоод ирье” гээд Хэнтий рүү хамт явлаа. Бид хоёр хоёулаа туулай жилтэй. Лууяа 1927 оны туулай, би 1939 оны туулайтай юм. Тэгээд нутагт нь очиход бүх ач, зээ нартайгаа явсан. Тэгээд хоёулаа Хэрлэнгийн хөвөөн дээр нэг өдрийн хагас суусандаа.
Г.Хайдав Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор
-Миний уран бүтээл, соёл урлагийн ертөнцөд хамт ижилссэн анд нөхөр, эрхэм дүү минь юм даа. Хааяа намайг чи, хааяа ах аа л гэдэг. Энэ хүн сонгодог урлагийн алтан үеийнхний тоонд зүй ёсоор орно. Энэ л хүмүүсийг би хүндэлж, хайрлаж явдаг. Уран бүтээл нь бага балчруудаас эхлүүлээд мэргэжлийн бидний анхаарал сонирхлыг хүртэл үргэлж татдаг. Бусдад их үлгэр дуурайл болсон, түшиг тулгууртай, ажилдаа няхуур, тэвчээр хатуужилтай, хамтарч ажиллахад сайхан хүндээ. “Эртний сайхан” чуулгад бид хамт ажиллаж явлаа. Хорвоо бөөрөнхий юм даа. Бурхны оронд амар амгалан болог хэмээн залбирч сууна.
П.Хаянхярваа Ардын жүжигчин
-Монголын орчин үеийн хөгжмийн зохиолын ололттой олон бүтээлийг Лувсаншарав гуай зохиосон. Монгол үнэртсэн бүтээл туурвидаг түүн шиг хөгжийн зохиолч ойрын хугацаанд төрөхгүй болов уу. “Хүний мөн чанар их муудаж байна даа. Хүмүүс олон тийш урваж хөрвөж, өнөөдөр нэгийг, маргааш өөрийг сайхан гэх юм. Муугийн л ёр доо. Хүн нэг зангаараа байх ёстой шүү, Хаянхярваа минь. Урлагт нэгэнт зүтгэсэн бол зах зээл гэж мөнгө рүү хошуурч, нам гэж үзэл суртал хөөж, цагийн байдлаар үзэл бодлоо өөрчилж болохгүй шүү. Уран бүтээлч бол ямар нэгэн намын биш, ард түмний өмч” гэж захисан нь санаанаас ер гардаггүй юм.
Өгүүллийг У.Бямбаням
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!